Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 9 дүгээр сарын 1-нд Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллеж, Монгол Улсын Консерватори, БХИС-ын дэргэдэх Тэмүжин өрлөг сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд тус тус оролцож, үг хэлэв.
Монгол Улсын Засгийн газраас МСҮТ-үүдийн үйл ажиллагааг дэмжиж, мэргэжилтэй ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллаж буй. Төрийн бодлогын дэмжлэг байгаан дээр сүүлийн жилүүдэд иргэдийн хандлага өөрчлөгдсөн нь МСҮТ-үүдийн элсэлтийг нэмэгдүүлсэн аж.
Үйлдвэрлэл урлалын Политехникийн коллеж нь МСҮТ-ийн ууган сургуулиудын нэг бөгөөд 94 %-ийн элсэлт, дүүргэлттэй төдийгүй төгсөгчид нь 100% ажлын байраар хангагддаг гэв. Улс орны хөгжлийн бүтээн байгуулалтыг хошуучлан гүйцэтгэгчид нь мэргэжилтэй ажиллах хүчин байх болно. Бид хүнээ хөгжүүлж, мэргэшүүлж байж тэднийхээ хүчинд хөгжих болно гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн юм.
Тэрбээр "Мэргэжилтэй ажилтан бэлтгэх бодлого, зорилтыг жинхэнэ үйлдвэрлэл дээр нь хэрэгжүүлэх ажлыг гардан удирдаж байгаа Та бүхний 2019-2020 оны шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна.
Аливаа улсын хөгжлийг аж үйлдвэргүйгээр, инженерчлэлгүйгээр, чадварлаг технологийн ажилчидгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Монгол улс дэлхийн хөгжлийн өрсөлдөөн дунд өөрийн байр суурийг эзлэхийн тулд технологийн салбарын ажилчин, ажилтнуудынхаа, өөрөөр хэлбэл Та бүхний боловсрол, ур чадварт онцгой анхаарал хандуулж, Монгол Улсын “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар тодорхой зорилтууд дэвшүүлснийг Та бүхэн мэдэж байгаа.
Монгол Улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрч явах өндөр хариуцлага та бүхэнд оногдож байна. Миний бие энэ хичээлийн шинэ жилийн баяраар мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг зориуд сонгон танай сургууль дээр ирлээ.
2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 83 сургалтын байгууллага (Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж)-д 37,039 суралцагч суралцаж, 4,624 багш, ажилтан ажиллаж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтынсалбарыг Засгийн газраас анхаарч доорх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ.
ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно” гэсэн зорилтыг хэрэгжүүлэхээр Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн Засгийн газрын тогтоол гаргаж, МСҮТ, Политехник коллежийн захирал, багш болон ажиллагчдын цалин хөлсийг 1 шатлалаар нэмэгдүүлсэн.
“Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш, албан хаагчдад улирлын ажлын мөнгөн урамшуулал олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, улирлын ажлын үр дүнг үндэслэн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн багш, албан хаагчид цалингийн 5 хүртлэх хувийн урамшуулал авч байсныг 10 хувь болгон нэмэгдүүллээ.
Ингэснээр мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл шинэчлэгдэн багш, ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойгоор үнэлж, ижил хөдөлмөрт адил цалин хөлс олгох зарчмыг баримталсан ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоог бүрдүүлээд байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох журмыг ЗГ-ын 12 дугаар тогтоолоор баталж, нас харгалзахгүй олгож байна. Цаашид 100 мянган төгрөгийн тэтгэлэгийг 200 мянга болгон нэмэгдүүлнэ.
Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарыг бэлтгэх, давтан сургах, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор техник тоног төхөөрөмжөөр хангах ажлыг төсөвт суулгахад анхаарч ажиллаж байна. Одоогоор “багшийг компьютержүүлэх” арга хэмжээг авч нийт 2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн багш нарыг компьютержүүлсэнбайна.
Монгол Улс 2014 онд Дэлхийн ур чадварын тэмцээний Олон Улсын байгууллагад 69 дэх гишүүнээр элсэн орж, 2015, 2017 онуудад амжилттай оролцон дөнгөж сая 2019 онд Оросын Холбооны Улсын Казань хотноо болсон тэмцээнд 8 мэргэжлээр оролцон гагнуурын төрлөөр оролцсон оролцогч “Үндэсний ялагч” болсон нь үнэхээр бахархалтай байна.
Энэхүү тэмцээн нь Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, багш, суралцагчдын дунд туршлага солилцох, хөгжих боломж олгох, аж үйлдвэрийн салбар ажил олгогч, мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагааг өргөжүүлэх Олон улсад Монгол Улсын мэргэжилтэй ажилтны нэр хүндийг өсгөх, танилцах зэрэг олон талын ач холбогдолтой “Дэлхийн мэргэжилтэй ажилтны олимп” гэгддэг нэр хүндтэй тэмцээн юм.
Цаашид Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгож, Үнэлгээний төв болон Бүсийн арга зүйн төвийн бүтэц, орон тоог нэгтгэх, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардал болон дотуур байранд амьдрах хүүхдийн хоногийн хоолны зардлыг нэмэгдүүлэх болон “МБС-ын салбарын багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж батлуулах асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэх шаардлагатай байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагааны чиглэлд баримталж буй дээрх зорилт, бодлогуудыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогч, нийгмийн түншүүд, бусад салбаруудын төрийн болон төрийн бус байгуулагуудын хамтын ажиллагаа нэн чухал юм.
Ингээд техник технологи, гар урлал нийтлэг үйлчилгээ, үйлдвэрийн салбарт 44 мянга гаруй мэргэжилтэй ажилтныг бэлтгэж, жил бүр 1,800 гаруй суралцагчдыг сурган, 53 дахь хичээлийн шинэ жилтэйгээ золгож буй Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллежийн танай хамт олонд ажлын амжилт хүсье гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл