Манай нийгэм тогтворжоогүй, хувь хүн нь төлөвшөөгүй байгаа учир цаазын ялыг халсан нь буруу алхам байсан хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны аравдугаар сарын 16-нд мэдэгдсэн. Улмаар Ерөнхийлөгчийн зүгээс ХЗДХЯ-нд цаазын ялыг сэргээх саналаа албан бичгээр хүргүүлсэн байдаг. Энэ мэдэгдлээс хойш цаазаар авах ялыг сэргээх нь зөв, буруу хэмээн талцан, өнөөг хүртэл хүчтэй маргалдаж байна.
Цаазаар авах ялыг дахин сэргээх тал дээр хуульчид болон эрдэмтэн судлаачид ямар байр суурьтай байгааг сонслоо.
Манай улсын хувьд цаазаар авах ялыг дахин сэргээх нь улс төрийн сөрөг үр дагавартай гэж улс төр судлаачид бид үзэж байна. Монгол Улс өнгөрсөн 28 жилийн ололт, амжилт, хүний эрхийн салбар дахь дэлхий нийтээрээ үнэлэгддэг Ардчилалд цус урсгалгүй шилжсэн гэдэг энэ бүх ололт маань цаазын ялыг эргэн сэргээснээр ухралтанд орно. Цаазын ялыг бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг хэрэглье гэж уриалан дахин сэргээхийг санал болгож байгаа ч цаашдаа бусад төрлийн гэмт хэрэг, үзэл бодлын цөөнх, бэлгийн цөөнх, улс төрийн хэргүүдэд цаазын ялыг халдааж хэрэглэх вий гэсэн айдас байна. Ер нь олон нийтийн дунд урд, хойд хоёр хөршийн нөлөөгөөр дарангуй дэглэм, хүчирхэг засаглалыг хүсэмжлэх хандлага их байгаа. Түүний дотор Өмнөд хөршид хэрэглэдэг авлигын гэмт хэрэгт цаазын ял оногдуулдаг асуудлыг олны дунд дэмжих хандлага их байна. Тиймээс цаазын ялыг сэргээх нь хүний эрх болон ардчиллын хувьд их сөрөг үр дагаварт хүргэнэ. Тиймээс судлаачид энэ цаазын ялыг сэргээхийг эсэргүүцэж байна. Энэ нь монголын ардчиллын том ухралт болно гэж харж байна.
Цаазын ялыг сэргээхгүй гэж найдаж байна. Цаазын ял маш их хор уршигтай. Гэмгүй хүнийг цаазлавал түүнийг эргэн амьдруулах боломжгүй. Хоёрдугаарт, цаазын ял нь хүнлэг бус, хэрцгий ял шийтгэл гэж үздэг. Ялын бодлогод байх ёсгүй. Гэтэл энэ нь ялын бодлогод ороод ирвэл гэмт хэргийн гаралтыг бууруулахад нөлөөлөхгүй. Ингэснээр хүмүүсийг төөрөгдөлд оруулж, хүчирхийллийн тойрог үүсгэж, хүнлэг бус нийгмийг бий болгох, хүмүүс тийм зүйлээр амьсгалах, давалгаалах хор уршигтай. Өөрөөр хэлбэл дэвших биш ухрах, илүү харгис, хэрцгий талруугаа явах хор уршигтай.
Хор уршиг нь юу вэ гэхээр бүх зүйлийг талархал руугаа чихээд буцаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бусад асуудал руу анхаарлаа хандуулахгүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг хийчихсэн юм чинь цаазалчихья гээд санаа амарчихна. Гэтэл нөгөө талд хүн хохирчихсон хойно тэр хүнийг цаазлаад нэмэргүй. Харин тэр хүнийг хохиролд хүргэх тэр арга замыг тавьж өгч байгаагаараа хор уршиг юм.
Цаазаар авах ялыг халснаар үүнээс сэргийлээд зогсохгүй, хүүхэд гэртээ, гудамжинд хүчирхийлэлд өртчих вий, хэн нэгний амь насанд халдаж болохгүй гэх боловсролыг хүмүүст багаас нь өгөх энэ үүрэг, олон ажлаас төр өөрийгөө чөлөөлөөд авчихаж байгаа юм. Тэгэхээр энэ өөрөө бас нэг хор уршиг болох юм.
Дараагийн нэг зүйл бол төр өөрөө хүмүүсийг хүнлэг бай, хүнийг алж, гэмт хэрэг үйлдэж болохгүй гэдэг мөртлөө өөрөө бусдын захиалгаар ч юм уу, уурссан олны хүсэлтээр төрийн нэрийн өмнөөс өөрсдөө аллагаа хуульчлаад байгаа нь буцаад эрх мэдлийн ялгаа буюу төр их хүчтэй мундаг, энгийн иргэд хүчгүй сул дорой гэх ойлголтыг нийгэмд суулгаснаараа буцаад эрх мэдэлтэй хүмүүс өөрсдийнхөө дарангуйллыг тогтоох ийм буруу хор уршигтай. Энэ мэт маш олон хор уршгийг хэлэх боломжтой.
Үндсэн хуульд заасны дагуу төр нь иргэнийхээ өмнө хууль зүйн, эдийн засгийн болон бусад баталгааг нь хангах үүрэгтэй. Энэ үүргээ төр биелүүлэхгүй байна. Монгол улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүтээх зорилготой гэж үндсэн хуулийн оршил хэсэгт заасан. Тэгэхийн тулд хүний эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах талаар хүн төрөлхтний бүтээсэн ололт амжилтыг дээдэлж, улс орондоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэх ёстой.
Дэлхий дахинаа цаазаар авах ялыг халах хандлага сүүлийн дөчөөд жилд хүчтэй тогтоод байна. Цаазаар авснаар тухайн улс оронд хүний амь насанд халдах эсвэл хүчингийн гэмт хэрэг буурч байгаа, эсэх талаар тодорхой судалгаа эдүгээ хаана ч хийгдээгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн л бол хийсэн үйлдлийнхээ төлөө хэн ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Хууль хүн бүрт адил тэгш үйлчилдэг байх ёстой. Гэтэл манай шүүхийн тогтолцоо өнөөдөр тэгж чадахгүй, алдаа, мадагтай шийдвэр их гаргаж байгаа учир цаазаар авах ял оновчтой биш.
Сэтгэгдэл