Финландын шинэ ерөнхий сайдыг “худалдагч охин” гэж нэрлэсэн сайдынхаа өмнөөс Эстони улс уучлал гуйв


Өнгөрсөн долоо хоногт Финланд улс 34 настай Санна Марин хэмээх бүсгүйг ерөнхий сайдаарaa томилсон нь дэлхийн хамгийн залуу засгийн газрын тэргүүн болсон юм. Түүний тэргүүлж байгаа эвслийн засгийн газрыг бүрдүүлэгч таван намын дөрвийнх нь дарга нар 35 хүртэл насны эмэгтэйчүүд байгаа юм.

Тэгвэл Финландын хөрш Эстони улсын дотоод хэргийн сайд, 70 настай Март Хелме өнгөрсөн Ням гарагт хэвлэлд ярилцлага өгөхдөө Мариныг “худалдагч охин” хэмээн хочилж, улс орноо зөв удирдах чадварт нь эргэлзэж байгаагаа ярьжээ.

“Нэгэн худалдагч охин хэрхэн ерөнхий сайд болж байгааг, гудамжинд тэмцэж явсан боловсролгүй этгээд хэрхэн сайд болж байгааг бид өнөөдөр харж байна” гэж Хелме радиод өгсөн ярилцлагынхаа үеэр өгүүлсэн байна. Март Хелме нь Эстонийн барууны үзэлтэй Экре намын тэргүүн юм.

Эстонийн дотоод хэргийн сайд Март Хелме

Энэ явдлын дараа Эстонийн сөрөг хүчнийхэн Хелмег огцрохыг шаардаж, Эстонийн ерөнхийлөгч Керсти Калюлайд Финландын ерөнхийлөгчтэй утсаар холбогдож, сайдынхаа хэлсэн үгний төлөө уучлал гуйжээ. Социал демократ улс төрч Марин ядуу гэр бүлд өссөн, их сургуульд элсэхээсээ өмнө дэлгүүрт кассчин хийж байсан тухайгаа ярьсан байдаг.

“Би Финланд орноор бахархдаг. Энд ядуу айлын хүүхэд боловсрол олж аваад амьдралын зорилгоо биелүүлж чаддаг юм. Кассчин хүн хүртэл ерөнхий сайд болж болдог газар” гэж Санна Марин өчигдөр твиттер хуудсандаа бичжээ. Дотоод хэргийн сайдаа Финландын ерөнхий сайдын талаар хэлсэн үгнийхээ төлөө огцрохгүй бол парламент дээр түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт зохион байгуулахаа Эстонийн сөрөг хүчний тэргүүн Каяа Каллас өчигдөр мэдэгдсэн байна.

Э.Сэмүүн

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.