Ийм заалт '57-гийн босго'-ыг давбал ардчилсан сонгууль баяртай!


УИХ-ын гишүүдийн тоо 99. Бүрэн эрхийн хугацаа таван жил. Улс төрөөс бүсээ тасартал таргалсан, таргалах  мөрөөдөлтэй улстөрч голдуу цөөн хэсэгт энэ заалт таалагдана. Сайхан сонсогдоно.  Тэдэнтэй харьцуулахад гэдсээ тасартлаа ядуурсан нийгмийн олонхид ийм өөрчлөлт таалагдахгүй. Тэд бухимдана. Яагаад гэвэл, ядуу, ядруу амьдарч байгаад 76-г буруутай гэж үздэг хүмүүс олон. Энэ нь ойлголтын зөрүү.  Гэвч нийгэмд ийм ойлголт газар авахад үе, үеийн 76 хийгээд тэдний үг, үйлдэл хамгийн их хувь нэмэр оруулсан. Ард түмнээ соён гэгээрүүлэхэд манлайлах, үлгэрлэх үүрэгтэй улстөрчдөөс цөөнгүй нь өөрөө соёлтой хулгайч болсонд нийгмээрээ бухимддаг. Сонгогдохдоо “Жаргаагаад өгнө” гэж амлан жорлонгийн нүхийг нь малтаж өгөх шахан байж санал гуйчихаад, сонгогдсон хойноо өөртөө ЖДҮ хусаад явчихаар бухимдахаас ч аргагүй. Том хулгай цагдаагийн нүдэн дээр бус, цаасан дээр болдог гэдэг нь энэ юм. Ийм хулгайг УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх, төрийн хамгаалалт дор хийнэ гэдэг үнэхээр таатай орчин болой.    

Уг нь УИХ-ын гишүүдийг 99,  хугацааг таван жил болгохын мөн чанар, зорилго өөр.  Ач холбогдол нь арай том. Гэвч нийгмийн цөөнгүй хэсэг “УИХ-ын гишүүдийг бүгдээрээ адилхан хулгайч” гэж харж, бас бухимдаж буйг цахим орчноос харж, мэдрэхэд төвөггүй. Ийм амьсгал дунд “хулгайчдын тоог нэмэх, хулгай хийх боломжит хугацаа”-г нэг жилээр сунгаж өөрчлөх нь эрх баригч МАН-ын хувьд 2020 оны сонгуулийн амжилтад нь сөргөөр нөлөөлөх улс төрийн эрсдэл юм! Үүнийг тооцсон ч, айхгүйгээр “том зураг”-аа харж, улс төрийн эр зориг гаргаж чадвал, чадаж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ бодит байдал дээр тиймгүй, УИХ-ын гишүүдийн олонхи нь нийгмээ бодоогүй дээ.

Эрх ашгийн эрэмбэ. Улс төрийн орчинд үнэ цэнэгүй болсон энэ ойлголт Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ямар дарааллаар эрэмбэлэгдэж байна вэ.  Хардаж үзье.

-Нэгд, яаж би ахин сонгогдох вэ.

-Хоёрт, яавал манай нам ялах вэ

-Гуравт, яаж өөрчилбөл нэг, хоёр /өөрөө сонгогдож, бас нам нь ялах/-ыг хослуулах вэ

-Дөрөвт, жижиг намуудыг, зарим хүнийг, тухайлбал, Н.Энхбаярыг яаж УИХ-ын гадна үлдээх вэ

-Тавд, улс орон, нийгмийн эрх ашиг байгаа гэж найдъя. Олон гишүүн ийм дарааллаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд хандаж байгаа гэж хардахад хол зөрөхгүй дээ. Үүний нэгэн баталгаа нь одоогийн жижиг 76 тойргийг хуучнаар  нь хадгалж, нэмж 23 гишүүнийг пропорциональ хувилбараар сонгохыг дэмжсэнээс харагдана. Ерөнхийлөгчийн санал болгосон 108 гишүүн хэтэрхий олон учир цөөлж 99 болгосон юм ерөөсөө байхгүй. УИХ 108 гишүүнтэй болох, тэдний 54-ийг процпорциональ хувилбараар сонгох Ерөнхийлөгчийн саналыг дэмжвэл одоогийн 75 гишүүнээс 21 нь, МАН-ын бүлгийн 64-өөс 10 нь тойроггүй хоцроход хүрнэ. Уг нь өмчилж өгөөгүй л дээ. Гэтэл УИХ-ын гишүүн бүр л  сонгогдсон тойргоо өмчилдөг. Тэр тусмаа дөрвөн жилийн турш улсын төсвөөс “усалсан” тойргоо алдахыг УИХ-ын 10 гишүүн тэвчихгүй. Тэд тэсэрнэ. Тэсэрсэн учраас МАН-ын бүлэг таван өдөр дараалан хуралдсаны эцэст  99 гишүүнтэй болох, тэдний 76-г тойргоос  мажоритараар, 23-ыг жагсаалтаар сонгох хувилбар дээр тогтсон хэрэг.

