Мэддэг ч хэрэгжүүлдэггүй мерит зарчим
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал дэлхий дахинд хурдаа авч байна. Бүхий л салбарыг хамарч буй энэхүү цахим эриний хувьсгалтай зэрэгцэн төрийг өөрчлөх дөрөв дэх хувьсгалд хүн төрөлхтөн ханцуй шамлажээ.
Дундад зуунаас хойш үндэстэн төр, либериал төр, халамжийн төр гэсэн төрийн үндсэн гурван хэлбэр бий болж, ээлж халаагаа солилцсон ч дөрөв дэх хувьсгал хэрэгтэй болсныг хаа хаанаа ярих болсон байна. Энэ үзлийн үүднээс хойд Европ, Нордикийн улс орнуудын төрийн загварыг жишээ татах болж. Гэтэл үнэн хэрэгтээ энэ загвар дотор Сингапур, Хятадын загвар ч яригддаг байна. Сингапур болон Хойд Европ, Нордикийн
орнуудын төрийн загварын гол үндэс нь meritocrace буюу мерит зарчим. Үүнийг Ерөнхий сайд асан М.Энхсайхан шигшүүрчлэл гэж орчуулжээ.
Манайхан сүүлийн жилүүдэд төрийн албаны мерит зарчим гэж ярих болсон ч үүнийгээ бүрэн дүүрэн ойлгож, өөриймшүүлж чадаагүй байгаа. Баруунд бол мерит зарчмыг зөвхөн төрд хамааруулж ойлгодоггүй гэнэ. Тухайлбал меритийн тухай мэдлэг, боловсрол, төлөвшлийг ерөнхий боловсролын сургуулиас эхэлдэг байна.
Ерөнхий боловсролын сургуульд байхдаа тодорхой шалгалт өгөөд 70-аас дээш оноо аваагүй бол тэр хүн төрийн ажилтан болох гэж зүтгэхгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг наад захын жишиг
тогтож.
Нөгөө талаас төрийн ахуйтай холбох үзэл баримтлал меритын зарчимтай холбогддог байна. Монголчууд ахуй төр гэж ярьдаг нь үүнтэй холбоотой гэдгийг Ерөнхий сайд асан М.Энхсайхан "Эрдэмтэд, сэтгүүлчдийн клуб"-т уригдан лекц уншихдаа онцолсон юм. Энэ санаагаа нотлохын тулд авсан жишээнүүд нь тун сонирхолтой. Тэрээр Европ, Нордикийн орнуудын холын жишээ биш дэргэд байгаа БНХАУ болон дэлхийд загвар болж буй Сингапурын жишээг ийн өгүүлсэн. Сингапурын Засгийн газрын гишүүд ДНБ-ий өсөлттэй уялдуулан 13 дахь сарын цалин гэж авдаг. Ахуйтайгаа холбосон урамшуулал өгөхгүй бол одоо байгаа цалинг өгөөд, загнаад суух нь буруу гэж үздэг аж. Ахуй төрөөс үүдэн төрийн албан хаагчдыг бэлтгэх асуудал чухал болжээ. Дэлхийд John F.Kennedy School of Government их алдартай. Түүнээс дутахгүй алдартай академи бол
Шанхайд байдаг China Executive Leadership Academy in Pudong буюу CELAP. Энэ академи жилд БНХАУ-ын төрийн 10 мянган албан хаагчийг давтан сургалтад хамруулдаг байна. Энд Хятадын том дарга нар бүгд суух үүрэгтэй байдаг. Би Хятадад энэ академийн том дарга нартай зориуд уулзаж, дарга нараа яаж бэлтгэдэг талаар сонирхсон юм.
“Манай Ши Жиньпин дарга сард нэг удаа академийнхантай сууж хичээл авах номтой” гэж байгаа юм. Яагаад гэсэн чинь “Мэдлэгийн эдийн засаг шүү дээ. Мэдлэгийн эдийн засаг гэдэг чинь бүгдээрээ мэд гэсэн үг биз дээ” гэсэн.
Ийм сургалт манай хуучин тогтолцоонд ч байсан. Хагас сайн өдөр бүр гэгээрлийн ажил явдаг. Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн залуухан лектор байлаа, би. Үүнийг сэргээх хэрэгтэй. Төрийн албан хаагчид нь шалгалтын дэвтэртэй. Хичээлд суугаад тэмдэглүүлээд явдаг. Тэр дүнг нь харж байж дараагийн албанд тавих эсэх нь шийдэгддэг. Энэ тогтолцоог манайд зохион байгуулж болохоор юм. Энэ лекцээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынханд уншсан. Сүүлдээ энэ академид хүн явуулахаар болж, академи нь арга зүйгээ зааж өгье гэж тохиролцоод “Танай 300 төрийн албан хаагчийг бэлтгэж өгье” гэж амласан. Гэтэл түүнийг хийх хүмүүс нь бүгд “онхолдож унаад”, энэ талаар мэдэж байгаа амьтан байхгүй болсон.
Төрийг мөнхөд байх юм шиг бодоод байдаг. Төр бол амьд амьтан гэж онцолж хэлье. Амьд амьтан учраас төрж, өсч бойжиж, бас үхэж болдог. Үхэхгүйн тулд дэлхийн өрсөлдөөнд оролцох ёстой болоод байна...
