80 шахуу онц аюултай гэмт хэрэгтэн Парагвайн шоронгоос оргожээ


Бразилын хар тамхи, зэвсгийн наймааны томоохон бүлгийн гишүүдээс бүрдсэн 80 шахуу онц аюултай гэмт хэрэгтэн өчигдөр буюу Ням гарагт Бразилын хилийн ойролцоох Парагвайн шоронгоос оргожээ. Гэмт хэрэгтнүүд хилийн Педро Хуан Кабалеро хотын шоронгийн дотроос өөрсдийн ухаж гаргасан хонгилоор оргосон байна. 

Нийт 76 хоригдол оргосноос 40 нь Бразил, 36 нь Парагвай улсын иргэд байжээ. Одоо Парагвайн цагдаа нар оргодлуудыг баривчлахаар мөрдөж байгаа гэнэ.

Шорон дотор хонгил ухахад бараг сар орчим хугацаа шаардагдсан гэж үзэж байна. Ийм том ажил нууцаар явагдаж байхад шоронгийн ажилтнууд юу ч анзаараагүй, юу ч хийлгүй өнгөрсөнд харамсаж байгаагаа Парагвай улсын хууль зүйн сайд Сесиля Перез сэтгүүлчдэд мэдэгджээ.

Болсон явдалтай холбогдуулан шоронгийн даргыг халж, хэд хэдэн харгалзагчийг баривчилсан байна. Хонгил шоронгийн ариун цэврийн өрөөнөөс эхэлж, шоронгийн хашааны гадна дуусжээ. Хонгилын гарц нь хамгийн ойрын харуулын постоос 25 метр зайтай байсан гэнэ. Оргодлуудын дийлэнх нь Бразилын хамгийн хүчтэй гэмт хэргийн бүлэг “Primeiro Comando da Capital”-ын гишүүд байсан гэнэ. Оргодлуудын дотор өнгөрсөн оны зун Сан Педрогийн шоронд болсон үймээний үеэр олон хоригдлын амийг хөнөөсөн этгээдүүд байгааг Парагвайн цагдаа мэдээлжээ.

Р.Төмөр 

Эх сурвалж: AFP


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.