У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдов. Танхимын сайд нараа зарлахад Ц.Даваасүрэн гишүүний нэр багтжээ. МАН-ынхан мэл гайхав. Уг нь мэргэжлийн хүн Эрчим хүчний сайдаар очиж байгаад “Мэргэжлийн Засгийн газар байгуулах” сонгуулийн амлалттай МАН-ынхан олзуурхах байтал эсрэгээрээ зарим нь эгдүүцэв.
Гайхсаны учир нь Ц.Даваасүрэн МАН-д буцаж ирээд жил болж байжээ. Тэрээр өмнөх дөрвөн жилд нь “Бие даагчдын зөвлөл” нэрийн дор “кнопны шантааж”-тайн хүчинд квотоор Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголросцветмет” нэгдэл зэрэг төрийн өмчийн компаниудад өөрийн хүнээ томилуулан бараг засгийн эрх барилцаж явсан юм. 2016 оны УИХ-ын сонгуулиар хамтрагчид нь ялагдав. Харин парламентын хоёр сонгууль дамжин ялагчаас ялагчийн суудалд, албан бус олонхийн нэгээс албан ёсны олонхийн нэг болсон азтай улстөрчид бол Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар юм. Аз нэг таарахаараа асгардаг гэж үнэн ажээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах, У.Хүрэлсүхийн танхим бүрдүүлэх улс төрийн тохирооны үеэр мань хоёр /Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун/-ын аз нь бүр ар дээрээ гарсан юм. Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болов. Удалгүй Х.Болорчулууныг өөрийг нь мэдээгүй байхад түүний эзэмшлийн “Дорнод гурил” компанид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нэг тэрбум төгрөгийн ЖДҮ хуваарилж гэнэтийн бэлэг барив. Эрхэм гишүүн өөрөө ингэж ярьсан нь цахим ерөнцөд дуу, дүрстэйгээ үлдэж.
Ц.Даваасүрэнг сайд болгосны учир нь тэрээр хоёр кнопны эрхтэй байсных. Нөгөө нь мэдээж Х.Болорчулууных. Засаг солигдох үед МАН-ынхан М.Энхболдын, У.Хүрэлсүхийн, Сү.Батболдын гээд фракц бүлгээрээ талцав. Ц.Даваасүрэн, Х.Болорчуулан нар тусдаа тоглолоо. Энэ нь тэдэнд улс төрийн зөв нүүдэл, сайд болох, ЖДҮ хүртэх эхлэл болсон хэрэг. Товчхондоо, тусдаа багцалсан хоёр кнопыг хоёуланг татахын тулд дунд нь нэг сайдын суудал амласан гэж ажиглагчид хэлдэг нь оргүй биш. Тэгж хардахын нэг үндэс нь Эрчим хүчний сайдын суудал болой.
Энд төлөөлсөн нь Ц.Даваасүрэн болохоос, энэ бол Монголын улс төрд, үе үеийн УИХ-ын гишүүдийн дунд байдаг улс төрийн буруу соёл, кнопоо албан тушаалын эргэлтэнд хэрхэн оруулдгийн нэгэн жишээ юм.
Ц.Даваасүрэн бол Оюутолгойн гэрээг баталсан УИХ-ын гишүүдийн нэг. Тэгэхдээ тэр уг гэрээг буруу, ард түмэн ашиггүй болсон гэж үздэг. Х.Болорчулуун гишүүн ч мөн адил. Тэд 2012 оноос энэ санаагаа идэвхтэй илэрхийлж, энэ байр суурин дээрээ хатуу зогсдог. Гэрээ ашиггүй болсныг зөвхөн тэд хэлдэггүй. Гэрээний зарим заалт Монголд ашиггүй байгааг сэтгүүлчид бид ч бичдэг. Ялгаа нь, улстөрчид том учраас ерөнхий ярьдаг бол, сэтгүүлчид бид жижгээс том руу нь, Монголд ашиггүй заалт бүрээр нь задалсан цуврал нийтлэлүүд одоо ч цахим ертөнцөд хадгалаастай. Тэгэхдээ энд Оюутолгойн талаархи эрхэм гишүүний байр суурийг шүүхгүй. Зөв бурууг дүгнэхгүй. Харин төрийн сайд Ц.Даваасүрэнгийн байр суурь нь иргэн Ц.Даваасүрэнгийнхээс зарчмын ялгаатайг түүний нэгэн үйлдлээр жишээлэн өгүүлэх гэсэн юм.
Тэрээр Оюутолгойг Монголын өмчлөлд 100 хувь авахыг дэмжиж, Оюутолгой компанийн оффисын өмнө “100 хувь….” гэх хөдөлгөөн өрнүүлж буй залуус дээр очиж гарын үсэг зуржээ. Тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн уг үйл явдлыг мөн цахим ертөнцөд мэдээлсэн байна. Хөдөлгөөний зорилгыг буруутгахгүй. Бас зөвтгөхгүй. Иргэний нийгмийнхэн, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Харин тэрэнд нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, тэр дундаа Оюутолгойн хөрөнгө оруулагчаар цахилгаан станц бариулах, Оюутолгой компани Монголоос эрчим хүчээ авах гэрээний үүргээ биелүүлэхийг төрийн нэрийн өмнөөс шахах ёстой салбарын сайд нь оролцоод явах нь хэр зөв хийгээд зохистой вэ. Сайд хүн тийм үүрэгтэй юү? Хувь хүний үйлдэлд нь бус, албан тушаалынх нь хувьд л гайхав. Монгол Улсын Засгийн газрыг мэдээж Ерөнхий сайд төлөөлнө. Парламентын засагтай аль ч улс оронд Засгийн газар танхимын зарчмаар ажилладгийг дэлхий мэднэ. Танхимын зарчим гэдэг нь тухайн сайдын үг, үйлдлийн хаяг, цаад эзэн нь Монгол Улсын Засгийн газар болж харагдахыг хэлнэ. Энэ ойлголтоор харвал сайд Ц.Даваасүрэнгийн үйлдлээс Оюутолгойг 100 хувь Монголын өмчлөлд авахыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгаа юм байна гэж уншигдана. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарын үсэг зураад ир гэж Эрчим хүчний сайдаа төлөөлүүлэн явуулжээ гэж харагдана. Төрийн бодлогынхоо эсрэг төрийн сайд нь улс төрийн тоглолт хийх үнэхээр онцгой нөхцөл Засгийн газар Оюутолгой хоёрын дунд үүссэн хэрэг үү? Сайдын энэ үйлдэл, ялангуяа хөрөнгө оруулагчдад яаж харагдаж, юу гэж ойлгогдох вэ? Тэд танхимын шийдвэр гэдэгт итгэдэггүй юмаа гэхэд эргэлзэнэ.
Монгол бол орлого нь төгрөгөөр орж, зарлага нь доллараар гардаг өндөр зардалтай улс. Гэтэл нэг сайдын үйлдлээс болж гаднаас орж ирдэг доллар нь хомсдох, ханш өсөх тусам монголчуудын орлого үнэгүйдэж, зарлага өснө. Доллартай огт харьцдаггүй, доллар бүр барьж ч үзээгүй хөгшдийн тэтгэврийн хэдийнх нь худалдан авах чадвар унаад байгаа нь ихэнхдээ иймэрхүү попролт, популизмтай л холбоотой.