Халаагаа өгөөгүй халамжийн төр
“Сайн нөхөртэй суувал аз жаргалтай амьдарна, харин муу нөхөртэй учирвал философич болно” гэсэн үг бий. Үүнийг зөвхөн эмэгтэй хүнд зориулсан үг гэж бодохгүй байна. Мөн зөвхөн гэр бүл, хань ижлийн тухай үг ч биш байх. Жишээ нь, төртэй холбож ойлгох юм бол сайн төртэй бол иргэд нь жаргалтай, муу төртэй бол бүгд философич, үгүйдээ л улстөрч болоод дуусдаг бололтой. Монголын жишээгээр үүнийг харж болох юм. Хүн бүхэн амьдралд нь тохиолдож буй бэрхшээл, гачигдал, дутагдлаа төртэй холбож, төрөө шүүмжилдэг.
Нийгэмд болж буй саар муу бүхэнд төрийг буруутгана. Улстөржинө. Үүнийг буруутгах ч аргагүй. Халамжийн төртэй улс юм чинь.
Бид өөрсдийгөө хүнлэг, ардчилсан төртэй, зах зээлийн нийгмийг байгуулаад 30-аад жил болж байгаа гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл монголчууд 1990 онд капиталист нийгмийг сонгосон. Түүнээс өмнө 70 жил социалист төр буюу халамжийн төр байв. Гэтэл 1990 оноос хойш ч үнэн хэрэгтээ халамжийн төр хэвээрээ л байгааг олон жишээгээр хэлж болно.
Халамжийн төр гэдэг ойлголт XIX зууны сүүлчээр гарч ирсэн бөгөөд үзэл баримтлалыг нь боловсруулсан хүн нь Беатрис Уэбб гэгч англи эмэгтэй байжээ. Түүний бичсэн ном төрийн гурав дахь хэв шинжийн онолын үндэс нь болсон гэнэ. Беатрис Уэббийн бичсэний дагуу Их Британид 1906 онд хүүхдийн өдрийн хоол, 1908 онд тэтгэвэр, 1909 онд ядуурлын эсрэг төсөв, 1910 онд өвчтэй, ажилгүй хүмүүсийн даатгалыг тус тус санаачилж байжээ. Төр гэдэг баян, хоосны ялгарал биш, нийгмээ жигд авч явах ёстой гэсэн чиглэл халамжийн төр гэдэг ойлголтыг бий болгосон аж.
Манайд өнөөдөр хэрэгжиж буй хүүхдийн мөнгө, төрөл бүрийн тэтгэвэр, тэтгэмж, “Үдийн цай” хөтөлбөр зэрэг нь бүгд халамжийн төрийн арга хэрэгслүүд. 1990-ээд оноос хойш манай улс уул уурхайгаас олсон бүх ашгаа халамж болгон тараасан нь бусад улс оронд ч гарсан үзэгдэл.
Ийнхүү мөнгө тарааж халамжийн төр байгуулах явцад төр, ахуй хоёр хоорондоо зөрчилдөж эхэлдэг байна.
Хэтэрхий их мөнгө тараах нь эдийн асагт аюултай. Яг ийм байдалд орсон улс орнууд эдүгээ төрийн шинэ загвар байх ёстой гэдгийг ухамсарлаж, түүний эрэлд гарсан ажээ. Халамжийн төрийг халах оролдого хийсэн хүн бол нэрт эдийн засагч Милтон Фридман. Түүний үзэл онолыг хэрэгжүүлэгчид нь Рональд Рейган, Маргарет Тетчер нар. Тэд төрийн зардлыг багасгах, өмч хувьчлал хийх зэргээр либериалчлах бодлого явуулсан
ч бүрэн дүүрэн амжилттай болоогүй. Тиймээс Фрийдманы хагас хувьсгал гэж нэрлэх болжээ. Монголд ч 1990 оноос хойш энэ үйл явц давтагдсаар. Үүнийг төрд бүх эрх мэдлийг төвлөрүүлэх, төр бүх баялгийг мэдэлдээ авч, захиран зарцуулах, халамжийн бодлогыг гол болгох хандлага өнөөдөр эрчээ авч байгаагаас харж болно.
Монголын өнөөгийн нөхцөлд улс төрийн шинэчлэлээс илүү эдийн засгийн шинэчлэлийг анхаарах ёстой гэдгийг эдийн засагчид хэлж буй.
Үүнийг эдийн засаг нь улс төрөөс ангид, экспортын чиглэлтэй байх, ашиг хөөцөлдөх бус зах зээлийн хойноос хөөцөлдөх, технологи нутагшуулах, төр хөдөлмөр капиталын холбоо бий болгох гэж томъёолж ч болох аж.
Япон, Малайз, Солонгос, Сингапур зэрэг Азийн бар улсуудад элит агентлаг байдаг. Энэхүү элит агентлагтаа бусдаас илүү ач холбогдол өгдөг байна. Малайзын Ерөнхий сайдын дэргэдэх ийм агентлагт нь дор хаяж докторын зэрэгтэй хүн ажиллах бөгөөд төрийн албан хаагчдыг тэнд хоёр жил ажиллуулаад буцааж тухайн салбарт нь тавьдаг. Энэ бол жинхэнэ мерит зарчим юм. Мөн БНХАУ Хөгжил шинэтгэлийн хороотой. Тус хорооноос шийд гарсан л бол хууль мэт хэрэгжүүлдэг байна. Төрийг өөрчлөх дөрөв дэх хувьсгалын тухай эхэнд дурдсан. Энэ хувьсгалын үр дүнд хөгжлийн төр бий болох ёстой. Хөгжлийн төрийг байгуулахад мерит зарчим, хөгжлийн цогц бодлого чухал ажээ. Одоохондоо Монголд байхгүй зүйл гэвэл энэ хоёрыг нэрлэнэ.
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN
Сэтгэгдэл