Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн таван метр өндөр хөшөөг байршууллаа


Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн таван метр өндөр хөшөөг байршууллаа

 

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, их эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ. Хөшөөг Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт, барималч А.Очирболд таван метрийн өндөртэйгөөр урлажээ. Ц.Дамдинсүрэн агсны хөшөөний нээлтийн арга хэмжээг өнөөдөр /2019.05.09/ морин цагт эхлүүлэв.

XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч, эрдэмтэн Ц.Дамдинсүрэн агсан нь 1908 оны есдүгээр сарын 14-нд Дорнод аймгийн Матад суманд төрсөн билээ. Тэрээр Монголын шинэ бичгийг зохиох ажилд идэвхийлэн оролцож, орос үсэг дээр суурилсан цагаан толгой үсгийн дүрэм зохиосон нь эдүгээ хүртэл хэрэглэгдсээр байна.

Түүний туурвисан “Буурал ээж минь”, “Зугаацахаар морьсон нь…”, “Цэцэн хурга”, “Гологдсон хүүхэн”, “Хоёр цагаан юм” гэх мэт алдарт бүтээл одоо болтол үе дамжин цээжлэгдсээр буй. Их эрдэмтэн 1986 оны зургадугаар сарын 5-нд таалал төгссөн юм.

 

С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.