Халуун амь дулаан хонож, тухтай байх гэсэндээ гэртээ гал түлж, өглөө нь хорвоог орхисоор байна. Дөнгөж намрын дунд сар эхэлмэгц насанд хүрсэн дөрөв, хоёр хүүхэд "Таван толгойн түлш”-ийн сайжруулсан гэх түлшнээс болж угаартаж амиа алдлаа. Гэтэл албаныхан ард иргэд буруу галласнаас болсон хэмээн бусад руу чихэж сууна. Бүр байтлаа түлшний үйлдвэрээ хамгаалтанд авах болж. Тэд үйлдвэрээ хамгаалж байгаа хэрнээ хүнээ, иргэдээ яагаад бодохгүй байна вэ.
Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа чуулганы танхимд ч хэлсэн. Тэрбээр амиа алдсан хоёр хүүхдийн гэр бүлд очиж, буяны ажилд нь оролцжээ. Талийгаачдын өвөө Мөнхбат албан тушаалтнуудад дамжуулж өгөөрэй хэмээн гурван асуулт асуусныг УИХ-ын гишүүн З.Нарантуяа уламжилсан. Тэр үгийнхээ эхэнд "Би энэ үсгийг дамжуулахдаа Засгийн газрын бодлогыг үгүйсгэх гэсэнгүй. Мэдээж цаашид улам боловсронгуй болгоод явах хэрэгтэй. Бодлогыг хэрэгжүүлэхийн тулд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх гэж байгаа энэ аргыг буруутгахгүй. Илүү сайн, технологийн өндөр түвшинд, горимд шилжүүлж, бүх төрлийн лабораторын шинжилгээ, судалгаа, лавлагаагаар хангаж үйлдвэрлэх ёстой” гэсэн юм. Тэрбээр цааш нь "Та нар яагаад аюулгүй байдлыг нь хангаагүй түлшийг бидэнд тарааж өгсөн юм бэ. Энэ чинь мэдлэг, мэдээлэл муутай ард түмэн бидэнд химийн зэвсэг өгөөд, үүгээр өөрсдийгөө егүүтгэ гэсэнтэй адил арга хэмжээ боллоо. Үүн дээр төр, засгийн ажил хариуцсан хэн нэгэн хүн хариуцлага хүлээхгүй юу. Хариуцлага хүлээгээд "Бид буруу ажиллалаа. Буруу ажиллагаагаа засъя гэдэг ганц болтугай төрийн албан тушаалтан уучлалт гуйгаад, үнэн байдлаа иргэддээ хэлэх боломжгүй байгаа юм уу. Дөнгөж өчигдөрхөн хоёр сайхан үрээ инээж, хөхөрч байхыг хараад баясаж байсан тэр залуу эцэг, эх өнөөдөр сэтгэл санааны хямрал, шокын байдалд орчихсон. Ядаж тэр байдлыг нь хүндэтгээд өөрсдийгөө зөвтгөж байгаа мэдээ, мэдээллээ нийтэд түгээлгүй, буруугаа хүлээгээд, бидэн дээр ирээд уучлалт гуйгаад, зовлон бэрхшээлээс маань хуваалцаж болоогүй юм уу.” гэж асуулгасан шүү гэлээ.
Үнэхээр ч агаарын бохирдлыг бууруулахын тулд авч арга хэмжээ нь буруу гэж иргэд гомдоллоогүй. Гэхдээ зургаан хүний халуун амь үгүй болчихоод байхад хаа, хаанаа хариуцлагын тогтолцоогүй, иргэдийн амийг гаргуунд нь гарчихаад тоохгүй байсаар байх уу. Ядаж алдаа байж магадгүй, бид засъя гэж болдоггүй юм байх даа.
Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй иргэдийг "туршилт” маягаар шинэ түлшинд хордуулсан хэрнээ хэнэг ч үгүй зааварчилгаа зөрчсөн гээд сууж байгаа албаныхантай хэн хариуцлага ярих болж байна вэ.
Арваад хоногийн өмнө "Таван толгойн түлш” компанийн "Сайн түлш”-нд асуудал байна иргэд хохирч байна гэж шуугиж байсан бол өнөөдөр бүх нийтээрээ хэвлэл мэдээлэл болон цахим орчинд утаагүй болсон талаар гайхуулж эхэлжээ. Хүний амь эрсэдсэн гээд байхад л бид сайн ажиллаж байна гэж гайхуулсаар байгаа нь иргэдийг хэт басамжилж буй хэрэг гэлтэй.
Агаарын бохирдлыг бууруулахад улстөрчид бүгд санал нэгддэг. Гэхдээ иргэдийн амийг цөөлж бус аюулгүй орчин бий болгож гэдэгтэй ч санал нэгддэг. Тийм байтал өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрсэлсүх, хотын дарга С.Амарсайхан нар "Сайн түлш”-ээ магтан дуулж, хүний амь нас, эрүүл мэнд заналхийлж байгааг нь мэдсэн ч мэдээгүй мэт байсаар байх уу. Өөрсдийгөө биш юмаа гэхэд алдаа гаргасан албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцож, ард иргэдээ бодох цаг тань болсон гэдгийг хэзээ ухамсарлах болж байна вэ. Агаарын бохирдол улстөржих асуудал биш. Нам харгалзахгүй утаанд ч угаарт хордох нь гарцаагүй.
Сэтгэгдэл