Монголд хууль тогтоох, хуулийн цоорхойг ашиглах процесс хоёр зэрэг явдаг гэдэг. АТГ-ын мэдээлснээр сүүлийн 5-6 жилд зөвхөн авлигын гэмт хэргээс болж Монгол Улсад 11 их наяд төгрөгийн хохирол учирчээ. Энэ нь зөвхөн авлигачдын төрд учруулсан хохирол аж. Хууль тогтоогчдын санаатай санаандгүйгээр баталж өгсөн хуулийн цоорхойгоор гоожиж, улс хохирч, хулгайч нь ялгүй хоцорсон байна. Ихэнхдээ тэд "Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэдэг "онцгой ял”-аар өршөөгджээ.
Ийм хэргүүдийн технологи их энгийн. Сүр дуулиантай баривчилна, суллана. Тэгээд шалгаж байна, шүүхэд шилжүүлэхэд бэлэн боллоо гэдгээр нийгмийг залхаана. Дараа нь шүүхээс буцаана, эцэст нь энэ бүх цаг хугацааны нийлбэрээр уг гэмт хэргийг хөөн хэлэцэх хугацаа дуусна. Хэргийг шийдэх гэж бус, цаг хожих гэж сунжруулдаг. Ийм замаар, ийм технологиор явж хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, дуусах хугацаагаа хүлээж байгаа зарим хэргүүдийг танилцуулъя. АТГ-аас 2016 онд шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл огт шийдэгдэхгүй байгаа хэргүүд юм.
- Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэнгийн 17 тэрбум төгрөгийн хэрэг
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг"Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, эхнэрийнхээ "Говь повер” компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгч улсад их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл уг хэрэгтэй холбоотой шүүх хурал 2017 онд хэд хэдэн удаа хойшилж, шүүх эцэстээ дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Шүүх эцсийн шийдвэрээ гаргахгүй явсаар Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэрэгсэхгүй болжээ.
- "Эрдэнэт”-ийг барьцаалсан Ш.Батхүүгийн хэрэг
"Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Стандарт банкнаас зээл авсан гэх "Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн байдаг. НПГ-аас 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг НПГ-аас эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцээд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг албажуулан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НПГ-т ирүүлсэн. Ш.Батхүү нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг хүлээн аваад 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хүргүүлсэн байна. Гэтэл өнөөдрийг хүртэл шүүх хурал болоогүй, эцсийн шийдвэр гаргахгүй байсаар есдүгээр сард тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэрэгсэхгүй болж байгаа юм байна.
- УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын хэрэг
Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг үүсгэсэн.
Мөн УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар албан тушаалын байдлаа ашигласан Хөгжлийн банкнаас хамаарал бүхий этгээддээ зээл олгуулсан гэх хэрэгт шалгагдаж байсан. АТГ-аас Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч шүүхийн шийдвэрийг эцэслэн гарахгүй удааширсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосжээ.
- Төрөөс төрсөн тэрбумтан Р.Ононгийн хэрэг
Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг АТГ 2017 оны аравдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлсэн байдаг.
Түүнийг "нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн" гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар 2016 оны тавдугаар сард яллагдагчаар татсан.
Тэгвэл Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Ононд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн долдугаар сард дуусч хэрэгсэхгүй болгож шийдвэрсэн. Түүний 644 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцыг улсын орлого болгох шийдвэр л шүүхээс гаргасан байна.
- Хотын даргын хүүгийн хэрэг
АТГ-аас Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусаж, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн. НПГ-аас шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. НПГ-аас эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Э.Бат-Үүлийн өмгөөлөгч нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр бүлгийн 40.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гомдлыг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлээд зогсонги байдалд байна. Үүнийг хуульчид хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээж буй гэж хардсан.
Эцэст нь нэг л дүгнэлт хэлье. Улс хохирч, хулгайчийг өршөөдөг хөөн хэлэлцэх нэртэй энэхүү "онцгой ял” энгийн иргэдэд огт үйлчилдэггүй. Зөвхөн өндөр албан тушаалтнууд, тэдний ар гэр хүрээллийнхэнд л үйлчлүүлэх онцгой эрхтэй. Монголын хуулийн хамгийн хүнд заалт нь энгийн иргэддээ, хамгийн хөнгөн нь, бас цоорхой нь зөвхөн албан тушаалтнуудад зориулдагдсан гэдэг нь энэ болой
Э.Мөнхцэцэг
Эх сурвалж: itoim.mn
Сэтгэгдэл