УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд засгийн эрх авахын төлөөх тэмцэлдээн улс төрийн намуудын дунд аль хэдийнэ өрнөж эхэлжээ. Тэр дундаа өдгөө УИХ-д сөрөг хүчний үүрэгтэйгээр ажиллаж буй АН-ын зөвлөлийнхөн сонгуульд хэрхэн оролцох схемээ бэлтгэж эхэлсэн байна. Харамсалтай нь тэд ирэх 2020 оны сонгуулийг мөнгөнийх болгон хувиргах санаархал, төлөвлөгөө гаргасан байх юм. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдсан бөгөөд намаас УИХ-д нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс 100 сая төгрөгийн дэнчин авах талаар ярилцжээ. Энэ яриаг эмэгтэйчүүд ихээхэн эсэргүүцсэн учраас тэдэнд 40 хувийн хөнгөлөлт үзүүлснээр 60 сая төгрөг болгож, сонгуульд өрсөлдөх эрх олгохоор тохиролцжээ. Дэнчингийн мөнгийг 4-5 сарын хугацаанд хуваан байршуулж болох бөгөөд бүрэн төллөө гээд нэр дэвших эрх авчихна гэж ойлгож болохгүй гэнэ. Нэр дэвшигчийг тодруулахдаа салбар, хорооны намын байгууллагаас олонхын дэмжлэг авсан хүнийг сонгох учраас нэр дэвших эрх авахгүй байх ч магадлалтай аж. Гэсэн ч дэнчингийн мөнгөө буцаан авах боломжгүй. Харин нам сонгуульд ялалт байгуулбал улс төрийн дэмжлэг үзүүлэх буюу аливаа албан байгууллагад ажиллах томилолтыг намаасаа ногоон гэрлээр авах юм байх. Хэдийгээр энэ нь эцэслэн баталсан тоо биш ч эхний байдлаар 100 орчим сая төгрөгийн дэнчин хураалгах хэрэгтэй гэдгийг горилогчдодоо ойлгуулсан бололтой юм.
Ийнхүү сонгуулийг мөнгөний өрсөлдөөн болгон хувиргах нь улс төрийн намын дотоод асуудал мэт харагдавч эцсийн дүндээ олон нийтэд хор хохиролтой зүйл гэдэг нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, улс төрийн намын эцсийн зорилго нь засгийн эрхэнд гарах байдаг. Гэтэл нам нь ялбал яах вэ. Төлсөн мөнгөнийхөө хэмжээгээр албан тушаалд очиж таарна. 100 эсвэл 60 сая бага мөнгө биш. Нэг ёсондоо энэ чинээний мөнгө төлсөн нөхөд төрийн өндөр сэнтийд залрахыг үгүйсгэхгүй.
Энэ тохиолдолд төрийн албан тушаалыг наймаалцах ажиллагааны эхлэлийг АН-ынхан тавилаа гэж дүгнэхээс аргагүй. Хачирхалтай нь ийм дүгнэлтэд АН-ын дарга С.Эрдэнэ тэр өөр тайлбар хийж сууна. Түүний үзэж буйгаар улс төрийн нам гишүүдээсээ татвар, хураамж авах нь энгийн үзэгдэл бөгөөд намын дотоод асуудал хэмээн тодорхойлсон байна. Энэ тухайд тэрбээр "Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс дүрэм журмынхаа хүрээнд татвар, хураамжаа тогтоод үйл ажиллагаагаа санхүүжүүлэх асуудал хаана ч байдаг. Цаашилбал, сонгуульд оролцоход шаардлагатай санхүүжилтийн хэмжээг хэрхэн, ямар зарчмаар тогтоохоо бид өөрсдөө мэдэх эрхтэй. Түүнээс бид ямар нэгэн албан тушаал наймаалцах, төрийн албыг худалдах асуудал байхгүй” гэжээ. Тэгвэл татвар, дэнчин хураан байж УИХ-ын сонгуульд оролцох гэж буй АН-ын эцсийн зорилго юу вэ.
Засгийн эрхэнд гарахын тулд ийнхүү сонгуульд хүч үзэх гээгүй гэж үү. Энэ тохиолдолд төрийн албыг эртнээс наймаалцаж, "дамлан зарах” алхам хийлээ гэж дүгнэхээс өөр яалтай. АН-ын хувьд сонгуулийг их хэмжээний мөнгөөр үнэлдэг нь шинэ үзэгдэл биш. Тэдний хувьд гишүүнчлэлийн татвараас гадна сонгуулийн дэнчинг бусад улс төрийн хүчнээс харьцангуй өндөр тогтоодгоороо ялгардаг. Энэ үзэгдэл сүүлийн жилүүдэд бүр гаарсан буюу УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа удирдлагад нь өөрчлөлт орж, С.Эрдэнэ толгойлох болсон цагаас мөнгөний асуудлыг хүчтэй ярьж, өмнөх жишгээс давсан өндөр дүн тогтоож байсан удаатай.
