Зөгийн бал байгалийн гаралтай, зарим өвчнийг анагаах шидтэй зэргээс хамааран хүний биед муу гэж хэн ч хэлдэггүй. Харин хэдэн мянган зөгийн шаргуу хөдөлмөрөөр бүтдэг зарим оронд шингэн алт гэж нэрлэгддэг энэ зүйлийн талаар эрдэмтэд юу өгүүлдэг вэ.
Зөгийн бал нь нектар буюу сахарын агууламж өндөртэй зүйл юм. Энэ нь байгаль дээр зөвхөн цэцгийн дэлбээнээс ялгардаг бөгөөд амьтад үүнд маш ихээр татагддаг. Өөрөөр цэцгийн бал ч гэж нэрлэгддэг уг зүйлийг зөгийнүүд цуглуулж, идсэний дараагаар ферментийн идэвхжлийг бий болгож тодорхой хэмжээний усыг ууршуулснаар маш чихэрлэг, эрүүл мэндэд супер ач тустай зөгийн балыг бий болгодог аж.
Энэхүү чихэрлэг бүтцийг голдуу фруктоз болон глюкоз бүрдүүлдэг. Хамгийн гол нь байгалийн уг сахар нь хүний биеийн энерги болон шингэнийг маш хурдан нөхдөг байна. Мөн зөгийн баланд олон төрлийн витамин, эрдэс бодис, электролит нэгдэл болон амин хүчлүүд агуулагддаг. Тиймээс эрүүл мэндэд тустай шинж чанараас нь улбаалан хүн төрөлхтөн эртнээс үүнийг байгалийн сахарын журмаар ашигласаар ирсэн аж.
Эрдэмтдийн судалгаагаар зөгийн бал нь хүний гэдсэн дэх ашигтай бактерийн тэнцвэрт байдлыг бий болгох болон амьсгалын замыг сайжруулах, ханиалгыг дарахад өндөр үр дүнтэй болохыг нотолсон байна. Мөн байгалийн сахарт агуулагдах антиоксидант чанар, бактери болон үрэвслийн эсрэг үйлчилгээ нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, хоолой сөөх болон түлэгдэлтийг эмчлэхэд хамгийн сайн эртний хүнс байсаар иржээ. Тиймээс түлэгдсэн хэсэгтээ зөгийн бал түрхэх, хоолой өвдсөн үед бэгнэх, уушгины үрэвслийн үед зөгийн балаар татлага хийх зэрэг уламжлалт анагаах ухааны арга техникийг үгүйсгэх аргагүй аж.
Орчин үед хүмүүс эрүүл хооллолтыг эрхэмлэх болж өдөр тутмын сахарын хэрэгцээгээ аль болох байгалийн бүтээгдэхүүн буюу зөгийн балнаас авах гэж хичээх болсон. Гэхдээ зөгийн балыг буюу сахарыг хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судас болон чихрийн шижин өвчин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс АНУ-ын Зүрх судасны өвчлөлийн эсрэг хүрээлэн насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт дунджаар есөн цайны халбага, эмэгтэй хүн зургаан цайны халбага зөгийн бал хүнсэндээ хэрэглэх нь зохимжтой гэж зөвлөдөг аж. Мөн энэ бол зөвхөн зөгийн бал гэх ганцхан эх үүсвэрээс өөрийн сахарын хэрэгцээг хангах тооцоо болохыг анхааруулж байна. Өглөөд өөрийн гарын эрхий хурууны дайны хэмжээтэй зөгийн балыг идэх нь өдрийн турш ходоод болон хоол боловсруулах процессод эерэгээр нөлөөлдөг.
Гэвч ихэнх хүмүүс энэхүү зохимжит хэмжээнээс өдөрт 2-3 дахин ихийг хэрэглэдэг байна. Мөн дэлгүүрт худалдаалагдаж буй ихэнх зөгийн балууд хэдий бүгд байгалийн гаралтай байдаг ч нэмэлт амт оруулах зорилгоор эрдэнэ шишийн сироп болон нишингийн элсэн чихрийг нэмсэн байдаг. Хамгийн гол нь ихэнх зөгийн балны бизнес эрхлэгчид үүнийгээ цэвэр байгалийн гаралтай гэж сурталчилдаг байна. Хэрэв зөгийн балыг зохистой хадгалж чадвал огт мууддаггүй онцлогтой хүнсний бүтээгдэхүүн юм. Энэ шинж чанарыг нь ашиглан хамгийн хялбараар цэвэр байгалийн зөгийн балыг ялгаж болох аж. Учир нь удаан хадгалагдсан нэмэлт амт оруулсан бүтээгдэхүүний савлагааны доор их хэмжээний сахар тунасан байдаг гэж мэргэжлийн хүмүүс зөвлөсөн байна.
Үүний дээр дэлхий даяар нийт 300 гаруй төрлийн өөр зөгийн бал байдаг бөгөөд эдгээр нь хаана боловсорсон болон бэлтгэсэн гэдгээсээ хамаарч бараан, тунгалаг, түүхий ба шүүсэн гээд олон төрөл байдаг. Зарим нэгэн зөвлөгөөнд зөгийн балыг халуун ус юм уу цайнд хутгаж уух нь эрүүл мэндэд ашигтай байдлыг нь бууруулдаг гэсэн байдаг аж. Үнэндээ энэ нь ямар төрлийн зөгийн бал вэ гэдгээс хамаардаг байна. Ихэвчлэн шүүсэн буюу дэлгүүрүүдэд өргөнөөр худалдаалдаг шингэн хэлбэрийн зөгийн балыг халуун зүйлд хутгаж уух нь үр дүнгүй аж. Харин түүхий буюу хатуу хэлбэрийн зөгийн балыг зөвхөн халуун бүлээн шингэн зүйлд уусгаж хэрэглэдэг байна.
Эх сурвалж: Time
Сэтгэгдэл