Улсын нэр хүнд чухал уу, иргэдийн амь нас чухал уу


Ард түмэн хүлээлттэй, горьдлоготойгоор 2019 оныг үдлээ. Иргэд хууль батлагчид, эрх баригчдаас юу хүсч хүлээж горьдов гэвэл гэмт хэрэгтэнд таарсан, тохирсон ял шийтгэлийг зөв зүйтэй шударга оноож шийтгэж байхыг хүсэв, хүлээв. Ийн хэлэхийн учир нь он солигдох дөхөж байхад хүүхдээ нэгэн хамаатныхаа хүнд эрэмдэглүүлж хохирсон ээжээс нэгэн ТВ ярилцлага авч олны сэтгэлийг үймрүүлэв.  Хохирогч болсон охин  долоохон настай. Түүнийг  эцгээс нь өөрцгүй харж ханддаг байсан садангийнх нь ах хоёр хурууг нь тасалсан байсан... Гэмт этгээдийн эцэг эх, хамаатан садан ах дүүс нь  тэднийг хэрхэн дарамталж эмээг нь хүртэл орох оронгүй болгосон тухай өр өвдөж, өрц хөндүүрлэм жигшүүүрт, хэрцгий  үйл явдлыг яриулав. Ярьсан, яриулсан хоёрыг буруутгаж байгаа юм биш. Ял зэмийг нь  шударгаар үүрүүлж тогтоохгүй байгаад  ард олон дургүйцэж, шүүхийн тогтоол шийдвэр ямагт үнэн зөв нүдээ олсон байхыг хүсч байна.

Хорвоогийн эрээн бараан амьдралтай дөнгөж танилцаж, сайн мууг  дөнгөж ялгаж салгадаг болж буй, цагаан цаас шиг, хиргүй тунгалаг сэтгэлтэй, ээжийнхээ өврөөс ч гарч амжаагүй охидыг хүчирхийлж амь насыг нь хохироосон хэргүүдийг шийдсэн шүүхийн тогтоол дээр иргэд гонсгор байгаа юм. Үүнийг нэг талаас нь  хууль хэрэгжүүлэх процесст санаатайгаар нөлөөлж  хуулийг гууль болгож байгаа дүр зураг харагдаж байгаа. Нөгөө талаас гэмт хэрэгтнүүдэд хүлээлгэж буй ял шийтгэл нь  цаасан дээр хараар бичигдсэн  хуулийг мөрдүүлж байгаа ч  нүдээ олсон, жинэхэн шударга хууль болж чадаагүй гэдэг нь харагдаж буй юм.

Аливаа хэргийг шударгаар шүүж гэмээнэ нийгэмд шударга ёс тогтоно гэж ярьж буй ч хууль санаачлагчид, батлагчид үүнд хянуур хандах учиртай. Хууль хяналт, прокурор гээд хуультай хамгийн ойр дөт байдаг мэргэжлийнхэн үүнийг мөрдөхдөө алдаа гаргаж байгаа нь нийгэмд элдэв гэмт хэргүүд гарахад нөлөөлж байна гэж масс үздэг.

Тухайлбал, бага насны хүүхэд хүчирхийлсэн хүн өнөөдөр 6-9 сар, цаашлаад 2 жил ял эдлэх хуулийг хууль батлагчид гаргаж. Үүний балгаар усны дусал мэт тунгалаг, цэцэг цэврүү шиг ариунаараа ээжийнхээ өврөөс ч гараагүй нялхас хохирч, амь насаа алдаж байна.

Ямар ч шийтгэл, арга хэмжээ авлаа ч хүчирхийлэлд өртсөн хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж чадахгүй. Тиймээс цаазын ялыг сэргээхийг ард олон илт дэмжиж “Иргэний, хүүхдийн амь нас улсын нэр хүндээс долоон дор уу”... Цаазын ялыг сэргээснээрээ Монгол Улс дэлхийд ад шоо үзэгдэх үү” гэх зэргээр асуудаг.

Хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч Хууль зүй, дотоод хэргийн яаманд цаазын ялыг сэргээх саналаа албан бичгээр хүргүүлж байв.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн “цаазаар авах ялыг төгсгөл болгох тухай” тогтоолыг 2007 онд 104 орон дэмжиж, 54 орон эсэргүүцэж, 29 орон түдгэлзсэн байдаг. МУ дэмжиж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2009 оны эхээр УИХ-д “Хэнийг ч цаазаар авах зарлиг гаргахгүй” гэдгээ мэдэгдэж түүнээс хойш энэ ялыг хэрэгжүүлээгүй.

Энэ ялыг халж нэг талаараа “Хэрэгтэн ч гэлээ түүний амьд явах эрхийг нь хүндэтгэж байна” гэсэн ч үүнийг дагаад бага насны хүүхдийг хүчирхийлсэн, бэлгийн дарамтанд оруулсан, амь насыг нь хөнөөсөн гэмт хэргийн гаралт нэмэгдэх болсон нь нийгмийг цочроож байна.

2017 оноос хойш УИХ-аас ард иргэд ганцхан зүйлийг хараа, чих тавин хүлээсэн. Харамсалтай нь УИХ Цаазын ялыг сэргээхгүй ч дээрх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шийтгэх шийтгэлийг хуулиар чангалан зохицуулж өгөх ёстой байв. Иргэд ч үүнийг маш их хүсч байгаа.

Гэтэл эдгээр ноцтой гэмт хэргийн гаралт яагаад нэмэгдэх болсон, тэдгээрийг яаж таслан зогсоох талаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулж санал бодлоо нэмэрлэсэнгүй.  Эцэг хуульдаа өөрчлөлт оруулахдаа өмч,Сонгуулийн тухай хуулийг л чухалчлав.

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 1-т “Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан байгаа бол 10-р зүйлийн 4-т “Монгол Улсын Үндсэн хуульдаа харшилсан ОУ-ын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалтууд бий. Тэгвэл эдгээр өөр хоорондоо зөрчилдөж буй зүйл заалтуудад өөрчлөлт оруулж болох байлаа. Харамсалтай нь улстөрчид зөвхөн сонгуулийн тухай хуулийг чухалчилсан.

Гэхдээ ард түмэн хүлээсээр, горьдсоор л.

С.Туул

Эх сурвалж: erennews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.