Тухайлбал, өнөөдрийн байдлаар АН-ын Үндэсний бодлогын хороо 400 гаруй гишүүнтэй. Гишүүн тус бүрийн жилийн татвар гурван сая төгрөг. Тооцож үзвэл гишүүнчлэлийн татварт АН-ынхан жилд багагүй хэмжээний мөнгийг цуглуулдаг ч түүгээр сонгуульд оролцох боломжгүй гэж үзжээ. Тийм ч учраас Үндэсний бодлогын хорооны гишүүдийн жилийн татварыг гурав биш арван сая болгох талаар ч хөндсөн байна. Түүнчлэн АН-ынхан 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж байхдаа сонгуулийн квотыг 50 саяар үнэлж байсан нь бий. Эдгээр тоо баримтаас үзэхэд жил бүрийн сонгуулийн төсвөө нэмж, гишүүнчлэлийн жилийн татвараа ч өсгөж ирсэн байх юм. Энэ бүгдээс үзвэл АН-ынхны сонгуульд өрсөлдөх гол хөзөр нь мөнгө бололтой. Гэхдээ мэдээж маш их хэмжээний мөнгө. Угтаа сонгууль бол хэн нь их мөнгөтэй, хэн нь хэдийг тараах тухай ойлголт огт биш юм. Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо үзэл бодлоороо, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх учиртай. Гэвч ийнхүү улс төрийн ууган хүчний нэг АН-ынхан мөнгөн босго тогтоож, түүнийгээ жил ирэх бүр өсгөж байгаа нь харамсалтай. Ийм нөхцөлд сонгууль шударга болох, жинхэнэ үзэл бодлын өрсөлдөөн болно гэж итгэхэд бэрх. Нөгөө талаас ийнхүү сонгуульд нэр дэвших эрхийг мөнгөөр үнэлж байгаа нь Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийг зөрчиж буй нэг хэлбэр юм. Учир нь сонгох, сонгогдох эрх Монгол Улсын бүх иргэнд бий. Гэтэл ийнхүү хувь хэмжээ тогтоож буй нь намынхаа гишүүдийг мөнгөтэй мөнгөгүйгээр нь ялгаварласнаас өөрцгүй. 100 сая төгрөг бага мөнгө биш. Өдий тооны мөнгийг төлж чадаагүй ч АН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүсэлтэй хүнд хаалга хаалттай гэсэн үг. Энэ бол улс төрийн нам хүний эрхийг бүдүүлгээр зөрчөөд зогсохгүй гишүүдээ дорд үзэж буй нэг хэлбэр юм. Хамгийн аюултай нь, АН-ын даргын хэлснээр "Үзэл бодлынхоо үндсэн дээр нэгдсэн хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү бидэнд хамаагүй” байж болох ч 100 саяыг төлөөд сонгуульд өрсөлдсөн хүмүүсийн цаад зорилго юу байх вэ. Хэн ч бооцоогоо алдахыг хүсэхгүй. Адаглаад гаргасан мөнгөө олж авах гэж үзэх нь дамжиггүй. Цаашлаад давуулж олох санаархал өвөртөлсөндөө төрд зүтгээгүй гэж үү. Хэрвээ хууль хяналтынхан нүд, чихтэйсэн бол энэ мэт улс төрийн намын мөнгөний асуудлыг зүгээр хараад сууж боломгүй. Жишээлбэл, АН-аас нэр дэвших сонирхолтой нэгэн хамгийн анхны шаардлага болох 100 сая төгрөгөө бүрдүүлж таарна. Өөрт байвал гаргаад өгчихнө. Үгүй бол ямар нэгэн замаар олж таарна. Ингэж сонгуульд өрсөлдөх эрх авснаар ялалт байгуулбал яах вэ. Хамгийн түрүүнд шархаа нөхөхийг бодохгүй гэж итгэх аргагүй. Яг энэ үед хуулийнхан соргог ажиллах хэрэгтэй байгаа юм. Юун төлөө бид хуультай улс орон билээ. Улс төрийн намууд нь төрийн албыг энэ мэтээр ил тодоор наймаалцаж, сонгуулийг мөнгөний уралдаан болгож буйтай хэдий болтол эвлэрэх вэ.
Төрийн эрхэнд гарах чин зорилготой улс төрийн намын гишүүдийг эрх мэдэлтэй болсны хойно эргүүлдэх биш эсрэгээрээ энэ цаг үед хараа хяналтдаа авах зайлшгүй шаардлага бий болсныг АН-ынхны энэ удаагийн жишээ бэлхнээ харуулж байна. Эцэст нь уншигчдад хандаж хэлэхэд, улс төрийн сонгуульд бэлтгэхдээ ард түмнийхээ төлөө ямар шийдвэртэй алхам хийж, улс орноо өөд татах бус, их хэмжээний мөнгө босгож түүгээрээ иргэдийн үзэл бодлыг "худалдаж авах”-ыг санаархаж буй улс төрийн намд саналаа өгөх.
Цаашлаад тэднийг төрийн эрхэнд гаргалаа гэхэд бодлогын шийдвэртэй алхам, олон нийтэд чиглэсэн ямар ажил эхлүүлэх зэргийг хүлээгээд ч хэрэггүй болж байна. Сонгууль бол шууд утгаараа мөнгөний өрсөлдөөн болж хувирсныг АН-ынхан ийнхүү ил тодоор зарлаж байна. Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс гэх нэрийн дор улс төрийн намын удирдлагууд хүний эрхийн "хүчирхийлэл” үйлдэж, төрийн эрхэнд их мөнгөний хүчээр гарахыг санаархаж буй энэ үйл явцыг хэрхэвч мартаж болохгүй. Одоогоос ердөө долоохон сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Тэр үед сонгуульд өрсөлдөхийн тулд АН-ынхан ямар схем зохиож суусныг санах ой ард түмэнд бий гэдгийг зориуд тэмдэглэе.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл