Монгол улсад инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчин сайжирч байгааг онцоллоо


Монгол улсад инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчин сайжирч байгааг онцоллоо

 

Монголын инновацийн 7 хоногийн хүрээнд “Хамтын инноваци-2019” хэлэлцүүлэг тавдугаар сарын 7 нд амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгийг БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь инновацийн лобби бүлгийн дарга Н.Учрал нар нээж үг хэллээ. Хэлэлцүүлэг үндсэн 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт “Монголын инновацийн оролцогч талуудын өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд үндсэн илтгэлийг БСШУСЯ-ны инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл тавьж хэлэлцүүллээ. Хоёрдугаар хэсэгт “Инновацийг хөгжүүлэхэд хамтын оффис, инкубатор төвүүдийн үзүүлэх нөлөө, ач холбогдол, боломж” сэдвийн хүрээнд илтгэл, панел хэлэлцүүлэг, багийн хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Монгол улсад инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчин  сайжирч байна. Тухайлбал инновацийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, инновацийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль, улсын бүртгэлийн тухай хууль, татварын багц хуулиуд нь инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн зүйл заалтуудтай болсныг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.

Инновацийн эко системийг хөгжин бий болоход салбар хариуцсан мэргэжлийн яам, агентлаг, холбогдон ажилладаг газрууд, Их дээд сургууль, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны байгууллагууд, салбарын мэргэжлийн төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний хүрээлэн, инкубатор төв, хамтын оффисууд, гарааны бизнес эрхлэгчид, бизнесийн төлөөлөл гээд жигд оролцоотой байгааг мөн тэмдэглэлээ.  

Хэлэлцүүлэг нь болж бүтэхгүй байгаа зүйлийг ярих биш байгаа боломж, өгөгдөл дээрээ тулгуурлан цааш хөгжих зураглал, шийдлийг хэлэлцэж гаргасан шинэ санал санаачлагуудыг хүлээн зөвшөөрч хамтран ажиллах боломжийг нээхэд чиглэснээрээ ач холбогдолтой боллоо хэмээн оролцогчид дүгнэлээ.

Хэлэлцүүлгийг БСШУСЯам, Монголын Хамтын Оффисуудын холбоо ТББ хамтран зохион байгуулсан бөгөөд  уламжлалт хурал семинарын хэлбэрээр бус, оролцогч талуудын төлөөллийг жигд хувиарлаж, дугуй ширээний хэлбэрээр хэсэг тус бүрт даалгавар өгөн ажилласан юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.