Төрийн дэмжлэггүйгээс авлигатай тэмцэх ажил урагшилдаггүй


“Авлигатай тэмцэх газар (АТГ) авлигатай тэмцэж чадаж байна уу” гэх асуултад хүмүүс өөр өөрийнхөөрөө хариулав. Зарим нь шоолж, нэг хэсэг нь уурлаж, нэлээд нь “Үгүй” гэж хэллээ. Цөөхөн хүн “Тийм”, “Монголд өндөр түвшний авлига газар авсан учраас АТГ-ынхан энэ төрлийн хэргийг мянга илрүүлээд бууруулж чадахгүй” гэв. 2019 оны хагас жилд АТГ-ын мөрдөн шалгасан хэрэг, ажлын тайланг харья. Оны эхний зургаан сарын байдлаар тус газрын Мөрдөн шалгах хэлтэс 984 үйлдэл, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Улмаар авлигын 29 хэргийг нь шүүх хянан хэлэлцсэн гэх дүн мэдээлэл байна. Тухайлбал, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайхан, нийслэлийн Газрын албаны Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Амаржаргал, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, МУБИС-ийн Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Л.Ганцэцэг, БСШУСЯ-ны харьяа “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Л.Эрдэнэ, Нийслэлийн I сургуулийн захирал Ц.Бум-Эрдэнэ нарт шүүхээс ял оноожээ.

Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 243 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Саранцэцэг, Баянзүрх дүүргийн Өмч, газрын албаны дарга Н.Батсүх, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компанийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Гэрэлт-Оч, “Багануур илч”-ийн гүйцэтгэх захирал С.Батболд, Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн захирал Ш.Чимгээ, Завхан аймгийн Улиастай сумын Төв номын сангийн захирал Л.Долгоржав, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун, “Сити баз консалтинг” компанийн захирал Н.Отгонбаяр, гүйцэтгэх захирал Г.Зуундарь нарт холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн АТГ-аас 2019 оны эхний зургаан сарын байдлаар нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 64 удаагийн сургалт зохион байгуулсан гэж мэдээлэв. Уг сургалтад 4947 албан тушаалтныг хамруулсан аж. Харамсалтай нь, төрийн албаныхан хүнд суртал гаргаж, ард иргэдээ хяхан боогдуулах замаар авлига авдаг. Үүнээс гадна ашиг сонирхлын зөрчил гарган ах дүү, танил талаа төрийн албанд томилсоор байгаагийн илрэл нь шүүхээр шийдвэрлэсэн дээрх хэргүүд юм. Нөгөө талаар иргэд авлига л өгөхгүй бол ажил урагшлахгүй гэх ойлголттой болсон. Улмаар элдэв зүйл барьж гүйсээр хүүхдэдээ эрдэм ном заасан багш, хайртай хүмүүсийг нь аварсан эмчийг АТГ-ын хаалга татахад хүргэдэг.

Зүүн Европ, Төв Ази дахь авлигатай тэмцэх ажиллагааны хүрээнд “Истанбулын авлигын эсрэг сүлжээ” байгууллагаас Монгол Улсад авлигын эсрэг IV шатны судалгаа хийсэн. Үүнд дурдсанаар III шатны судалгааны дараа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд шинэчлэл хийхийг Монгол Улсын Засгийн газарт зөвлөжээ. Гэтэл эсрэгээрээ, Монголын төр төрийн албанд томилгоо хийхдээ ашиг сонирхлын зөрчил гаргах боломжийг нээсэн зохицуулалт хийснийг судалгааны дүгнэлтэд шүүмжилжээ. Мөн төрийн дээд албан тушаалтнууд “Авлигатай тэмцэе” гэж уриалах хэрнээ авлигыг мэдээлэгч буюу шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлээгүй хэмээсэн байна. Уг нь иргэд утсаар, шуудангаар, өөрийн биеэр болон цахим хаягаар дамжуулан авлигыг мэдээлэх боломжтой. Харамсалтай нь, иргэд авлигыг мэдээлэхээсээ айдаг. Төрийн хамгаалалтгүй, авлигыг мэдээлснээрээ хохирч мэдэх нийгэмд амьдарч байгаа нь шударга иргэдийг болгоомжлоход хүргэдэг.

