Нүүрсний экспортын биет хэмжээгээ бид өсгөхийг илүүд үзэх бол харин бусад нь чанарт ач холбогдол өгч байна
Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхмүүд цагийн зөрүүнд хэмнэлээ алдаж, гархилсан нүдтэй, гартаа баримт бичгийн хавтас барьсаар хар өнгийн Mercedes маркийн суудлын тэрэгнээс буув. Зарим нь ганц, хоёр туслах дагуулсан харагдана. Бээжингийн чанх төвд, Засгийн газрын ордноос нь ердөө тав хүрэхгүй километрийн зайд ОХУ, Австрали, Монгол, Индонез, Энэтхэг, АНУ тэргүүтэй орны нүүрсний салбарынхан хоёр өдөр өөрсдийн өмнө тулгарч буй асуудлаа ярилцахаар ирж байгаа нь энэ. Уул уурхайн бизнес эрхлэхийн зовлон, жаргалыг ойлгож, мэддэг эдгээр эрхмүүд гол худалдан авагч БНХАУ-ын нийслэлд нүүрс хэр ирээдүйтэй болохыг тандахаар яваа гэж хэлж болно.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, үүний эсрэг их гүрнүүдийн авч хэрэгжүүлж буй бодлого нүүрсээр амьдрах орнуудад тун хүндхэн тусахаар байгаа. Ялангуяа, дэлхийн тэргүүлэх том эдийн засаг болох БНХАУ олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ ягштал биелүүлж, ногоон үйлдвэрлэлд аажмаар шилжих болсон нь дээрх орнуудад шууд мэдрэгдэж буй. Бохирдол их гаргадаг дотоодын үйлдвэрүүдээ хүртэл захиргааны аргаар хааж, аж үйлдвэрлэлийн салбараа дахин шинээр байгуулахаар өмнөд хөрш нутаг зааж эхэлсэн. Энэхүү өөрчлөлт, шинэчлэл нүүрсний салбарт томоохон доргилт авчрах нь тодорхой болж, компаниуд ч шинэ бүхэнд бэлэн байх гэж эрмэлзэх болов.
Тэгвэл нөхцөл байдалд дасан зохицох үүднээс ган үйлдвэрлэгчид техник технологийн дэвшил рүү хөрөнгө оруулалт хийж байна. Худалдан авч буй бүтээгдэхүүндээ ч чанар бас дахин чанар ярьдаг боллоо. Австралийн нүүрс илүү чанартай, сайн чанарын ган үйлдвэрлэхэд тохиромжтой гэх бол тэндээс манайх илүү гэж нэг Монгол өндөлзөх. Тэдний яриан дундуур индонез мөн орж ирэх бөгөөд БНХАУ-ын зах зээлд их гурвал болсон эдгээр орнуудтай зэрэгцэн оху гэсэн шинэ тоглогч дуугаа бас хадаах. Өмнөд хөршийн нүүрсний импорт хэмжээтэй. Энэ зах зээлд байр сууриа бататгах “амбиц”-аа хойд хөрш өрсөлдөөнөөс гадна улс төрийн аргаар дэмжлэг авах гэж оролдож буй. Энэ эриний эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлох өмнөд хөрш 2010 онд японыг гүйцэж, дэлхийн нөлөө бүхий хоёр дахь эдийн засагтай орон болсон.
Тус улс өнөөдөр нүүрсний асар их нөөцтэй орнуудын шүтээн гэгдэж, ахиу нүүрс зарчих юмсан гэсэн нэгнийх нь их хүслийн оройд заларна. Наймдугаар сарын цухал халууныг тэвчин нүүрсний салбарынхан уулзахдаа нэг зүйлийг сүрхий гэгч нь ойлгож авчээ. Энэ нь чанар.
Хятадын зах зээлд тоогоор бус чанараар өрсөлдөх шаардлагатай боллоо
Хятадын зах зээлд цаашид тоогоор бус чанараар өрсөлдөх ёстой юм байна гэдгээ дор бүрнээ анзаарч, хамгийн гол хэрэглэгч орны таашаалд бүтээгдэхүүнээ нийцүүлэхээр шамдаж байна.
Энэ сарын эхээр Улаанбаатарт болсон олон улсын Coal Mongolia чуулга уулзалтын үеэр нүүрсний боловсруулалт мөн л судлаач, шинжээчдийн ярианы сэдэв болсон юм. Манай улс гэхэд энэ онд 42 сая тонн нүүрс өмнөд хөршид борлуулахаар төлөвлөсөн. Нүүрсний экспортын биет хэмжээгээ бид өсгөхийг илүүд үзэх бол харин бусад нь чанарт ач холбогдол өгч байна. Үүний тод жишээ Австрали, ОХУ.
Компаниуд зөвхөн нүүрсээ олборлох бус боловсруулах, тоос шорооноос нь хүртэл салгаж, ангилж байж өмнөд хөршийн зах зээлд өрсөлдөх эрхтэй болох нь ээ. Худалдан авагчийн хүсэл, дэлхийн нийтийн шаардлага нүүрсийг нүүрсээр нь бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох “хувьсгал” руу хөтөлж байна. Монголын баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч Б.Чинзориг “Чанар багатай нүүрсийг баяжуулж, хэрэглэгчдийн шаардлага, стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх замаар экспортын орлогоо нэмэгдүүлэхээр цөөнгүй үйлдвэрүүд ажиллаж байна” хэмээн онцолсон. Тэгвэл байгаа хэддээ бардах бус ахиад л боловсруулалт, баяжуулалтын талаар ярихаас аргагүй болж байна. Хувийн хэвшлүүд олборлосон бүтээгдэхүүнээ боловсруулж байхад төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй компаниуд баяжуулах үйлдвэр барина гэж хэлээд арав гаруй жилийг үдэж байна. Хэрэв олон жил дамнасан баяжуулах үйлдвэр ашиглалтад орчихвол өмнөд хөршийн зах зээлд бидний орон зай тэр хэрээр тэлж, чанараар бид илүүрхэнэ гэсэн үг.
Нүүрсээ боловсруулж, баяжуулснаар байгаль орчинд хүртэл үзүүлэх сөрөг нөлөө буурна. Тоосжилт дарагдаж, авто замын эвдрэл хүртэл багасна. Эдийн засгийн бодит үр ашиг энд бий болно. Монгол Улс нүүрсний эх орон гэвэл дэгсдэхгүй. Шинжлэх ухааны доктор Д.Бат-Эрдэнийн судалгаагаар манай улсын газар нутгийн хэмжээнд 12 нүүрсний сав газарт илрүүлэх боломжтой нүүрсний геологийн нөөц баялгийг 150 орчим тэрбум тонн гэж тооцоолсон бол өнөөдрийн байдлаар улсын нөөцийн санд 32.6 тэрбум тонн нүүрсний баттай нөөц байна. Нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахад зөвхөн олборлоод зөөх хангалттай биш болчихлоо. Харин тодорхой хэсгийг нь боловсруулж байж өрсөлдөөнт зах зээлд өнгөлөх боломж бидэнд бүрдэх нь.
Эх сурвалж: Ubinfo.mn
Сэтгэгдэл