Хуурамч дипломтой хүмүүс төрийн томоохон албан тушаал хашиж, бөөн асуудал үүсэж байсан цаг үе саяхан. Сургуулийн захирлаас эхлээд дүүргийн Засаг даргаар хүртэл ажиллаж байсан тохиолдол бий. Хэдэн мянган хуурамч дипломтон салбар бүрт шургалан орж, хэн нэгэн даргын татаасаар удирдах албан тушаалд томилогдож байсан цаг саяхан. Энэ байдал хэрээс хэтэрснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа шүүмжилсээр төр засаг хуурамч дипломын эсрэг тэмцэж эхэлсэн байдаг. төрийн албаны зөвлөлийнхөн хуурамч дипломтой дарга, ажилтнуудтай хэдэн жил тэмцсэний эцэст арайхийн цэгцэнд нь оруулж байв.
Боловсролын яамны нэгдсэн сан бүртгэлд диплом нь бүртгэлгүй хүнийг ажилд авдаггүй, авсан тохиолдолд арга хэмжээ авдаг технологи хууль мэт мөрдөгддөг болоод цөөн ч гэсэн хэдэн жил болж байна. Гэвч хуурамч дипломтнуудын балаг одоо ч гэсэн үргэлжилж байна, бүр боловсролын салбарт. Монгол солонгосын политехникийн коллежийн захирал Х.Цэгмидийн талаар манай сонинд нэгэн албаны эх сурвалж ноцтой баримт авчирч өгөв. Х.Цэгмид нь хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн ойрын хүн гэнэ. Тэр ч утгаараа дээрх сургуульд эрх дархтай байдаг ажээ.
Тэгвэл Хүрэлбаатар овогтой Цэгмид нь ХААИС-ийн мал эмнэлгийн факультетийг төгссөн гэдэг байна. Гэтэл түүнтэй хамт сурч байсан ангийнхан нь "Х.Цэгмид бидэнтэй хамт сургууль төгсөөгүй. Түүнд диплом байх ёсгүй. Сургуулиас хөөгдөөд явж байсан” гэдэг ажээ. Төрийн албаны зөвлөлөөс "МСҮТ, политехник коллежийн захирал томилох сонгон шалгаруулалтын заалтад таваас доошгүй жил төрийн байгууллагад ажилласан, удирдах албан тушаалд хоёроос доошгүй жил ажиллаж, бакалавр, магистрын дипломтой, хууль эрх зүй, боловсрол нийгмийн удирдлага мэргэшсэн хүнийг томилно” гээд тодорхой заагаад өгчихсөн байдаг юм байна. Гэтэл Х.Цэгмид монгол, Солонгосын политехникийн коллежийн захирлаар томилогдохдоо сонгон шалгаруулалтад орж байгаагүй. Шууд л эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын тусламжтайгаар захирал болчихсон гэнэ. Улмаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын босго, захирлуудын сонгон шалгаруулалтын шаардлага боловсрол, ажлын туршлага ажилласан жил, мэргэшил гээд төрийн албан хаагчийн ямар ч шаардлагыг огт хангахгүй хүн сургууль удирдаж байгаа аж.
Дээрх сургуулийн захирлаар өмнө нь ажиллаж байсан эмэгтэйг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Түүнийг гурван шатны шүүхээр үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн гэдэг нь тодорхой болж, эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсан байна. Захирал асан эмэгтэй шүүхийн тогтоол шийдвэрийг С.Чинзориг сайдад өгчээ. Түүнээс шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардсан гэнэ. Гэвч С.Чинзориг Х.Цэгмид гэх захирлыг цээжээрээ хамгаалж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзах болжээ. Гэтэл Х.Цэгмид нь хуурамч дипломтой, бусдын хуурч мэхлэн сургуулийн захирал болсон байж болзошгүй ноцтой асуудал яригдаж эхэлжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр "монгол, Солонгосын политехникийн коллежийн захирал Х. Цэгмидийн өгсөн диплом БСШУСЯ-ны цахим бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. Мөн хамт суралцаж байсан ангийнхан нь түүнийг сургуулиас хөөгдөж байсан гэсэн яриа бий.
Тэгэхээр энэ асуудал маш ноцтой зүйл болон хувирч байгаа юм. Энэ талаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнуудад уламжилсан” гэв. Бид энэ талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.
ЭХ СУРВАЛЖ: Үндэсний шуудан сонин /npost.mn/
Сэтгэгдэл