Монгол төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж байсан олон эрхэм өнөөдөр АТГ-т шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжиж байна. Тэдний холбогдсон авлига, албан тушаалын хэргийн ард улс орны эрх ашгийг хохироож, өөртөө болоод хамаарал бүхий этгээддээ хэдэн арван сая ам.доллар завших боломж олгосон, завшсан асуудлууд яригддаг юм. Тэгвэл манай төрийн өндөр дээд албан тушаалтнуудын авлигын хэрэг Монголоос хальж, дэлхийг дэлдийлгээд эхэлсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын авлигын талаарх мэдээлэл НҮБ-ын “чих”-эд хүрчээ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гадаадаас оруулж ирсэн “улс төрийн мөнгө” гэх хэдэн сая ам.доллар, Ерөнхий сайд асан С.Баярын гаднын томоохон компаниас шан болгож авсан гэх хэдэн арван сая ам.долларын тухай мэдээлэл НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх газрын Авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 4-5 жилийн өмнө очсон байна.
Өнөөг хүртэл маш нууцлагдаж ирсэн энэ явдал удахгүй олон нийтэд ил болж, томоохон дуулиан шуугиан дэлхийгээр нэг дэгдэх бололтой дог.
НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх газрын Авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр нарын мэдээллийг хүлээн авч, судалгаа шинжилгээ хийж суугаа нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хүрээнд явагдаж байгаа ажээ.
Монгол Улс энэ Конвенцид 2005 онд нэгдсэн. Оролцогч улсын хувьд Конвенцийн “дүрэм”-ийн дагуу хэрэгжилтийнх нь талаар байнга тайлан мэдээлэл өгч ирсэн байдаг.
Мөн НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэнээс жилийн дараа буюу 2006 оны Авлигын эсрэг хуулийн дагуу авлигын эсрэг гол байгууллага болох АТГ-ыг байгуулж, 2002 онд шинэчлэгдэн батлагдаж, 2008 онд нэмэлт, өөрчлөлт орсон Монгол Улсын Эрүүгийн хуулийн “Албан тушаалын гэмт хэрэг” гэсэн бүлэгт АТГ-ын мөрдөгчдийн шалгах хэргүүдийг оруулж өгсөн. Энэ нь албан тушаалтнуудын хүнд суртал, хээл хахуулийн багана ганхахад зохих үүрэг гүйцэтгэсэн гэж манай эрх баригчид хэлдэг юм.
Ер нь бол НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид зааснаар оролцогч улс бүр авлигын эсрэг тэмцлийнхээ талаар бусад оролцогч улс орнууд болоод НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд шууд харилцах, НҮБ ч анхаарлаа хандуулдаг юм байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл