Сайд Ц.Даваасүрэн 139 хятад ажилчдыг барьцаалж хоёр сая долларын тендер "будлиантуулсан" уу?


Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад /2017.10.20/ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайдаар томилогдож байв. Ц.Даваасүрэнг сайд болгосны учир нь тэрээр хоёр кнопны эрхтэй байсных хэмээн учир мэдэх хүмүүс ярьдаг, бичдэг. Хоёр кнопных нь нэг өөрөө нөгөөх нь гишүүн Х.Болорчулуун гэх. 
Түүнийг Эрчим хүчний сайд болсноос хойш түүнтэй холбоотой хардлага сэрдлэг тасраагүй. Хэвлэлийн хуудас нэхэн сөхөх аваас эрхэм сайдтай холбоотой баримтууд хангалттай хөвөрнө.
Тэгвэл бид энэ удаад Ц.Даваасүрэнг сайд болсноос хойш хагас жилийн дараа гарсан нэгэн сонирхолтой шийдвэрийн баримтыг олж авснаа дэлгэж байна.
Бидний дэлгэх энэхүү баримтад БНХАУ-ын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэг хэсэг болох хоёр сая ам.доллароор нэмж 40 километр агаарын шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхийн Ц.Даваасүрэн сайдын толгойлдог Эрчим хүчний яамныхан хятадын талын "ТЕВА” компанийг 139 ажилтнаар нь хэрхэн барьцаалж ашиг сонирхлын зөрчил үүсгэн, санасандаа хүрсэн тухай өгүүлэх болно. 

Энэ бол Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт гаргасан хүсэлт. Монгол улсын Засгийн газарт БНХАУ-ын засгийн газраас олгож байгаа нэг тэрбум ам долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Улаанбаатар Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станц барих ажлын Техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл боловсруулах тоног төхөөрөмж нийлүүлэх барилга угсралтын ажилын ЭХА-006/16 тоот гэрээг тус яамны зүгээс БНХАУ –ын "TBEA” компанитай  2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан байдаг аж.
Ц. Даваасүрэн сайд С.Чинзоригт илгээсэн уг албан бичгээрээ Хятад улсаас  уг төслийг хэрэгжүүлэхээр орж ирэх 139  ажилтны асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулахыг түр түдгэлзүүлэхийг хүчсээ. Эхний албан бичиг бол энэ. Он сарын хувьд 2018 оны 4-р сарын 13 нд Эрчим хүчний яамнаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд очсон байна. 
Харин долоо хоногийн дараа мань Ц.  Даваасүрэн сайдаас дахиад нэг бичиг С. Чинзориг сайдад ирэв. Тодруулбал 2018 оны 4-р сарын 20 нд дараах бичгийг явуулжээ. 

Эрчим хүчний сайд маань өнөөх хятад ажилчдаа оруулж ирэх хүсэлтээ "Засгийн газарт мэдүүлнэ үү” гэсэн байгаа юм. Тодорхойгүй гэж байгаад тодотгож байсан Ц.Даваасүрэн сайд долоохон хоногийн дотор бодлоо өөрчилсөн нь сонирхол татаж байна.  
Тэгвэл энэ бүхнийг тодорхой болгох зорилгоор Эрчим хүчний яам болон "БНХАУ –ын "TBEA” компаниудын төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн 2018 оны 04-р сарын 18 ны өдөр уулзалдахдаа хийсэн хурлын протоколыг хүргэе.











Хурлын протоколыг гүйлгээд уншвал монголын талын ажлын хэсэг ихээхэн хүчин чармайлттай ажилласан мэт харагдана. Үнэндээ бол  шалгаруулчихсан тендерт Ц.Даваасүрэн төрийн сайдын суудлаараа түрий барин төслийг гацаасан болох нь нь дээрх хурлын протокол тодорхой харуулж байна. 
Түүнчлэн хоёр талын уулзалтын протколд үлдсэн тэмдэглэлээс харахад Монгол талын туслан гүйцэтгэгчээр Хятадын талын зээлээр нэмж 40 километр агаарын шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхийн тулд Эрчим хүчний яамныхан 139 ажилтнаар нь барьцаалсан болж харагдана. 
Улмаар талууд харилцан тохиролцоонд хүрсний дараахан нь өнөөх хятад ажилчдыг оруулж ирэхээр болсон байгаа юм. 
Ц.Даваасүрэн сайдын хувьд Сангийн яамны гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх нарийвчилсан тооцоо судалгаа хийх хэрэгтэй гэж ирээд л албан бичигтээ дурдсан байдаг. 
Гэтэл үнэндээ Монголын туслан гүйцэтгэгчээр бариулах 2 сая долларын өртөг бүхий 40 километр агаарын шугам дээр л ашиг сонирхлын зөрчилдөөн үүсчээ. 
Ерөнхийлөгч хоёр сарын дараа айлчлахад төслийн үр дүнг БНХАУ ын "TBEA” компани танилцуулна гэж бичсэн байдаг. Энэ бол бодит баримт. БНХАУ –ын  Шанхай хотод болсон олон улсын уулзалтын үеэр  Монгол улсын ерөнхийлөгчид "TBEA” компани хэрхэн ажлаа тайлагнасан бэ гэдгийг ч асуух нь зүйтэй санагдана. 
Бид дараагийн удаад 40 километр агаарын шугам угсрах уг тендер хэрхэн зарлагдсан хийгээд энэхүү тендерт эрхэм сайд Ц.Даваасүрэнтэй хамаарал бүхий хэн гэгч этгээдийн ямар компани  ялалт байгуулсан тухай дэлгэрэнгүй мэдээлэх болно. 
Х.Онон
Эх сурвалж: Zuv.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.