Шилэн данснаас зугтаагсад хулгайч биш гэж үү!


Иргэн Ц.Элбэгдоржийн улсын Ерөнхийлөгч байхдаа санаачлан батлуулсан Шилэн дансны хууль хэрэгжээд дөрөв дэх жилээ үдэх гэж байна. Хэдийнэ хэрэгжээд, хэвшчих хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж буйгаа олон нийтэд ил тодоор мэдээлэхийг хүсдэггүй албан тушаалтнууд төрд байсаар. Энэ нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас авахуулаад УИХ-ын нэр хүндийг унагадаг. Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг Үндэсний аудитын газрын тайлан жил бүр базаахгүй гарах болсноос болж Ерөнхий сайдын захирамжаар Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг гаргасан. Одоо тэр ажлын хэсэгт багтсан хүмүүс ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг аудитаас нийтэлсэн тайланд дурдсан байна лээ. Ерөнхийдөө аудитаас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа нь холбогдох албан тушаалтнуудад ногдуулах сахилга, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатайг нотолж байгаа юм.

Ямартай ч үүнийг олон нийтийн зүгээс шахаж шаардах болсноор төрийн байгууллагуудын санхүүгийн зарлагаа мэдээлэх явдал бага болов ч дээшилж байгааг аудитын сүүлийн тайлангаас харж болохоор байна. Гэхдээ яг хуулийн хүрээнд бол хангалтгүй. Хуулиараа яам, тамгын газар, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон төрийн оролцоотой бүх компанийн шийдвэр гаргагчид тушаал гарснаас хойш долоон хоногийн дотор зарлагын гүйлгээгээ Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст нийтлэх ёстой.

Энэ удаад төсвийн 4948 байгууллагаас 4644 байгууллагыг түүвэрт хамруулан, хуульд заасан мэдээллийг хугацаанд нь Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан эсэхийг төсөв, санхүүгийн холбогдох баримт, нотлох зүйлстэй тулган шалгасан байна. Ингэхэд 46 байгууллагын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулах, 661 байгууллагад зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Тэднээс зарлагаа ил тодоор мэдээлээгүйг эш татвал, Архангай аймгийн хэмжээнд 737.1 сая төгрөгийн 434 тушаал, Баян-Өлгий аймгийн Засаг дарга 233.2 сая төгрөгийн 39 тушаал, Баянхонгор аймгийн хэмжээнд 274.1 сая төгрөгийн 190 тушаал, Булган аймгийн хэмжээнд 462.4 сая төгрөгийн 226 шийдвэр, Говь-Алтай аймгийн хэмжээнд 1313.9 сая төгрөгийн 1768 тушаал шийдвэрээ мэдээлээгүй болохыг аудитын тайланд дурдсан байна.

Мөн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга мөнгө зарцуулсан 48 тушаал, ЖДҮХС-ийн захирал 15 тушаал, ТЭДС-ийн захирал 13 тушаал,  Мал хамгаалах сангийн захирал 18 тушаалаа мэдээлээгүй зэргийг онцолжээ. Шилэн дансны тухай хуульд заасны дагуу аливаа зарлагад  нэг болон хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ хийсэн албан тушаалтан тухайн төсөв зарцуулалтын гүйлгээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх үүргийг хүлээсэн байдаг.

“Оюутолгой” компани шилэн данс огт хөтөлдөггүй бол “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр”, “Мон-Атом”, “Эрдэнэс-Тавантолгой” зэрэг компаниуд зарлагаа үнэн зөв мэдээлдэггүй

Хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа төрийн өмчит 80 компани шилэн данс хөтлөх ёстой.  Эдгээрээс “Оюутолгой”  болон “Эрдэнэс Монгол” компанийн харьяа “Эрдэнэс ашид”, “Эрдэнэс стийл”, “Эрдэнэс ассет менежмент”, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”, “Хишиг-Уул”, “Төв цэнгэлдэх хүрээлэн” гэсэн компаниуд шилэн дансны цахим хуудаст бүртгүүлээгүй ч байгаа аж. “Эрдэнэс Монгол”-ын харьяа хоёр компанийн хувьд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч үйл ажиллагаа явуулж эхлээгүй гэдэг шалтгаан тооцжээ. “Оюутолгой” компанийн хувьд хуульд заасан мэдээллийг ил тод мэдээлэх хугацаатай албан шаардлага өгсөн байна. Тэгвэл шилэн дансны цахим хуудаст бүртгэлтэй боловч мэдээллийг үнэн зөв, иж бүрэн, хугацаанд мэдээлдэггүй “Цахилгаан холбоо”, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр”, “Мон-Атом”, “Эрдэнэс-Тавантолгой”, “Дархан дулаан шарын гол”, “Дархан АЗЗА” болон Баянхонгор аймгийн “Цэвэр хот” компаниудад албан шаардлага өгчээ. Иймд хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компанийн ТУЗ гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулахдаа Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар заалт тусгаж, хэрэгжилтийг үнэлж, дүгнэх шаардлагатай байгаа аж.

