М.Оюунчимэг: Тууштай, шантаршгүй байвал амжилтад хүрнэ


 

"Хүүхдээ ямар хүн болгох вэ”, "Ямар мэргэжилтохирох уу”, "Энэ нийгэмд хамгийн эрэлттэй,ирээдүйтэй нь аль нь вэ”  гэсэн асуулт олон хүндтулгардаг. Тэгвэл бид мэргэжлийнхээ эзэн болж,салбартаа аль хэдийнэ амжилтын гараас атгасанхүмүүсийн үгсийг цувралаар хүргэж байгаа билээ.Энэ удаагийн зочноор Олон улсын сэтгүүлч, эдийнзасагч , улс төрийн тоймч М.Оюунчимэгийг онцолжбайна. 

-Та мэргэжлээ хэрхэн сонгосон бэ. Амжилтын гараа,амьдралын баталгаа мэргэжил сонголттой холбоотойгэдэгтэй санал нийлэх үү?

- Багаасаа телевизийн мэдээг шимтэн үздэг байлаа. Энэ үеэс л сэтгүүлч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн өөрийгөө бэлдсэн. Багын л хортой, шартай ч гэх юм уу, зорьсондоо хүрэхийн төлөө махран зүтгэдэг тууштай хүүхэд байсан. Тийм болохоор өөрийгөө хөдөөний хүүхэд гэж гололгүй  сэтгүүлч болно гэж зүтгэсээр, Хөвсгөлийн арван жилийн сургуулийн охин Улаанбаатарын хүүхдүүдтэй өрсөлдөн шалгалт өгч,  Ленинградын  улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид орж байлаа. Сэтгүүлч бүхэн аливаа асуудалд мэргэжлийнхээ ёс зүйг баримтлан, тууштай, шантаршгүй байж чадвал амжилтад хүрэх боломжтой.

-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

- Сэтгүүлч бол эрхэмсэг, гайхалтай мэргэжил. Хүний амьдралын бүхий л жаргал, зовлон, баяр гунигийг баян чинээлэг, ядуу хоосон, дарга цэрэг гэж үл ялган хамгийн түрүүнд хуваалцаж байдаг нийгмийн эмч, эрүүлжүүлэгч нь сэтгүүлч юм. "Нэг хүний нөлөөлөл дэлхийг ч өөрчлөх хүчтэй” гэсэн үг бий. Сэтгүүлчийн ажлын үр дүн  тухайн нэг асуудлыг хөндөж, түүнийгээ төр, засгийн анхааралд хүрч, шийдтэл нь ажиллаж чадсан эсэхээс шууд хамаардаг.  20 гаруй жил сэтгүүлзүйн салбарт ажиллахдаа сайхан, муухай олон л зүйлтэй учирч байлаа. Тухайлбал, тусламжийн цагаан будааны булхайг дэлгэснийхээ төлөө Монголын банк санхүүгийн салбарт үүсээд байгаа булхай, хууль бус мөнгө угааж байсан тухай, төрийн албан тушаалтнуудын авлигатай холбоотой асуудал гээд эрэн сурвалжлах чиглэлээр амь өрссөн олон сурвалжлага хийсэн.  Үүнийхээ төлөө олон ч удаа дарамт шахалтад өртөж байлаа. Энэ бол сэтгүүлч мэргэжлийн муухай ч гэх юм уу, эрсдэлтэй тал нь.  Гэсэн ч би няцаж ухралгүй тууштай байснаараа хууль хяналтынхны анхаарлыг хандуулж, таслан зогсоож байлаа.

-Одоогийн нийгмийн байдал таны мэргэжлийг хэрхэн хүлээн авч, яаж үнэлж байна вэ?

-Бид бол дөрөв дэх засаглалынхан. Хамгийн нэр хүндтэй, хамгийн хэрэгцээтэй бас хамгийн аюултай мэргэжлийн жагсаалтад сэтгүүлч мэргэжил ордог. Гэвч манайд сэтгүүлчийн нэр хүнд, үнэлэмж тэдэнд итгэх итгэл доод түвшинд орлоо.  Өнөөдөр Монголд улстөрч бүхэн шахуу өөрийн гэсэн телевиз, сонин, сайттай байна. Гэтэл Япон, Америк гээд бусад орны улстөрчдөд хувийн телевиз, сонин байна уу.  Мөн манайхан улстөрд орчихоод дараа нь хэвлэлийг мөнгөөр  худалдан авч, өөрсдийгөө сурталчлах, өрсөлдөгчөө намнах зэвсэг болгон ашиглаж байгаа нь мэргэжлийн сэтгүүлчдийн үнэлэмжийг маш ихээр унагаж байна. Хэвлэл мэдээллийн салбар хэн нэг улстөрчийн хувийн "зэвсэг” биш. Түмний төлөө дөрөв дэх засаглалынхаа үүргийг биелүүлэх эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийн төлөө би тууштай ажиллана. Улс төрд нэгэнт орсныхоо дараа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болдог увайгүй жишгийг хуулиар зохицуулж иргэдийн мэдээлэл авах, өгөх  эрхийг хангахгүй бол Монголын улс төр, нийгэм  эрүүлжихгүй.

-Та мэргэжлийнхээ ирээдүйг хэрхэн хардаг вэ?

- Сэтгүүлч хүн цагийн зүү мэт байх ёстой. Нийгмийг хаашаа, юунд хөтлөхийг урьдчилан чиглүүлдэг луужин нь болох ёстой. Нийгэмд амьдрал буцалж, үйл явдал өрнөж байгаа цагт сэтгүүлч гэдэг мэргэжил байсаар л байна.  Гэхдээ "ирээдүйн” сэтгүүлчид хэн нэг эрх мэдэлтэн, улстөрчдийн үгэнд автаж, тэдэнд хөтлөгдөх биш харин өөрсдөө тэднийг хөтөлж, нийгэмд үнэнийг хүргэж чадахын тулд цаг минут бүрт өөрсдийгөө боловсруулж, мэдлэг мэдээллээр тархиа цэнэглэж байгаасай. Сэтгүүлч бол үйл явдлыг зүгээр нэг дамжуулагч биш үнэний түүхийг бичигч юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.