IV судалгааны өөр нэг анхаарал татсан тоо бол иргэдийн 81 хувь нь авлига, ашиг зөрчлийн сонирхлыг мэдээлэх 1800-1969 дугаарын утсыг мэддэггүй гэх үзүүлэлт юм. Уг нь эл дугаарын төлбөр нь энгийн утасны тарифтай ижил. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг судалгаанд хамрагдагсдын 70.7 хувь нь огт мэдэхгүй гэж хариулжээ. Гэтэл Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг анх 2002 онд баталсан. Улмаар 2016 онд шинэчлэн баталж, эхний үе шат нь энэ онд дуусах гэж байна. Хөтөлбөрийн хоёрдугаар шатыг 2020-2023 онд хэрэгжүүлнэ. Энэ мэтчилэн АТГ-аас хийж хэрэгжүүлж буй ажлыг олон нийт мэдэхгүй, оролцохгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, АТГ авлигатай хэр чадлаараа тэмцэж байгаа ч төр дэмжихгүй, олон нийт ойлгохгүй байна. Энэ нь нэг талаас АТГ-ынхан өөрсдөө соён гэгээрүүлэх, ард нийтэд авлигын хор хөнөөлийн талаарх ойлголт, мэдлэгийг хангалтгүй өгч буйтай холбоотой гэж хэлэх хүн байна. “Истанбулын авлигын эсрэг сүлжээ” байгууллагын хийсэн судалгаанд ч энэ талаар дурджээ.

Түүнчлэн олон улсын байгууллагаас Монгол Улсын Засгийн газарт хандаж, орон нутагт АТГ-ын салбар байгуулахыг удаа дараа зөвлөсөн байдаг. Энэ зөвлөмжийг Засгийн газар биелүүлээгүй. Үүнийгээ нөхөхийн тулд орон нутагт Иргэний хяналтын зөвлөл байгуулсан. Гэхдээ олон улсын байгууллагын зүгээс энэхүү шийдэл нь АТГ-ын нэгж салбарыг бүрэн орлож чадахгүй, үр өгөөж муутай хэмээн үзэж байгаа юм. Улмаар эдгээр иргэнийг сонгохдоо өндөр шалгуур тавих шаардлагатайг бас онцолсон. Авлига авах, өгөх нь нийгэмд, тэр дундаа Монгол Улсын ирээдүйд асар их хохиролтойг олон нийтэд ойлгуулахын тулд Монгол Улс илүү ихийг хийх ёстой гэдгийг олон улсын байгууллагаас энэ мэтээр зөвлөсөөр буй. Тэр дундаа замын цагдаа, орон нутгийн ЗДТГ болон эрүүл мэндийн салбарт энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийх ёстой гэсэн байна. Харамсалтай нь, тэдний өгсөн зөвлөмжийг төр, засаг эс хайхрахын зэрэгцээ, олон нийтэд энэ талаар дорвитой мэдээлэхгүй байгаа гэж хэлж болох талтай. Тиймээс өндөр дээд албан тушаалтнуудыг авлигын эсрэг сургалтад хамруулья.

АТГ-ын тайлан мэдээ, олон улсын байгууллагын зөвлөмж мэдээллээс харахад иргэд шударгаар мэдээлж, АТГ газар ил тод шалгаж, прокурор чанд хатуу хяналт тавьж, шүүх үнэн зөв шийддэг бол авлига буурах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, авлигатай зөвхөн АТГ бус төр, засаг, ард нийтээрээ тэмцэх шаардлагатай байна.

Д. Мягмаржаргал 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.