2019 оны 3 сарын 6-нд УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосон билээ.
Мөн "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч гэх "Худалдаа Хөгжлийн Банк"-ы ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, тэдний үүсгэн байгуулсан жийргэвч компани болох "Монголын зэс" корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж байгаа.
Үүнээс хойш "Монголын зэс" корпораци болон Худалдаа Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга Д.Эрдэнэбилэг нар Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хандан УИХ-ын 2017 онд батлагдсан 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн Газартай хэлцэл хийх саналаа дарааллан хүргүүлсэн билээ.
Өөрөөр хэлбэл "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авахад зарцуулсан 400 сая ам.доллараа Монгол Улсын Засгийн Газраас "Сахал" Д.Эрдэнэбилэг тэргүүтэн буцаан авна гэсэн үг.
Энэ саналыг нь Ерөнхий Сайд У.Хүрэлсүх хүлээж авахгүй байхаар хатуу шийдсэн тухай эх сурвалжууд өгүүлж байна.
Тэгвэл "Сахал" Д.Эрдэнэбилэг тэргүүтэн ч дараагийнхаа алхамыг тооцоолжээ.
"Худалдаа Хөгжлийн Банк" буюу түүний буй болгосон "тоглоомын компани" болох "Монголын Зэс" корпораци Монгол Улсын Засгийн Газрыг буруутган, Олон улсын шүүхэд хандахаар бүхий л материалаа бэлэн болгожээ.
Энэ тохиолдолд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь буцаж, "Ростех" компанид шилжих ба "Монголын зэс" 400 сая ам.доллараа "Ростех"-ээс, бусад нэмэлт зардлуудаа Монгол Улсын Засгийн Газраас авах магадлал өндөр гэнэ.
Э.Мягмар
Сэтгэгдэл