МАХН-аас засагт байгаа Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон нарыг "хөөж" гарган АН өөрийн хүмүүсээ томилох бололтой


         

Эвслийн бүлэг тарах нөхцөл байдал өчигдөр бүрдсэн. МАХН-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гарахаа албан ёсоор зарласнаар эвсэл тарах нь тодорхой болов. Тэд намаасаа гарч МАН-д элсэхээр болсон учир ийнхүү олонд зарлалаа.

Ингэснээр эвслийн бүлгийн гишүүдийн тоо зургаа болж байгаа юм. УИХ-ын тухай хуульд нам, эвслийн гишүүдийн тоо найм буюу түүнээс дээш тохиолдолд бүлэг байгуулах эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс эвслийн бүлэг ойрын өдрүүдэд задрах учиртай.

Хэрвээ Шударга ёс эвсэл задарвал Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд мөн адил өөрчлөлт орох юм. Эх сурвалжууд ч энэ талаар мэдээлж байна. Тодруулбал, МАХН-ын сайдууд болох Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гаргахаар АН-ынхан тохирсон байна. Өөрөөр хэлбэл АН-ынхан хамтарч ажиллахаа мэдэгдээд байгаа МҮАН-ыг, ИЗНН-тай хамт авч үлдсэнээр 39-өөс дээш гишүүнтэй болж байгаа юм. Тиймээс эдгээр намуудтай үргэлжүүлэн засгаа бүрдүүлээд явах бөгөөд шинэ сайд нарыг АН дотроосоо томилохоор зэхсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.

Хоёрхон сар хүрэхгүй хугацааны дараа бүрэн эрх нь дуусах байсан ч олонхоороо шийдвэр гаргаж чаддаггүй, дотоод асуудлаа зохицуулж чадаагүй МАХН-ыг ийнхүү засгаас гаргах мастер төлөвлөгөө бэлэн болжээ.

Тиймээс бүлэггүй болсон МАХН-ын сайд нар засгаас "хөөгдөж", АН-ын "хаяаг" түшсэн МҮАН, ИЗНН тэргүүтнүүд энэ дөрвөн жилийн хамгийн сүүлийн ээлжнийхэн болох бололтой.

Г.Лхагваа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.