Одоо Үндсэн хуульд нэмэлтээр болон өөрчилж оруулж байгаа заалт бүрээр санал хураана. Заалт болгон хамгийн багадаа 57 гишүүний дэмжлэгийг авч байж цааш явах ёстой. Эс чадвал унана. Чуулган хамгийн цөөндөө 57 гишүүн ирж байж хуралдах ирц хүрнэ. Энэ бол хүнд нөхцөл. Нэмээд 99 гишүүн, таван жилийн хугацаа, мөн УИХ-ын гишүүн “давхар дээл”-тэй байхыг дэмжиж санал өгснийхөө төлөө тухайн гишүүн нийгмийн зарим хэсэгт, тойрогтоо улс төрийн оноо алдах магадлалтай тул тэгж болгоомжилсон нь зугтах, цагаа олж “өвдөх”-ийг  ч үгүйсгэхгүй.  Ирцээ бүрдүүлэх, тэгээд зөвшилцлийн саналуудаа унагахгүйгээр авч гарахын тулд УИХ их л хэцүүг үзнэ дээ. 

Үндсэн хуулийг өөрчлөхөөр явж байгаа процессыг эсэргүүцэх, гутаах зорилго надад байхгүй. Чамд л таалагдвал худал ч хамаагүй үнэн болдог, өөрөөсөө дээшхийг доош хийж л чадвал “шударга”-ын шалгуур давдаг энэ цагийн үзэгдлийг сөрөх сонирхол бүр байхгүй.  Хамгийн гол нь 99 гишүүн ба таван жилийг гаргаж ирж байгаа үндэслэл, хандлага, эрэмбийн дараалал нь буруу, тэдгээр өөрчлөлтийг хүлээж авах Төрийн ордны гаднахь орчин тийм сайнгүйг л сануулав. Хэрвээ энд хардсанаар, урвуу дараалалтай эрэмбэ бүхий Үндсэн хуулийн өөрчлөлт нь нийт монголчуудын эрх ашгийг хангах, хүсэл сонирхлыг илэрхийлэх нийгмийн гэрээ болж чадах уу? Монголчуудын “эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэдэг нь сайн үйлийг буруу арга, буруу зорилго дор хийж болохгүйг сануулж сургасан философи юм болов уу.

Харин хоёрдугаар хэлэлцүүлэг дээр заавал унагаах, “57-гийн босго”-ыг давуулж болохгүй сөрөг заалт төсөлд бас бий. Тэдгээрийн нэг нь  “Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах саналтай дараагийн Ерөнхий сайдын нэрийг хамт өргөн барих” тухай юм. Хэрвээ Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын олонхи  дэмжвэл нэрийг нь  хамт өргөн барьсан нөхрийг Ерөнхий сайдаар томилогдсонд тооцох юм байна. Энэ нь Засгийн газрын тогтвортой байдлыг хадгалах л гэсэн санаа бололтой. Уг заалтыг энэ чигээр нь  Үндсэн хуульд оруулбал парламентын засаглал, ардчилал, бас ардчилсан сонгууль баяртай!

