УИХ-ыг тараах гишүүд нь бүрдсэн ч шалтаг нь олдоогүй байна


64 суудалтай МАН-ын Их хурал хугацаанаасаа өмнө тарах гэнэ ээ. Сэрчихгүй бол сайхан зүүд. Угаасаа жилийн өмнө /өнгөрсөн оны арваннэгдүгээр сард/ ЖДҮХС-гийн хэрэг сөхөгдөж, МАН-ын 40 гишүүн уг сангаас хөнгөлөлттэй зээл авсан асуудал ил болсны дараа энэ Их хурал цаашид ажиллах ёс суртахууны эрхтэй эсэх талаар олон нийтийн дунд өргөн хэмжээний хэлэлцүүлэг эхэлсэн билээ. Гэвч МАН-ынхан “жижиг чулуугаар том чулуу” хөдөлгөж сурсан зангаараа “МАНАН бүлэгтэй тэмцэнэ” гэж талбай дээр хашгирсаар байгаад анхаарлыг өөр тийш хандуулж дөнгөсөн. Эцэст нь МАНАН-тайгаа ч тэмцсэнгүй, ЖДҮ-чдээ ч зайлуулсангүй “хонь бүрэн, чоно цатгалан” амар сайхандаа жаргасан даа.

Ерөнхий прокурор ЖДҮ-тэй холбогдсон 40 гишүүний эхний тавынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д асуудал оруулсан ч МАН-ын бүлэг “Шүүхээр орсных нь дараа түдгэлзүүлнэ ээ” гээд аваад үлдчихсэн. Харин эсрэгээрээ асуудал оруулж ирсэн Ерөнхий прокурор, хэргийг шалгасан АТГ-ын дарга нар өөрсдөө ажлаа өгөхөд хүрсэн билээ.

Энэ цаг үеэс эхлээд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах ёстой гэдэг үнэлэмж олон нийтийн дунд бий болсон ч харамсалтай нь гарын үсэг зурсан гишүүдийн тоо хуулийн босго давалгүй унасан байдаг. Харин одоо энэ тоо 40-өөс давж мэдэхээр болсон тухай чих дэлсэж эхэллээ. Хэдийгээр гишүүдийн нэрс албан бланкан дээр өрөгдөөгүй байгаа ч намын удирдлагын зүгээс битүүхэндээ хүмүүсээ бүртгээд байгаа бололтой. Өмнө нь нэг удаа кнопоо худалдсан гишүүд хоёр дахиа худалдахад ичээд байх зүйлгүй л дээ. /Яг үнэндээ “Жидүүдсэн” 40 гишүүний 35 тэрбум төгрөг У.Хүрэлсүхийн Засгийн газрын авилга байсан гэлцдэг. Б.Батзориг сайд сангийнхаа нягтланд итгэлгүй ажлаас нь халж хаяагүйсэн бол энэ хэрэг ил болох ч үгүй, гишүүд зээлээ төлөх ч шаардлагагүй байсан биз/    

Гэвч яадаг билээ. Үхэх хүний ч үгийг асуу гэдэг болохоор сайн дураараа бүрэн эрхээ орхиж байгаа нөхдөөс “Юуны төлөө вэ?” гэж асууж таарна аа даа. Даанч хариулт нь алга. Дарга нарт нь ч, цэргүүдэд нь ч алга. Удаж удаж тэндээс нэг нөхөр солгой хоолойгоор “Ард нийтийн санал асуулга, УИХ-ын сонгууль хоёрт тус тусад нь мөнгө зарж байхаар нэг мөр хамтад нь явуулчихья” гэж эргүүтэв. Өмнө ч гэсэн өөрийнхөө толгойгоор бодож, өөрийнхөө үгээр ярьж байсан удаагүй хүн л дээ, чааваас. 

ДҮГНЭЛТ: УИХ-ыг тараах гишүүд нь бүрдсэн ч шалтаг нь олдоогүй байна.

Харин нэг зүйл бодитой байгаа нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын ирэх арваннэгдүгээр сард багтааж унагана гэсэн парламентын нөгөө тал. АН, МАХН, мэдээж “МАНАН-гийнх” гэж цоллуулдаг “Миеэгийн” хүмүүс. Тэдэнд бол харин бодитой олон шалтгаан бий. Сүүлийн үед У.Хүрэлсүхийн Засгийн газраас явуулж байгаа бодлого, уул уурхайтай зарласан дайн байлдааны цаана өрсөлдөгчийнхөө санхүүгийн эх үүсвэрийг хаах гэсэн ойрын бодол, холын зорилго л харагдаад байгаа. Үр дүнд нь угаасаа уул уурхайгаас бүрэн хараат байсан эдийн засаг нь туйлдаа хүртэл доройтож, Монголын нийгэм тэр чигээрээ өрийн сүлжээнд баригдаад байна. Бага ч гэсэн бизнес эрхэлдэг хүн бүр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг зүхэж байна. /Соошлаар хөврөөд байгаа "У.Хүрэлсүх сайн ажиллаж байна, Браво" энэ тэр бол зүгээр л тэдний талаас явуулж тархи угаалт шүү, уучлаарай. Үүний төлөө цалин авдаг нөхөд МАН-ын цагаан байшингаар дүүрэн байгаа/

Энэ дайны байхад /бусдыг нь ярихаа больё/ Засгийн газрыг огцруулах нь УИХ-ыг тараахаас хувь илүү амархан бөгөөд үр ашигтай зүйл болно. Нэг бодлын “шударга” өшөө авалт.

Харин У.Хүрэлсүхийн тал бодитой бий болоод байгаа энэ нөхцөл байдлаас зайлсхийх, цаг хожихын тулд “Тэгвэл УИХ-ыг тараана шүү” хэмээн айлгаж байгаа бололтой. Гэхдээ энэ удаад юу амласан нь сонин байна. Одоо бол “Та нар ЖДҮ аваа биз дээ” мянга айлгаад нэмэргүй. Тэртэй тэргүй идсэн уусан нь ил болчихсон хүмүүс “бороонд норсон хүн усанд унахаас айхгүй” гээд сууж байгаа.

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.