Төрдөө мартагдсан түмэн!


Засгийн газрын 39-р тогтоолоор хилийн боомтуудыг хаахаар шийдвэрлэсэн ч нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн экспортын 55 хувийг нэвтрүүлдэг Гашуунсухайт боомтыг хаасангүй. Ойрын өдрүүдэд тус боомтоор өдөрт нүүрс болон зэсийн баяжмалын 100-150 тээврийн хэрэгсэл орж гарч байна.
Гэтэл хилээс 100 гаруйхан километрийн цаана Халиут гацаанд шинэ коронавирусийн 2 тохиолдол бүртгэгдлээ.
10 гаруй мянган жолооч аж амьдралаа залгуулах гэж хөхөө өвлийн хүйтэн, говийн аагим халуунд 100 хүртэл километрийн урт дараалалд бүхээгэндээ хонон өнжин, хүнд даацын тээврийн хэрэгслийн стандарт шаардлага хангахгүй замаар амь насаараа дэнчин тавин хүнд нөхцлийг даван туулсаар ирсэн. Энх цагт Гашуунсухайтын замд олон хүн эрүүл мэндээрээ хохирч, олон ч хүний амь үрэгдсэн.
Энгийн үед ч ариун цэвэр эрүүл ахуйн наад захын дэглэм сахих нөхцөл бололцоо бүрдээгүй хилчид, хил дээр ажилладаг төрийн албан хаагчид болон Цагаан хад орчмын бизнес эрхлэгчид, жолооч нарт шинэ коронавирусийн халдвар авах өндөр эрсдэл тулгарлаа.
Аймгийн Онцгой комиссын эрх мэдлээс давсан асуудал тул Улсын Онцгой комисст хил хаах саналаа тавьсан байна.
Монголын төр улс хоорондын тээврийн жолооч нараа галын шугам руу гар нүцгэн илгээсээр 10 хоножээ.
Шат шатандаа шаргуу хөөцөлдөж хилээ хаая.
70 жилийн дипломат харилцаатай Хятад улстай яаралтай зөвшилц.
Дэлхийг дэнслүүлээд байгаа аюулт өвчнийг намжтал хилээ хааж ард түмнээ авраач ээ.

Эх сурвалж: Nomin Sukhee


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.