Судлаач Д.Ганхуяг: Монголчуудын "онолдох" өвчин ба сонгууль...


Монголчуудын толгой олон жил эргэсэн дээрээ сүүлийн үед бүр мангуу болж гүйцэв. Яасан гэхээр ҮХНӨ, ард нийтийн санал асуулга, сонгууль гэсэн гурван “том юм” давхцсаны учир. Урд өмнө нь сонгууль гэсэн ганцхан “юм”-тай ноцолдож, маанагтаж маанагтаж нэг юм сонгохчоо аяддаг байсан бол одоо түүнтэй эн зэрэгцэх ҮХНӨ, ард нийтийн санал асуулга гэсэн өөр хоёр “том юм” гараад ирэхээр арга ч үгүй биз. Энэ “гурван том” асуудлыг дэс дараалуулах, эрэмбэлэх гэхээр толгой нь хүрэхгүй хурнийгаад сууж байтал УИХ-ыг тараах, сонгууль наашлуулах асуудал гарч ирээд монголчуудын “толгой хагарах” дээрээ тулав. Яахав дуугай суултай нь биш, ҮХНӨ-өөр “онол ном” ярьж, цэцэрхэж байх нь хамаагүй таатай бөгөөд өлзийтэй.

Ингэж онолдож, цэцэрхэж, тэнэгтэж байх хооронд цаана чинь “шал өөр юм” явж, Та нарыг “нэгмөсөн хөнтрөх” гээд байна. Энэ тухай хийсэн товч өгүүлсү…

Асуултаас үүдсэн дүгнэлтүүд

Системийн анализад тулгамдсан асуудлыг томъёолох нь амин чухал бөгөөд зайлшгүй үе шат байдаг. Тулгамдсан асуудлыг асуулт маягаар томъёолж ч болох бөгөөд энэ нь танин мэдэхүйн ихээхэн ач холбогдолтой.

Асуулт 1: “Монголын олигархи эрх баригчдад ҮХНӨ чухал уу ?, сонгууль чухал уу ?”

Хэний ч мэдээжийн хэрэг, МАНАН-гийн эрх баригчдад сонгууль амин чухал. Тэдэнд УИХ-ын сонгуульд ялж, эрх мэдэлдээ үлдэх нь амин чухал болохоос ҮХНӨ бол яршиг л байна, ҮХНӨ бол зүгээр л анхаарал сарниулах өнгө өнгөөр будсан халхавч баг.

Асуулт 2: “ҮХНӨ ард түмний эрх ашгийг хамгаалах уу ?, эсвэл МАНАН-гийн олигархуудын эрх ашгийг хамгаалах уу ?”

Хэний ч мэдээжийн хэрэг, МАНАН-гийн өнөөгийн олигархи эрх баригчид ард түмний эрх ашгийг илэрхийлж, хамгаалж чадахгүй гэдгээ олон жил дэндүү хангалттай нотолсон. Тэдэнд олигархийн буюу өөрсдийнх нь эрх ашиг амин чухал болохоос ард түмний эрх ашиг яршиг л байна. ҮХНӨ бол олигархийн “мөнхийн” эрх мэдлийг үүрд хадгалах гэсэн заль мэхээс өөр зүйл биш. ҮХНӨ-өө “ард түмний эрх ашиг” гэсэн будгаар яаж ч будаж, шунхдаж “сайхан” болголоо гэсэн цаана нь зальт хулгайч, авилгач луйварчин, дүүрчихсэн дээрэмчид хэвээрээ байгаа.

Асуулт 3: ҮХНӨ-ийг ард ниитийн санал асуулгаар шийдэх нь зөв үү?

