“Galaxy Fold”-ыг АНУ-д худалдаалж эхэлнэ


"Samsung” компанийн "Galaxy Fold” эвхэгддэг ухаалаг гар утсыг энэ долоо хоногийн сүүлээс АНУ-ын зах зээлд худалдаалж эхлэх төлөвтэй байна. "Galaxy Fold” баасан гарагаас эхлэн "Best Buy”, "AT&T”, "Samsung ” компанийн сонгогдсон дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхлэх бөгөөд хар, мөнгөлөг гэсэн хоёр өнгөний сонголттой байх ажээ.

"Samsung” 2000 орчим ам.долларын үнэтэй эвхэгддэг төхөөрөмжөө АНУ-д өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос худалдаалж эхлэхээр төлөвлөж байсан боловч эвдрэл үүссэнтэй холбоотойгоор хойшлуулсан юм. Тухайн үед АНУ-ын шүүмжлэгчдэд шалгуулахаар өгсөн "Galaxy Fold” гар утас эвдэрсэн бөгөөд учир шалтгааныг тогтооход зарим хүн төхөөрөмжийн дэлгэцийн хамгийн дээд давхаргыг салгасантай холбоотой байжээ. "Samsung"-ийн мэргэжилтнүүд "Galaxy Fold” гар утасны бусад доголдлыг засварлаж, илүү бат бөх болгосон байна.

Зургаан камераар тоноглосон "Galaxy Fold” гар утас нь 263 грамм жинтэй, 7.3 инчийн дэлгэцтэй /эвхсэн үед 4.6 инч/, 12 гегабайтын рамтай юм. Түүнчлэн дэлгэсэн үед 6.9 миллиметр зузаан байх бол эвхсэн үед байрлалаасаа хамааран 15-17 миллиметр зузаан болох ажээ. "Android 9” үйлдлийн системтэй "Galaxy Fold” гар утсанд тохиромжтой хавсралтуудыг хөгжүүлэхийн тулд "Google”, "Android”-ын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан гэж "Samsung” компаниас мэдээлсэн байна. 

Э.Хулан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.