Энэтхэгийн станц саран дээр буух үеэрээ осолдож, холбоо тасарчээ


Өнгөрсөн шөнө Энэтхэг улсын илгээсэн судалгааны станц сарны гадарга дээр буух ёстой байсан ч бүтэлгүйтжээ. Чандраян-2 хөлөг долдугаар сарын 22-нд дэлхийгээс хөөрсөн бөгөөд уг хөлгөөс салсан Викрам нэртэй робот станц өнгөрсөн шөнө саран дээр буух төлөвлөгөөтэй байсан юм. Энэтхэг улс энэхүү төсөлдөө нийт $140 саяыг зарцуулсан.

Викрам станцыг буулгах ажиллагаа сүүлчийн цөөн хэдэн минут хүртэл төлөвлөгөөний дагуу явагдаж байсан юм. Гэвч сарны гадаргаас 2.1 км өндөрт ирэх үедээ станц гэнэт замаасаа хазайж, удалгүй холбоо тасарсан байна. Өмнө нь энэхүү төслийн удирдагчид саран дээр буух сүүлчийн 15 минутын хугацааг хамгийн өндөр эрсдэлтэй хэсэг гэж тодорхойлж байв. Тэдний болгоомжилж байсанчлан Викрам станц саран дээр буух хамгийн хэцүү хэсэгтээ төлөвлөгөөний дагуу ажиллаж чадсангүй.

Станц саран дээр буухдаа хурдаа удаашруулж чадалгүй хад чулуу мөргөж эвдэрсэн үү, эсвэл зүгээр л ажиллагаанд нь гэмтэл гарч, чөлөөт уналт хийсэн үү гэдгийг одоо Энэтхэгийн мэргэжилтнүүд судалж байгаа гэнэ. Одоогоор АНУ-ын NASA-гийн Lunnar Reconnaissance Orbiter хөлөг сарны гадаргын зургийг авах хамгийн сайн камерны системтэй. Уг хөлгөөс авсан зураг дээрээс Викрам станцад юу тохиолдсоныг харж болно. Гэхдээ Викрам станц осолдсон газрын зургийг авч  боловсруулахад сар орчим хугацаа орно гэж мэргэжилтнүүд мэдээлж байна.

Энэ онд саран дээр буух гэсэн хоёр оролдлого дараалан бүтэлгүйтэж байна. Дөрөвдүгээр сард Израйлийн Beresheet станц мөн саран дээр буух үедээ програмын алдааны улмаас унаж сүйрсэн юм.

Дээрх хоёр төслийн аль нэг нь амжилттай болсон бол Энэтхэг, Израйль хоёр улсын нэг нь дэлхийн дагуул дээр элчээ хүргэж чадсан дөрөв дэх улс болж түүхэнд бичигдэх байв. Одоогоор АНУ, хуучнаар Зөвлөлт Холбоот Улс, Хятад улсууд саран дээр амжилттай буугаад байна.

Р.Түвшин

Эх сурвалж: BBC

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.