Хэлбэрийн хувьд зөв, харин агуулгын хувьд буруу. Учир нь сонголт хийх ацан асуудлаас (дилемма) нэгийг нь хасчихаад үлдсэн үлдсэн ганцыг тулгах нь сонголт биш, тулгалт, хүчиндэлт. Өнөөгийн парламент бол МАНАН-гийн олигархуудын ээлж халаагүй, мөнхийн дарангуйллын сонгодог жишээ. Санал асуулгаар ард түмэн “үгүй” гэвэл хуучин ҮХ-иараа явна. Харин ард түмэн “тийм” гэвэл олигархийн “шинэ” ҮХ-иар явна. Аль аль нь олигархуудад ашигтай. Ямар ч ялгаа байхгүй.

Асуулт 4: “Ард нийтийн санал асуулга, сонгууль хоёрыг давхцуулах нь зөв үү ?”

Асуулт 5: “УИХ-ыг тарааж, сонгуулийг наашлуулах нь зөв үү ?”


Энэ хоёр асуултын мөн чанар ижил. Ард түмэнд “бодох” зав өгөлгүй, дампуурсан УИХ-аа тарааж “гавъяа” байгуулаад ахин УИХ-д орох нүх сүвээ хайж буй заль мэх.

Энэ мэтчилэн маш олон асуулт тавьж, цааш нь үргэлжлүүлж болно.

Хэдэн ч асуулт, ямар ч хэлбэрээр тавилаа гэсэн ҮХНӨ, ард нийтийн санал асуулга, сонгууль хийх, сонгууль наашлуулах, УИХ-ыг тараах зэрэг дуулиан шуугиан нь МАНАН-гийн олигархууд сонгууль явуулж, эрх мэдлээ үүрд хадгалан үлдэх гэсэн бусармаг үйлдлийг халхавчлах цорын ганц зорилготой.

Монголчуудын “онолдох” өвчнийг хөдөлгөхүй

Эдүгээ монголчуудын өмнө хорвоо дэлхийн “бүх зовлонт асуудал” нэгэн зэрэг, бөөн бөөнөөрөө хуримтлагджээ: 1. ҮХНӨ, 2. Ард нийтийн санал асуулга, 3. Сонгууль, үүний дээрээс: 4. Сонгууль наашлуулах, 5 УИХ-ыг тараах, лайтай хүнд, галзуурмаар олон асуудал. Яая даа байз…

Үүнийг нэгэн зэрэг, нэг мөсөн, нэгэн зэрэг “бодох”, “шийдэх” гэж монголчууд үйлээ үзэж байна. Үйлээ үзэж байна ч гэж дээ, олигархууд монголчуудын “онолдох” өвчнийг хөдөлгөж, үйлийг нь үзэж байна…

Монголд байтугай, дэлхийд эцэслэн шийдэж чадаагүй байгаа том том асуудлуудыг нэг биш, хоёр биш, тавын таваар нь яг одоо, бүгдийг нь нэгэн зэрэг “бод”, “шийд” гээд тулгачихаар чинь хэн ч гэсэн “боддогийм” байгаа биз дээ ?!

Ингээд монголчуудын цэцэрхэх, мэдэмхийрэх, хадуурах, балайрах өвчний “хурц дэгдэлт” нэгэн зэрэг гаарав. Эдгээр нь бүгдээрээ нийлээд монголчуудын “онолдох” өвчин болж байгаа юм.

Эдүгээ Монгол Улс бүх дэлхийн үндсэн хуулийн проблемуудыг онолтой нь, практиктай нь нэвт шувт мэддэг “сэхээтнүүд”-ийнхээ тоогоор Гиннесийн номонд ороход бэлэн болов. Монголын “бүх сэхээтэн” ҮХ-ийн онол практикаар “номлол, сургааль айлдах” түвшинд нэгэнт хүрснийг ТВ-ээр бэлхнээ харж болно…

Үгүй л дээ. Энэ бол заавал одоо, бөөнөөр нь шийдэх ёстой “5 том асуудал” ерөөсөө биш. Үнэн хэрэг дээрээ монголчуудын өмнө МАНАН-гийн олигархийн олон жилийн ээлж халаагүй ноёрхлыг таягдан хаях эсэх сонголт хийх агуулгатай сонгууль гэсэн ганцхан асуудал (проблем) байгаа. Дахиад хэлье, одоо Монголд сонгууль гэсэн ганцхан асуудал байгаа. Бусад нь “туслах” шинж чанартай, дараа шийдэхээр болгон хойшлуулах бүрэн боломжтой…