Яагаад гэвэл Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрх бол гагцхүү УИХ-ын сонгуульд ялсан, эсвэл хамгийн олон суудал авсан намд олгогдсон онцгой эрх. Ерөнхий сайдад УИХ биш, сонгуульд ялсан нам нэр дэвшүүлдэг. Сонгуульд ялсан нам Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь сонгууль явуулахын мөн чанар. Угтаа Ерөнхий сайдыг, Засгийн газрыг солихын тулд дөрвөн жил тутам сонгууль хийдэг. Ийм зорилго бүхий чөлөөт сонгууль нь парламентын ардчиллын илэрхийлэл болдог. Одоо хэрвээ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхийг УИХ-ын хэсэг гишүүн  эдлээд эхэлбэл сонгууль хийх, сонгуульд ялж олонхи болох гэхийн  хэрэг, зорилго юу байх вэ?   Засгийн газрыг огцруулах саналыг голдуу сөрөг хүчин гаргадаг. Энэ нь парламентын засаглал бүхий улс оронд байдаг түгээмэл жишиг. Үүнтэй утга адил, парламентын сөрөг хүчин нь ялсан намынхаа дотоод хэрэгт оролцдоггүй нь мөн л улс төрд тогтсон соёл. Сөрөг хүчин Засгийн газрыг огцруулах санал гаргах эрхтэй ч, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, тодорхой хүн захиалах эрхгүй. Хэрвээ парламентын засаглалын сонгодог хэлбэрт ойртох өөрчлөлт хийх гэж байгаа л бол олон улсын  жишгээ дагана, харин улс төрд тогтсон соёлыг давж гишгэх эрхгүй. Энэ заалтыг санаачилж, зүтгүүлж, бас дэмжиж буй, эрх мэдэл хуваарилах онолын бараг ойлголтгүй тэр эрхэм гишүүнд Үндсэн хуулийн сэдэв үнэхээр хурцдаж байна л гэе дээ.

Яах вэ, зарим гишүүний тайлбараар, Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын гишүүд гаргасан тохиолдолд эрх баригч нам дараагийн Ерөнхий сайдаа тодруулж, нэр өгөх үүргийг Үндсэн хуулиар хүлээлгэж болох юм. Гэвч амьдрал аливаа хууль, бүр Үндсэн хуулиас ч баян. Сонгуульд ялсан намынхан дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг Засгийн газрыг огцруулах санал гаргасан УИХ-ын гишүүдэд өгөхгүй бол яах вэ. Гишүүд Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-д өргөн барих боломжгүй болох уу? Нам гэдэг нэг хүн биш, мэдээж намын эрх бүхий байгууллагын шийдвэр байж таарна. Ерөнхий сайд голдуу намын дарга байдаг. Гэтэл огцорч байгаа Ерөнхий сайд нь намын даргынхаа хувьд намын эрх бүхий байгууллагыг хуралдуулахгүй, хурал зарлахгүй бол яах вэ. Хуралдлаа гэхэд тэндээс нь “Засгийн газрыг огцруулах шаардлагагүй” гэсэн улс төрийн шийдвэр гаргавал яах вэ. Хамт өргөн барих дараагийн Ерөнхий сайдын нэргүй учир УИХ-ын гишүүд саналыг хэлэлцэх боломжгүй болох уу?

Дараагийн Ерөнхий сайдын нэрийг хамт өргөн барина гэдэг бол эрх баригч намыг сульдаах улс төр л болно. Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах санал гаргахдаа дараагийн Ерөнхий сайдыг нэрийг хамт өргөн барих ямарч боломжгүй. Засгийн газрыг огцруулах санал гаргах нь санал болохоос УИХ-ын  эцсийн шийдвэр биш. Ийм үед, хэдийгээр “Засгийн газар огцорвол гэх болзол” дор ч гэлээ дээ, намын төвшинд “дараагийн Богд”-ыг тодруулах нь албан болон албан бус хоёр Ерөнхий сайдын дунд жинхэнэ зөрчил үүсэх талтай. Нэг улсад, нэг нам дотор албан ёсны хоёр Ерөнхий сайд байх боломжгүй. Сөрөг хүчнийхээ тоглоом л болно. Уншихад, одоогийн АН-ынхан 1996-2000 онд засаглаж байхдаа бүрэн эрхийн хугацааныхаа дунд үеэс өөрсдөө буюу нам нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхээ бүрэн эдэлж чадахгүй хүртлээ сульджээ. Энэ нь тухайн үеийн МАН-ынхан, мөн тухайн үеийн Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайдад нэр захиалж, түүнийгээ дэмжиж байсантай холбоотой гэдэг юм билээ.

Г.Отгонбаяр

Эх сурвалж: itoim.mn

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.