Эрэн сурвалжилж байна гэх тохуурхал


 

Эрэн сурвалжилж байна гэх тохуурхал

 

Сүүлийн жилүүдэд төрийн өндөр алба хашиж байгаад огцормогцоо гэмт хэрэгт холбоотой нь тогтоогддог жишиг бий болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Түүгээр ч зогсохгүй үүсгэсэн болон холбогдсон хэрэг нь улс төрийн шоуны шинжтэй болоод ирмэгц эрэн сурвалжилж байна хэмээн хаа, хаана аа, хэн хэндээ хугацаа олгодог болсон. Тийм хүмүүсийн нэг нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг.

Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид нэг сар саатуулсан юм. Улмаар цагдан хорих хугацаа дуусмагц Прокурорын байгууллагаас хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьж, батлан даалтад гаргаад байсан юм. Одоогоор Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа дууссан бөгөөд хавтаст хэргийг прокурор хянаж байгаа юм. Гэвч мань хүн алга болчихсон. Тиймээс эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл бий. Ингэхдээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2019 оны аравдугаар сард эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай хэмээн өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлах хүсэлт гаргасныг шүүхээс зөвшөөрсөн байдаг. Гэтэл шүүхээс зөвшөөрсөн хугацаагаа гурван удаа хэтрүүлсэн учраас түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж үзэн, Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлсэн.

Харин сүүлд цагдаагийн байгууллагаас түүнийг эрэх сурвалжилж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Түүнчлэн хуульд зааснаар мэдээллийг худалдаж авах тухай ч дурдагдсан. Яг үүнийх нь дараа Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ. Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү?” хэмээсэн.

Түүний энэхүү үйлдлийг бататгаж буй мэт УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ч.Сайханбилэгийн мэдээллийг яг хэдэн төгрөгөөр үнэлж авахаа ЦЕГ тодорхой зарлах хэрэгтэй. Аливаа хошин шог үнэмшилтэй байх тусам илүү хөгжилтэй гоё байдаг шүү дээ” гэжээ.

Үнэхээр ч Ч.Сайханбилэгийг өнгөрөгч 12 дугаар сард интерполоор хайж эхэлсэн тухай, дараа нь буюу долоо хоногийн өмнөөс цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Гэвч одоо бол дээрх байгууллагуудын цахим хаягуудад Ч.Сайханбилэгийг эрэн хайж байгаа талаарх мэдээлэл огт байхгүй. Тэр байтугай интерполын цахим хуудаст Монгол Улсын хоёр иргэнийг л хайж байгаа тухай бий.

Уг нь "The International Criminal Police Organization” буюу Олон улсын Гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад 190 орон гишүүнчлэлтэй байдаг ба тус орнуудад байрлах товчоогоор дамжуулан цагдаа болон хууль сахиулах байгууллага хооронд гэмт хэргийн талаар мэдээ мэдээлэл солилцох, гэмт этгээдийг эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулдаг.

Манай улсын тухайд эрх зүйн зохицуулалтаараа тусгай чиг үүргийн байгууллагууд гадаад улс руу оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах санал гаргах эрхтэй байдаг. Мөрдөх албанаас гаргасан санал үндэслэлийг Интерполын төв байгууллага хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр дээрх этгээдийн мэдээллийг www.Interpol.int нэгдсэн сайтад байршуулдаг бөгөөд энэхүү процесст хамгийн багадаа гурван долоо хоногийн хугацаа шаардагддаг гэдгийг албаныхан хэлдэг. Мөн интерполоор эрэн сурвалжлагдаж буй иргэдийн мэдээллийг татах хүсэлтийг анх хайх санал гаргасан хуулийн байгууллага Монгол Улс дахь Интерполын үндэсний товчоо болох Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын даргад тавьдаг. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар хүсэлт гаргавал эрэн сурвалжлагдаж байсан иргэдийн мэдээллийг татах эрхтэй байдаг.

Гэтэл эхлээд интерпол, дараа нь ЦЕГ-аас эрэн сурвалжилж байна хэмээгээд түүнд нь нөгөө хүн нь цахим хуудсаараа дамжуулан хариу өгөөд сууж байгаа зэрэг нь үнэхээр тавилттай жүжиг, олон нийтийг тохуурхсан хэрэг гэхээс өөр тайлбар олдохгүй бололтой.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.