Хүүе ээ, цаана чинь…

Та биднийг цэцэрхэж, мэдэмхийрч, хадуурч, балайрч, “онолдож” байх хооронд чинь МАНАН-гийн олигархууд аль хэдийн сонгуулийн ажилдаа орчихсон байна. Үүнийг би ганцаараа “мэдээд” байгаа юм огт биш, бүх хүн мэдэж байгаа. Гагцхүү “онолдох” өвчин болон суртал нэвтрүүлгийн хийрхлээс болоод үүнийг анзаарах сөхөөгүй болчихоод байна.

МАНАН-гийн олигархууд сонгуулийн сурталчилгаандаа аль хэдийн орчихсон, тойргоо хуваагаад авчихсан, штабаа байгуулчихсан, сүлжээгээ байгуулчихсан, “60 тэрбумын” схемээ босгочихсон, түрүүчээс нь зарцуулаад давхиж явна. Харин тэд Та бидний “онолдох”-ыг хараад шоолоод инээгээд сууж байна…

Эдүгээ МАНАН-гийн олигархуудын зөрчил тэмцэл туйлдаа хүртэл хурцдаж, бие биенийхээ багалзуурыг хэмлэхээс наагуур байна. Нэг талаас МАНАН-гийн хуваарьгүй, ээлж халаагүй, “мөнхийн” ноёрхол өөрөө нуран унаж байна, нөгөө талаас МАНАН “үүрдийн” ноёрхлоо хадгалан үлдэх сүүлчийн ганц боломж болсон сонгуульд эрчимтэй бэлтгэж байна.
Эрх баригч МАН, АН-ын дотоодод техтоник суурь өөрчлөлт гарч, далд тэмцэл хатуу ширүүн хэлбэрт орж, нам дамжсан бүлэглэлүүд шинээр бүрэлдэж, хүч харьцаа нь ихээхэн өөрчлөгдөж байгаа нь монголчуудад илүү “сонин” гэж бодож байна. “Сонин” ч юу байхав, бидэнд хэрэгтэй, хэрэггүй, ашигтай хортой олон шинэ үзэгдэл бий болж байна.

Иймд монголчууд өнөөгийн улс төрийн нөхцөл байдал хийгээд хандлага, МАНАН-гийн сонгуулийн компанийг ажиглаж, сонирхож, оролцох ёстой гэж бодож байна…

МАНАН-гийн эрх баригчид монголчуудад “проблемуудын цуглуулга” л үзүүлж, “шийдлийн будлиан” зохиомлоор үүсгэж, тэднийг “онолдуулж”, хэрэлдүүлж байна. Харин шинжлэх ухааны үндэстэй системт анализ огт хийхгүй, хийлгэхгүй байна.

Та нар бод доо, сүүлийн хэдэн сард монголын улс төрийн нөхцөл байдлыг тулхтай шинжилсэн системийн анализ гарсан уу ?! Үгүй ш дээ…

Ингэж хэлэнгүүт л өөдөөс: “Тэгээд чи муу чаддаг юм бол тэр сүрхий анализаа хийчих л дээ” гэж араа шүдээ ярзайлгадгийг чинь би сайн мэднэ. Мөн “үүрэхийг нь би үүрч, янцаглахыг нь “онолын” хуурамбууд хийдэг зүй тогтлыг” ч би дэндүү сайн мэднэ…
Тун удахгүй би анализаа толилуулна. Энэ удаад зүгээр л “онолдож” тэнэгтэхээ боль, ард түмнийг үймүүлэхээ тат гэж л сануулж байна…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2019 оны 09 дүгээр сарын 19.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.