Өчигдөр Умард Солонгосын засгийн газар удирдагчийг нь шоолж, тохуурхсан үг хэллэгийг дахин ашиглавал Дональд Трампын хочийг бас сэргээн хэрэглэнэ гэж АНУ-ын талд анхааруулсан байна.
Тэрээр энэ хочийг 2017 онд буюу Умард Солонгосын дэглэмтэй ид сөргөөцөлдөж байхдаа анх ашиглаж байжээ. Харин өчигдөр Умард Солонгосын гадаад хэргийн яамны тэргүүн дэд сайд Чой Сон Хуй төрийн хэвлэлд нийтлүүлсэн мэдэгдэлдээ “хэрвээ манай их удирдагчийг доромжилж тохуурсан үг хэллэгийг давтан ашиглавал” Трампыг “хөгшин зөнөг” гэж нэрлэнэ хэмээн анхааруулсан байна. Тэр бас их удирдагчийнх нь нэр хүндэд халдсанаар Умард Солонгосын ард түмний АНУ-д хандах хандлага өөрчлөгдөж болзошгүйг сануулжээ.
2017 онд Трампыг Умард Солонгосын хэвлэлд “хөгшин зөнөг” хэмээн хочилж байсан юм. 2018 оноос эхлэн хоёр орны харилцаанд эргэлт гарч, цөмийн зэвсгийн яриа хэлэлцээ эхэлсэн тул дахин ийм үгсээр харилцан нэгнээ доромжлохгүй болсон байна.
Гэвч энэ оны дундаас Вашингтон-Пёньяны харилцаа илт муудаж эхэлсэн юм. Энэ оны хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханойд хоёр дахь удаагаа уулзахдаа Трамп, Ким нар зөвшилцөлд хүрч чадалгүй салснаар энэ бүхэн эхэлжээ.
Пёньяны дэглэм яриа хэлэлцээг он дуусахаас өмнө шинэ нөхцлөөр эхлүүлэхийг Вашингтоны талд уриалаад байгаа. Хэрвээ энэ саналлыг хүлээж авахгүй бол шинэ оноос эхлэн хоёр орны харилцаа муудах төлөвтэй байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Associated Press
Сэтгэгдэл