Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр /2019.12.17/ өглөө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч болон, түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр өнөөдөр хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд хар тамхи хэрэглэсэн хэргээр ял сонссон шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцов.
Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргалаа.
Мөн шүүгдэгч Б.Амархүүд урьд нь авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
Сэтгэгдэл