Саяхан салбарын хоёр ч сайд хамтарч болон дангаараа хэд хэдэн лиценз цуцлав. Цуцалсан лицензүүдийн цаадахь уурхайнуудад 12 мянган хүн ажиллаж байгаад ажилгүй болсон тухай Бичил уурхайдчын холбооноос мэдээлжээ. Хоёр сайдын шийдвэр байгаль орчиндоо, ер нь зөв байх. Харин ажилгүй болсон 12 мянган хүн, тэдний тэжээж байсан 12 мөнгөн өрхийн амьдралыг яах вэ. Хэчнээн зөв шийдвэр байлаа ч, түүний цаана байгаа 12 мянган өрхийнхөө амьдралыг лицензтэй хамт цуцалж болох уу? Гэтэл МАН засгийн эрх авснаасаа хойш шинээр 12 мянган ажлын байр бий болгосон уу? Дарааллын хувьд эхлээд 12 мянган өрхийнхөө дараагийн ажил, орлогыг бэлдэж, шийдэж байж, лицензээ цуцлах байсан уу, сайн мэдэхгүй. Зорилго нь аргаа зөвтгөхгүй гэдгийг л мэдэж байна. Төр, Засгийн газар энийг л хийх үүрэгтэй. Түүнэс бус, шууд лиценз цуцлах, уурхай хаахыг нэг агентлаг, орон нутгийнхан ч хийж чадна.
Уул уурхайнхны цалин харьцангуй өндөр. Дундаж амьдралтайдаа орно. Гэтэл нэг бичил уурхайчин нөхөр орон нутгаас Төрийн ордонд ирж камерын өмнө уйлсны салхин дор дундаж амьдралтай явсан 12 мянган өрхийг шууд орлогогүй болгон явгалж байгааг танхимын сайд нарын мөн л хэт попролт гэхээс өөр юу гэх билээ.
Танхимын зарчим, багийн тоглолтоос зөрснөө, нэгэнт гаргасан шийдвэрийг зөрчсөнөө манай улстөрчид их гоё тайлбарладаг. Албан тушаалаар амаа үдүүдэхгүй гэж. Түүнийгээ зоригтой хүн болж харагдана гэж тооцдог шиг байгаа юм. Гэтэл Засгийн газрын гишүүн-сайдад хувь хүний улс төрийн зориг гэж байдаггүй юм. Засгийн газрын гишүүн-сайд нарын үг үйлдэл бүр “танхимын зарчим” гэх ганц л таних тэмдэгтэй. Тийм ч учраас төрийн өндөр дээд албан тушаал нь түүний хашиж буй хувь хүнийхээ эрх, эрх чөлөөг хязгаарладаг. Жишээ нь, Ц.Даваасүрэн гишүүн Монгол Улсын Засгийн газрын гишүүний тэмдэг зүүчихээд, сайдын нэрийн хуудас тарааж явангаа хөрөнгө оруулагчдад сөрөг сигналь өгөх хувийн улс төр хийх нь Монголд хохиролтой. Хэрвээ төрийн сайдын ажлаа өгөөд тэмцвэл өөр хэрэг. Харин төрийн сайдынхаа статус дор тэрээр Оюутолгойгоор өмнөд бүсийг хангах цахилгаан станц барих хөрөнгийг гаргуулж, Оюутолгой компанийг Монголоос эрчим хүчээ авах гэрээний үүргээ биелүүлэхийг шахаж, тус компанийн гадаадаас жилд авдаг эрчим хүчний үнэ болох 300 орчим тэрбум төгрөгийг дотооддоо шингээж чадвал Монгол хожно. Энэ нь Эрчим хүчний сайд сайн ажилласны илэрхийлэл болно. Түүнээс бус, танхимын бодлогыг гадуур энд тэндэхийн талбайд очиж тэмцэл хийлээ гээд тэндээс Монгол хожихгүй. Сайд нар сайн ажиллах үүрэгтэй, сайн улс төр хийх үүрэггүй, бараг эрхгүй.
Сүүлийн жилүүдэд нэг улстөрч, нэг сайдын хувийн PR, попролтын төлөөсийг улсаараа, ард түмнээрээ төлөх нь байдаг л улс төр, жишиг болон тогтох, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх янзтай болов. Бид улстөрчдийн хувьд сонгуулийн үеэр ард түмэн болж хойморьт заларч, харин сонгогдсоны дараах улс төрд нь төлөөс, золиосны арми болон хатавч бараадах маягтай.
Г.Отгонбаяр
Эх сурвалж: itoim.mn
Сэтгэгдэл