Сошиал шуугианд зориулж ажилласаар албаа өнгөрөөх үү?


Шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийг тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тагнаж, чагнах болж бөөн сенсааци болж байв. Эцэстээ У.Хүрэлсүх өөрөө өөрийгөө чагнасан болж таарсан. Харин дуулиан намжихтай зэрэгцэн МАН-д огцом өөрчлөлт хийгдэж, Засгийн эрх түүний гарт шилжсэн байлаа. Тэр энэ мэтчилэн олны анхаарлыг хэрхэн татаж, хэнд юу гэж хэлэхээ мэддэг мэдрэмжтэй нэгэн. Үйл явдлын үнэ цэнээс илүүтэй олны хүссэн үгийг олж хэлж попрохдоо мэргэн. Ямартаа Ерөнхий сайд болохдоо Шударга ёсны төлөө нүдээ цавчилгүй ажиллаж, хууль бус үйлдлийн эсрэг сэлэмээ буулгахгүй тэмцэнэ гэх үг нь олныг огшоож, орилолдуулахав. Тэр эрчээрээ шуурсаар ард түмний хүсэмжит сайд хэмээн өргөмжлөгдөөд авсныг ч үгүйсгэхгүй. Түүнээс хойш ч цахим орчныг ажиглаж, тэнд ажилласаар ирлээ. ...Засгийн эрх солигдсоны дараагаар ЖДҮ-гийн хэрэг ил болов. Кабинетад нь байгаа эрхмүүд толгой дараалан холбогдож, нам дотроо хувьсгал хийсэн баатруудын нэр тусгай сангийн хөрөнгийг хүүлсэн мөнгөний хэмжээтэйгээ ил болж эхэлсэн. Харин хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй, хуудуутай явдалтай нэгэнтэй нөхөрлөхгүй хэмээн үг мэс далайж суусан Ерөнхий сайд таг. Мөнгө мөрөө үлдээдэг гэгчээр бүх зүйл илэрсэн ч паг. Н.Номтойбаярын хэлснээр У.Хүрэлсүх өөрөө ч ЖДҮ-чин болж таарсан. Гэсэн ч олон нийт У.Хүрэлсүхийн амласан цэвэрлэгээг хүлээсээр. Үйл явдал өрнөж, хуулийн байгууллага буруутай этгээдүүдийг тогтоочихоод байхад ч гүлдийсэн хэвээр. Ухнаагийн хүүгийн үг, үйлдлийн зөрүүг цахим орчинд шүүмжилж эхэлмэгц мань эр “Хулгай, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй” хэмээн юу юугүй хэрэгтнүүдийг цавчихна уу гэмээр өндийж олны шуугианыг намжаав. Гэхдээ тэр цэвэрлэгээгээ хийсэнгүй. ...УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүүхний хэрэгт холбогдсон. Ёс зүйн хариуцлага хүлээх учиртай талаар эмэгтэй гишүүд ам нээхэд У.Хүрэлсүх чимээгүй л байв. Харин ч эсрэгээрээ ёс зүйн хариуцлага хүлээх учиртай гэсэн эмэгтэйчүүдийг бүлгийн хурал дээр дарамталж, зандарсан тухай А.Ундраа гишүүн олонд дуулгасан. Арга буюу үнэнд дийлдсэн У.Хүрэлсүх эцэстээ Д.Гантулга дүүгийнхээ гарыг тавьж чуулганы индэр дээрээс “Би Д.Гантулгыг ёс зүйн хариуцлага хүлээж өргөдлөө өг” хэмээн загналаа гэсгээд дуугаа хураав. ...Ноён уулын асуудал зуны турш дуулиан тарив. Нутгийн иргэд, худалдагдсан хүмүүс гэхчлэн талцаж, маргалдсан. Сүүлдээ савнаасаа хальж олон нийтийг хөдөлгөж эхлэхэд поп сайд маань түмэнд таалагдах хариуг олж ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат болгох тухай зарлан нэмэх оноо. ...Өнөөдөр авто зам ашигласны төлбөрийн нэмэгдэл дээр мань хүн бас нэг ил гарав. Хотын дарга С.Амарсайхан Ерөнхий сайдын өрөөнд орж ирэх оны төсвийн задаргаагаа хийсэн гэх албан бус мэдээ бий. Үүнээс үзвэл авто зам ашигласны хураамжийг нэмэгдүүлэх нь С.Амарсайханы бус У.Хүрэлсүхийн санаа байж мэдэх. Юутай ч 60 тэрбумын схемийг сонссон хэргээр М.Энхболд хариуцлага хүлээдэг шиг У.Хүрэлсүх ч хураамжийн нэмэгдлийн талаар сонссон байгаа юм. Тийм атал тухайн үед нийслэл төсвөө хэлэлцэж байхад ам нээгээгүй атал иргэд жагсаал цуглаандаа тулж, олон нийт бухимдсаны эцэст ил гарч асуудал шийдсэн мэт дүр эсгэлээ. Ингэхдээ хотын даргыг өрөөндөө дуудаж “Олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахдаа иргэдийн санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байя, Бумаа минь” хэмээн хэлсэн гэнэ. Чухамдаа, мөнөөх мөрдэсээ хуулдаг цэрэг шиг л... ард нийт сошиал орчинд шуугингуут мөрдэсээ тавиад, нам жим ноёлуут хуулж аван цагийг нөгцөөж байна, хөөрхий.

Эх сурвалж: Niigmiintoli.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.