Цагаан сарын эдийн засаг


Аливаа тэмдэглэлт баяр ёслолыг бид зугаа цэнгэл, найр наадам, дайллага цайллага, бэлэг сэлт, өргөмжлөл гэж хардаг болжээ. Энэ өнцгөөс харж, тэмдэглэсээр байгаад зугаа цэнгэл нь залхаалт, найр наадам нь туйлшрал, дайллага цайллага нь дампуурал, бэлэг сэлт, өргөмжлөл нь хүндрэл, чирэгдэл болж баяр гэдэг үндсэн утгынхаа эсрэг гуниг болж хувирахад ойртжээ. Үүн дээр баяр ёслолоосоо болж жалга дов, нам эвсэл, анги давхаргаараа хагарч хуваагдахад ч ойрхон байна.

Соёлт хүн төрөлхтөн цаг хугацааны их баяр гэж хүлээн авдаг шинэ жилийг монголчууд жалга довоороо нийлж наргисаар ард нь гарав. Одоо мэдээж Цагаан сар. Ядаргаатай, дараатай, хүндрэл чирэгдэлтэй, хоцрогдсон бүдүүлэг ёс заншилтай баяр гэж муулсаар байх атлаа Цагаан сараар бүгд хагас сар хэртэй золгоцгооно.

Энэ жил Монголын Цагаан сар хоёр өөр өдөр болно. Төгс буянт болон Шар зурхайг баримтлагчдын  зурлага, тооцоолол ийн зөрж хоёр өөр өдөр Цагаан сараа тэмдэглэх гэж байна. Гэхдээ энэ талаар энд өгүүлэхийг зорьсонгүй. Харин Цагаан сарын эдийн засгийг айл өрх хийгээд улс гэрийн хэмжээнд тоймлон багцаалахыг хичээв.

Саяын зарлагатай Сар шинийн баяр

Үндэсний статистикийн хороо сүүлийн жилүүдэд “Цагаан сар ба эдийн засаг” судалгааг гаргаж байгаа. Өнгөрсөн жилийн уг судалгаанаас харахад Цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээний зардалд дунджаар 696.1 мянган төгрөгийн зардал гарах бөгөөд үүнээс 419.0 мянган төгрөг буюу 60.2 хувь нь бор идээний, 277.1 мянган төгрөг буюу 39.8 хувь нь цагаан идээний зардал байна. Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8.0-18.0 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзвэл, нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 780.0 мянган төгрөг зарцуулдаг гэж үзжээ. Дээрх хоёр төрлийн зардлын нийлбэрээр буюу идээ болон гарын бэлгийн дүнгээр нэг өрх Цагаан сарын баярт дунджаар 1.5 сая төгрөгийн зардал гаргахаар байна. Нэг өрхөөс Цагаан сарын баяр тэмдэглэхэд гардаг дундаж зардлыг хот, хөдөөгөөр авч үзвэл, 2017 оны байдлаар хотод 764.3 мянган төгрөг, хөдөөд 703.0 мянган төгрөг байжээ.

2018 оны 12 дугаар сарын байдлаарх 895.1 мянган өрхийн 64.0 хувь буюу 572.6 мянган өрх Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, нэг өрхөөс 1.5 сая төгрөгийн зардал гардаг гэвэл, идээ болон бэлэгт зориулж улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Харин бэлгийн 80.0 орчим хувьд импортын бүтээгдэхүүн зочиндоо бэлэглэж байгаа нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргаж байна гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

Ерөнхийлөгчийн санаачилснаар УИХ, Засгийн газраас шийдвэр гарч ахмадуудын 750 гаруй тэрбум төгрөгийн тэтвэрийн зээлийг нэг удаа тэглэхээр болсон. Энэ мөнгө монголчуудын Цагаан сард зарцуулдаг нийт мөнгөн дүнтэй дүйцэж очихоор байгаа юм. Санамсаргүй давхцал боловч хэрвээ ахмадуудын тэтгэврийн зээлийн нэлээд нь Цагаан сар тэмдэглэхэд зарцуулагддаг нь тодорхой.

Нэг өрх 1.5 сая төгрөгийг Цагаан сар тэмдэглэхэд зарцуулж байна гэдэг бол дундаж тоо. Үүнээс бага зардал гаргах айл өрх ч бий. Нөгөө талд хоёр гурван сая, бүр дөрөв таван саяар Цагаан сар тэмдэглэх чинээлэг давхарга ч байгаа. Огт тэмдэглэдэггүй нь ч бий.

