Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Улсын онцгой комиссийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлжээ. Түүнийг нь хэвлэлүүд "үүрэг даалгавар өглөө” гэсэн тайлбартайгаар нийтэлснийг уншигчид олж үзсэн байх. Өөрөө ч "үүрэгдэж байна” гээд шүлсээ үсчүүлээд, ширээ шаагаад байхаар тэгж бичих нь аргагүй.
Тэр энэ хурал дээр "Засгийн газар хоёрхон зорилт тавьсны нэг нь нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоох, хоёрт нь улсын эдийн засгийн уналтыг зогсоож сэргэлтийг хангах юм” гэжээ. Хоёрхон зүйл шүү дээ... Нэгдүгээрт төрийн албаны сахилга, хариуцлагыг чангатгах (бүх шатанд), хоёрдугаарт эдийн засгийг сэргээх. Ийм л хоёр зорилтын энэ Засгийн газар өмнөө тавьсан байжээ.
Харин өнөөдөр огт өөр зүйл өрнөж байна. Төрийн албаны сахиулга хариуцлагыг сайжруулах гэхээсээ аж ахуй нэгжүүдээ боомилж унагах, хөрөнгө оруулагчдыг хөөж туух тухай л ярьж байна. Замбараагүй болсон уул уурхайгаа эргүүлж хумихын тулд цэрэг, армиа хөдөлгөнө гэв. Өнгөрөгч долоо хоногт Тост, Тосон бумбад үйл ажиллагаа явуулж байсан "Сауд Гоби коэл транс” ХХК-ийн зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоосон явдал нь түүнд тэр хэмжээний хүч, зориг өгсөн бололтой.
Лицензээ хураалгасан "Сауд Гоби коэл транс”-ийн гүйцэтгэх захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Тост, Тосон бумбад манайхаас гадна 8-9 компани уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа. "Чинхуа Мак”, "SGS", "Өсөх зоос”, "Жавхлант орд", "Хайрхан толгой”, "АГМ майнинг” гээд бүгд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд. Манайх бол тэнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний хоёрхон компанийн нэг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд явуулсан бүх гүтгэлэг, доромжлол, худал мэдээлэл зөвхөн манай компанийг л ониллоо. 400-гаад ажилчин ажлын байргүй боллоо. Бид төсөөлөхийн аргагүй хүнд байдалд байна” хэмээн ярьжээ. Ажилгүй болно гэдэг зөвхөн ажилгүй болно гэсэн үг биш. Идэх хоолгүй, өмсөх хувцасгүй, үр хүүхэд нь хоногийн хоолгүй хоцорно гэсэн үг. Тэгэхээр нөгөө Ерөнхий сайдын хэлээд байгаа "эдийн засгийн сэргэлтийн бодлого” маань энэ үү? Ам, ажил хоёр нь алд дэлмээр зөрөөд байна бус уу.
Өнгөрсөн өвөл биз дээ, Салхитын мөнгөний ордын лицензийг хураахын тулд УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн биеэр тагнуул, цагдаагийн тусгай алба, дотоодын цэргийг дайчлан очиж, хэдэн бор хамгаалагчдыг нь газар хэвтүүлж байгаа харагдсан. Адилхан монгол залуус нэг нь нэгийгээ бууныхаа овоо хараанд тааруулсан өдөр байлаа. Ашигт малтмалын лицензийг айлын авдарнаас хураадаг гэж сонсоогүй л байлтай. Энэ одоо тэгээд УИХ-ын даргын хийдэг ажил мөн үү? Зүгээр л Ерөнхий сайд нь Засгийн газрын хуралдаанаар оруулаад тусгай зөвшөөрлийг нь цуцалчих юман дээр УИХ-ын дарга нь ингэж сүр бадруулж, байлдаантай кинонд тоглох хэрэг байсан уу?
Хэрвээ Ерөнхий сайд уул уурхайн бүх лицензүүдээ цуцлаад, хилээ хаагаад, малаа маллаад амьдарья гэж байгаа бол нэг хэрэг. Тэглээ ч түүнийгээ ядаж л хуулийн дагуу хийх ёстой болно. Байгаль орчин бохирдуулаад байгаа компаниудаа нэг бүрчлэн нэрлээд, байгаль орчны байцаагч, мэргэжлийн хяналтынхан нь дүгнэлтээ гаргаж ирээд хууль журмынх нь дагуу хураах хэрэгтэй биз дээ.
Тэгэхгүй бол хамгийн түрүүнд Засгийн газар буруудна, үр дагавар нь нөгөө муу татвар төлөгчдийн нуруун дээр ирнэ. У.Хүрэлсүх гэдэг хүнд хууль хамаагүй байлаа ч өрөөл бусдад нь бол хамаатай л даа. Өнгөрсөн хугацаанд Монголын Засгийн газар гадаадын хэдэн компанийг хөөж гаргав, хэдэн төгрөгийн нөхөн олговор төлөв.
Үүнийхээ оронд ажлаа хийхгүй байгаа, авилга, хээл хахуульд автаад, албан тушаалаа урвуулаад байгаа төрийн албаныхнаа, Ашигт малтмалынхан, мэргэжлийн хяналтынхныхаа "толгойтой үс" яриад эхэлбэл асуудал шал өөр болно. Тэгэхгүй нийтээр нь баахан гоочилж байгаад, нэг нэгээр нь сорчлоод түүгээд эхлэхээр нэг бүлэглэл нь нөгөөгөө дээрэмдэж байгаа "томчуудын зодоон" л харагдаж байна.
Б.Сэмүүн
Эх сурвалж: inews.mn
Сэтгэгдэл