“Саарал жагсаалт”-аас гарахын тулд Монгол Улс юу хийснээ тайлагнах цаг ойртлоо


  • Мөнгө угаахтай холбоотой дорвитой хэргүүд дотор төрийн албанд нүүрлэсэн авлигын гэмт хэрэг голлож буй 
  • Энэ сарын 20­-нд олон улсын байгууллагын хамтарсан группийн хурал Бээжинд болох бөгөөд үүнээс өмнө Монгол Улс тайлангаа өгөх ёстой болоод байна 

Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд түгсэн 2019 оны онцлох муу мэдээ гэвэл яах аргагүй “Саарал жагсаалт”. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээнд манай улс дахин орсныг албан бусаар мэдэгдэх тэр мөчөөс хойш ам.долларын ханш зах зээлд хэдэнтээ өөрчлөгдөж, хөрөнгө оруулалтын орчин богино хугацаанд хүчтэй гэгч нь доргиод авсан. Тэр нөлөө одоо ч үргэлжилсээр. Мөнгөн гуйвуулга, олон улсын төлбөр тооцоонд хүртэл ээлжит сорилт, саад бэрхшээл тулгарч, энэ болгоны зардал, хураамж даруй тэр хэрээр нэмэгдсэн билээ. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага / FATF/-ын бидэнд өгсөн дээрх сануулга өмнө олсон муу нэрээ улам бататгах, дэлхий нийтэд Монгол Улс санхүүгийн хариуцлагагүй гэдгийг илчлэх мэт цочир мэдээ байсан. Өмнө нь 2013 онд бид “Саарал жагсаалт”-д орж, 2014 онд үүнээс арай гэж гарч байв. Тэгвэл дахин уг жагсаалтаас гарах эсэхээ шийдэх тоолуур хэдийн гүйгээд эхэлсэн билээ. Ерөнхий сайд захирамж гаргаж, Монгол Улсыг уг жагсаалтаас гаргах ажлын хэсэг байгуулж, үүнийг Сангийн сайдаар ахлуулсан. Нийт долоон хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг санал гаргаснаа 2020 оны өмнө Сангийн сайд мэдэгдсэн. Тэгвэл энэ сарын 20-нд олон улсын байгууллагын хамтарсан группийн хурал Бээжинд болох бөгөөд үүнээс өмнө Монгол Улс тайлангаа өгөх ёстой болоод байна. Үүний дараа хоёр болон тавдугаар сард болох FATF-ын хуралд тайлангаа тавихаар байгаа аж. Бидэнд муу үнэлгээгээ сайжруулах жил хүрэхгүй хугацаа үлдлээ. 2021 он гэхэд дээрх жагсаалтаас гарч чадахгүй бол “Хар жагсаалт” хамгийн ойрхон байна. Бидэнтэй хамт “Саарал жагсаалт”-д Исланд, Зимбабве аль аль нь тааруу үнэлгээ авсан үзүүлэлтээ сайжруулахаар ажиллаж эхэлснээ олон улсад хүртэл зарлаж буй. Харин манай улс төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нартаа хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлснийг эс тооцвол одоогоор дорвитой өөрчлөлт өнгөрсөн хоёр сарын хугацаанд гаргаж чадсангүй. Төв банкны шинэ ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ онд анхаарч ажиллах гурван чиглэлээ тодорхойлжээ. Үүний нэг нь дээрх санхүүгийн хориг арга хэмжээнээс богино хугацаанд гарах тухай байв. Тодруулбал, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын “Саарал жагсаалт”-аас ирэх онд багтан гарах зорилтыг хэрэгжүүлнэ гэжээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны пүрэв гарагийн хуралдаанаар “Саарал жагсаалт”-тай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлов. Хууль тогтоох дээд байгууллага ийнхүү улс орны амин чухал асуудалд цалгардуу хандах аж. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг өчигдөр хэлэлцэх ёстой байв. УИХ-ын дарга Г.Занданшатар FATF-т захидал бичиж, төрийн зүгээс уг асуудалд онцгой анхаарч ажиллахаа хүртэл уламжилсан ч бодит байдал унтаа хэвээр байна. “Сааралт жагсаалт”-руу ороход Засгийн газрын яам, агентлаг, тэдний идэвх санаачилга тааруу байсан нь ихээхэн нөлөөлсөн. Бидэнд 
“Саарал жагсаалт”-руу орж болзошгүй тухай анхааруулга ирснээс хойш гүйцэтгэл дутуу 20 зөвлөмжөөс 16-г нь, хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс долоог нь манай улс богино хугацаанд ахиулжээ. Гэсэн хэдий ч дөрвөн үзүүлэлт хоцрогдолтой хэвээр. Мөнгө угаахтай холбоотой дорвитой хэрэг шийдэгдээгүй, банк бусын салбарт хяналт шалгалтын хүч дутмаг, нягтлан бодогчдын институт зэрэг мэргэжлийн байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийдэггүй, Хойд Солонгос буюу үй олноор хөнөөх зэвсэгтэй улстай хөдөлмөрийн харилцаатай байгаа, зэвсэг техник наймаалсан зэрэг нь манай улсыг хойш татахад хүргэсэн. Мөнгө угаахтай холбоотой дорвитой хэргүүд дотор төрийн албанд нүүрлэсэн авлигын гэмт хэрэг голлож буй. FATF мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, мөнгө угаах мөрдөн шалгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргахад дэвшил гаргаж ажиллахыг зөвлөсөн удаатай. Харин бид мэлхийн хурдаар урагшлах аж. 

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.