Юутай ч сая гаруй төгрөгөөр баяр тэмдэглэнэ гэдэг дундаж амьдралтай нэг өрхийн сарын орлогынх нь 50-60 хувийг аваад явчихаж байгаа хэрэг. Орлогынхоо талыг алдсан өрх хаврын сар гарангуут цалингийн, тэтгэврийн зээлэнд залгаж байж зунтай золгоно. Иймэрхүү дүр төрх түгээмэл. Ипотекийн зээлтэй, нэг бол оюутан хүүхэдтэй, ядаж л хөл дүүжлэх унаагаа лизингээр авч унаагүй айл гэж бараг үгүй. Тиймээс сая гаруй төгрөгийн өртөгтэй Цагаан сар монгол айл өрхийн эдийн засгийг савлуулдаг нь үнэн. Гэхдээ хэт хавтгай айл хэсч дарамт учруулахгүй, бэлэг сэлтээрээ уралдахгүйгээр, архи дарснаас хол байдлаар уламжлалт баяраа аль болох шинэлэг, минималист байдлаар, утга учир дүүрэн, уламжлал, соёлоо дээдэлсэн хэлбэрээр тэмдэглэвэл өртөг нь багасч өрхийн санхүүд үзүүлэх дарамт нь буурах боломж бий. 

Бэлгэнд “явчихдаг” 357 тэрбум

Өнгөрсөн баасан гаригт өмнөд хөрш БНХАУ даяар Цагаан сарын тээвэрлэлт албан ёсоор эхэлжээ. Тус улсын иргэд төрж өссөн нутагтаа очиж Цагаан сараа гаргадаг уламжлалтай бөгөөд энэ дагуу ийнхүү Хятадын өнцөг булан бүрээс нааш цааш зорчих иргэдийн цуваа эхэлсэн нь энэ аж. Статистик мэдээллээс харвал БНХАУ-ын хэмжээнд жил бүрийн Цагаан сарын үеэр гурван тэрбум хүн зорчдог юм байна. Үүнтэй холбоотойгоор мэдээж галт тэрэг, нисэх онгоц хийгээд авто тээврийн салбарынх нь ачаалал эрс нэмэгдэнэ. Улсаас нь энэ талын зохицуулалтыг маш сайн хийж, бүх талын үйлчилгээг хөнгөн шуурхай болгоход анхаардаг байна.

Гурван тэрбум хүн Цагаан сараар төрсөн нутаг, гэр орноо зорьдог гэхээр тэдний зорчих тээврийн хэрэгслийн зардал, уламжлалт баяртаа зориулсан бэлэг сэлт зэргийг тооцвол асар том тоо гарах бизээ. Нэг ёсондоо Цагаан сарын баяр Хятадын эдийн засгийг идэвхжүүлэх худалдаа, үйлчилгээний салбарын орлогыг нэмэгдүүлэх нэг хөшүүрэг болж өгдөг байна. Зөвхөн Цагаан сар биш шинэ жилийн баяраар ч гэсэн БНХАУ-ын хэмжээнд дотоод гадаадын зорчигч, аялагч, жуулчдын тоо эрс нэмэгдэж, тэр хэрээр эдийн засаг нь идэвхжиж байдаг аж. Шинэ жилээр дотоодын аялал жуулчлалын салбар нь өндөр орлого олдог бол Цагаан сараар тээвэр болон худалдааны салбарт нь тэсрэлт гэмээр ачаалал, ашиг орлого орж ирдэг байна.

Цагаан сарын эдийн засаг

Өмнөд хөршийн энэ туршлага, бэлэн жишээгээр бид төрт ёсны баяруудаа эдийн засгаа идэвхжүүлэн сэргээх хөшүүрэг болгож яагаад болохгүй гэж. Цагаан сарыг БОАЖЯ-наас жуулчдад зориулсан албан ёсны эвент болгон зарласан байдаг. Зөвхөн ингэж зарлаад орхих нь хангалтгүй. Мянган жилийн түүхтэй төрт ёсны уламжлалт баяраа хэрхэн аялал жуулчлалын брэнд болгох талаар бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид хийгээд бизнесийнхэн хаа хаанаа толгой гашилгах хэрэгтэй. Монгол орны өвөл, хаврын улирлын өвөрмөц онцлог, нүүдэлчдийн зан заншил, түүх, соёл зэрэг нь бэлэн өгөгдөл. Үүн дээрээ хэрхэн яаж инноваци хийх вэ гэдэг л чухал. Дэд бүтцээ сайжруулах, үйлчилгээний салбараа олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, өөр олон олон ажил, шийдэл мэдээж хэрэгтэй. Энэ шийдлүүдийг зөвхөн Цагаан сар ч биш Үндэсний их баяр наадмаар ч мөн хэрэгжүүлж жуулчдыг татах юм бол бид наадам, Цагаан сараараа л аялал жуулчлалын салбараасаа тэрбум доллар олчихдог болох цаг ойрхон.

 А.САНЧИР

ЕAGLE.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.