Сүүлийн үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг унагаахаар өдөр алгасахгүй жагсаал цуглаан хийдэг болов. Өөрөөр хэлбэл, албан тушаалаас нь авч хаях хүчтэй ажиллагаа явагдаж байгаа ч сайдын суудал нэг их ганхаж гавиагүй байна.
Олон хэрэгт салбарын сайд нь буруудаж, огцруулах талаар олонтаа дуугарсан ч амжилт олоогүй. Үндсэндээ улстөрийн тавилттай ээлжит жүжгийн гол байнууд нэг нь Ц.Нямдорж сайд болчихоод байгаа юм.
Гэвч сүүлийн үед сайд Ц.Нямдоржийн хувьд хүү Н.Анхбаярыгаа Элчин сайдаар томилуулахаар улайрч буй гэх.
Харин жагсагчид энэ томилгоог эсэргүүцэн Австралийн Элчин сайдад хүртэл өргөх бичиг хүргүүлсэн байгаа ажээ. Түүнчлэн Ц.Нямдорж сайдыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, ашиг сонирхол, ёс зүйн зөрчилд автсан хэмээн үзэж, төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн оронд улс төрийн шоу хийсээр ирснийг шүүмжилж байгаа.
Мөн хөөн хэлэлцэх хугацааг хуулиар өөрчилсөн нь цагаан захтнуудад хэргээс мултрах боломж олгож байгаад салбарын сайдыг буруутган огцрохыг шаардсан жагсаал өнөөдөр хүртэл үргэлжилнэ.
Хүүхэд уйлахаараа, хөгшид үхэхээрээ айлгадаг гэдэг шиг Ц.Нямдорж сайд байсхийгээд Засгаас гарна гэж айлгадаг нэгэн.
Тэрбээр хүүг минь Австрид элчингээр томилохгүй бол Засгийн газраас гарч, сайдын суудлаа өгнө хэмээн айлгаж туньсан сурагтай.
“Эрдэнэт” үйлдвэрт хэдэн тэрбумын шахаа хийсэн гэх дуулианд нэр нь холбогдож байсан хүүгээ ийнхүү элчин болгохоор улайрч байгаа эцэгт буруу байгаа билүү.
Эрхэм сайд хүүгээ өндөр хөгжилтэй оронд элчингээр томилохын тулд төрийн сайдынхаа суудлаар шантааж хийж эхлэх нь зөв үү. Өмнөх байр суурийг нь ойлгож хүлээж авсан хүмүүсийн хувьд энэ мэдээнд яавч таатай хандахгүй.
Хүүгээ өндөр албанд томилохын тулд Засгийн газар тогтвортой байх эсэх асуудлаар наадаж болмооргүй санагдах юм.
Хэрвээ шантааж хийж байгаа бол хэлмэгдсэн хоёр хүнийг суллаж чадах уу гэдгийг салбарын сайдаас асуух хэрэгтэй.
Гэхдээ нөгөө талдаа ая дангийг харж улс төрийн тохиролцоо хийж, хүүхдийг нь элчингээр явуулж, С.Зоригийн хэрэгт хэлмэгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг суллах тохироо ч бүрдүүлж байж магадгүй.
Н.Анхбаярыг элчингээр яригдаж эхлэх үед Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Тэр хүн манай яамны Тамгын газрын дарга. Одоо Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаа. Сан-Францискод ч Консул байсан. Элчингээр явах цаг нь бол болсон хүн. Гэхдээ одоогоор ямар ч хүний тухай асуудал яригдаагүй” гэсэн.
Чадалтай, мэдлэгтэй, мэргэжилтэй бол хэний ч хүүхэд Элчингээр томилогдож явж болно. Гэтэл хүүгээ элчин болгохоор улайрч байгаа Ц.Нямдорж сайд сайдын суудлаараа шантааж хийж, Засгийн газраа барьцаа болгоно гэдэг байж боломгүй асуудал юм. Сайдын шантаажаар бол хүүг нь элчингээр явуулахгүй бол засаг төр үймэх юм байх .
УИХ энэ долоо хоногт Ц.Нямдоржийн хүүг элчингээр томилогдох эсэхийг шийднэ. Засгаа унагахгүйн тулд сайдын хүүг элчингээр явуулж л таарах байх. Харин энэ асуудлын оронд нь хэлмэгдсэн хоёр хүнийг суллавал хэчнээн хүн баярлах болдоо.
О.Гэрэл
Оллоо.mn
Сэтгэгдэл