ХЭН, ХААНА, ЯМАР АЖИЛ ХИЙЖ БУЙГАА МЭДЭЭЛЭХ ДУРГҮЙ БАЙНА

Шилэн дансны хуулиар төрийн байгууллагуудаас гадна, төсвийн мөнгө авсан компаниуд ч  хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний мэдээллээ Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулах учиртай. Улсын төсвийн хөрөнгөөр 10 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн 836 аж ахуйн нэгж, байгууллагаас ердөө 29 нь Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулах цэстэй байгаа гэнэ. Тэдний хоёр нь л хуульд зааснаар мэдээллээ байршуулжээ.

Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст цэс нээгдсэн 836 аж ахуйн нэгж байгууллагын мэдээлэх ёстой 349.7 тэрбум төгрөгийн 998 мэдээллээс зөвхөн хоёр нь 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийн мэдээллээ байршуулсан байна. Харин 99.8 хувь буюу 834 нь мэдээллээ нийтэлдэггүй гэсэн үг.

Мэдээллээ ил тодоор оруулсан байгууллагуудыг авч үзэхэд, БСШУСЯ-аас ажил, үйлчилгээ авсан “Хатуу төмөр” компанийн Архангай аймгийн Хашаат суманд хэрэгжиж буй нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 250 суудал бүхий Соёлын төвийн барилгын төсөл, “Бор божуу” компанийн Дархан-Уул аймгийн Дархан суманд хэрэгжиж буй 900 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Цэцэрлэгийн барилга худалдан авах төслийн мэдээллийг санхүүжилтийн өссөн дүнгээр шилэн дансны цахим хуудсаас харж болохоор байна.

Энэ мэтээр нийслэл, дүүргийн хэмжээнд 2018 оны байдлаар нийслэл, дүүрэгт төсвөөс санхүүжүүлсэн 10 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч 570 аж ахуйн нэгжийн 18 буюу 3.2 хувь нь л шилэн дансны цахим хуудсаар үйлчлүүлжээ. Тэд улирал тутам 134 тэрбум  төгрөгийн 2361 мэдээллийг шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулахаас Хан-Уул дүүргийн төсвөөс 73.1 сая төгрөгийн санхүүжилт авсан нэг төслөөс бусад 569 нь хуульд заасан мэдээллийг огт шилэн болгоогүй, ил тод мэдээлээгүй. Энэ нь шилэн дансны цахим хуудаст цэс үүсгэх, мэдээлэл байршуулах үүргийг бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай гэрээнд тусгадаггүй, санхүүжилт олгосон байгууллагаас хяналт тавих, хариуцлага хүлээлгэх талаарх харилцааг хууль болон холбогдох журамд нарийвчлан зохицуулаагүйтэй холбоотой аж. Тиймээс Шилэн дансны тухай хуулийн дагуу улс орон нутгийн төсвөөр ажил гүйцэтгэж байгаа, бараа нийлүүлсэн, эсвэл үйлчилгээ үзүүлсэн байгууллагатай төсөв захирагчид гэрээ байгуулахдаа шилэн дансанд цэс нээлгэх, мэдээлэл байршуулах үүрэг, хариуцлагын талаар тусгаж үр дүнг үнэлэх, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай гэж Үндэсний аудитын газраас үзсэн байна.

Аудитын газрын тайлангаас харахад, төр, хувийн хэвшилгүй шилэн данснаас зугтаах сонирхолтой байгаа нь харагдана. Тэгвэл өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиас зугтаж, төсвөөс зарсан болон авсан мөнгөө ил тодоор мэдээлэхээс зайлсхийж буй хүмүүс хулгайч биш гэж үү. Хулгайч биш бол нээлттэй мэдээлэх л ёстой доо.

Д.Мягмардорж

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.