Газар дундын тэнгисээс ирэх худалдааны хөлөг онгоцуудыг саравчлан, эртний Египет нутгийн эрэг хөвөөг хэдэн зууны турш манаж зогссон бурхан бол Хапи юм. Газар тариалангийн тэнгэрийг ивээгч, их мөрний савдаг, үер ус даллагч гэгддэг энэ шүтээний аварга том боржин чулуун хөшөө Нил мөрний баруун захад нэгэн их хотын үүдийг хамгаалж байжээ. Тэрхүү хот эрин үедээ дэлхийн хамгийн хөгжингүй, хамгийн том боомт хотын нэг байсан ч өмнөх тооллын II зууны сүүлчээр болсон хүчтэй газар хөдлөлтийн уршгаар тэнгисийн эрэгтэй хамт нурж, их усанд залгиулсан байна.
Эртний соёлт ертөнцийн түүхэнд олонтаа дурдагддаг мөнхүү хот домогт Хераклийн Африкт анхлан хөл тавихдаа саатаж асан эхний газар, Спартын үзэсгэлэнт бүсгүй Еленагийн Тройн баатар Парисын хамт орогнож байсан авралын орон байлаа. Харин байгалийн эрхшээлд автан усан дор орсноос нь бүтэн хоёр мянга гаруй жилийн дараа буюу одоогоос арав гаруй жилийн өмнө Египетийн эргээр судалгаа хийж байсан шумбагчид аварга том, учир битүүлэг чулуу олсон нь тэнгисийн давст усанд хэдий идэгдсэн ч их усны ёроолд бүрэн бүтэн хадгалагдсан Хапи бурхны хөшөө байжээ. Шумбагчид хөшөөний ойр орчмоос шавар эдлэл, эмэгтэй хүний гоёл чимэглэл, тосон гэрэл, алт, мөнгөн зоос, олон тооны цээж баримал, мөн Хапигийн хөшөөтэй төстэй зургаан ч том чулуун дурсгал илрүүлсэн байна.
Египетийн Атлантис
Бүхлээрээ живж, он цагийн уртад алдагдаж мартагдсан уг хотын нэр бол Тонис-Херацлейон юм. Вавилон, Помпей зэрэг эртний домогт хот суурингуудтай харьцуулахад тун цөөхөн хүний мэдэх энэхүү их хотыг Газар дундын тэнгисийн хүчит давалгаа өршөөлгүйгээр хамаж одсоноор барахгүй, хүн төрөлхтний ой тойноос ч мөн арчиж балласан гэлтэй. Харин түрүү тооллын V зууны үед Тонис-Херацлейон гэх нэр өрнийн соёлт ертөнцийн хүн бүрийн аманд “хүлхээтэй” шахам байжээ. Зэгсэн боловсролтой грек хүн, алс Кариягийн худалдаачин, нэр цуутай далайчин, фараоны өргөөнд шадарлах түшмэл гээд тухайн цагийн байр суурь, хөрөнгө чинээ дээгүүр хэн бүхэн уг хот руу тэмүүлж байлаа. Хэлхээтэй хэдэн жижиг арал дээр оршиж асан Тонис-Херацлейон балчиг намаг, элс шороотой хутгалдсан хот байсан нь гарцаагүй ч эртний Египетийн Газар дундын тэнгис рүү хандах үүд болохын хувьд хойд африкчуудыг гадаад ертөнцтэй холбох гүүр, онцгой чухал зангилаа бүс байжээ.
Энэхүү хотын үндсийг одоогоос 2700 гаруй жилийн өмнө өнөөгийн Абу Кир булангийн тохойд хатгасан гэж үздэг. Энэ нь Александрия хотоос зүүн хойд зүгт 20-иод км зайтай гэсэн үг юм. Тонис-Херацлейон хавьгүй алдартай зэргэлдээх их хотоосоо олон зуун жилийн өмнө арилжааны боомт болон хөгжсөний дээр хэдэн арван жилийн турш бүс нутгийнхаа олон улсын худалдааны төв байжээ. Энд ус дамжуулах хоолой, бохирын суваг, гэрэлт цамхаг, гаталга онгоц, завь болон том хөлөгний зогсоол, явган зорчигч болоод ачаа тээвэрлэх гүүр, хөвөгч тавцан зэрэг боомт хотод хэрэгтэй бүхэн байв. Газар дундын тэнгисээс Египетийн эрэгт хүрсэн юм бүхнийг энд шалган нэвтрүүлдэг байсны нотолгоо болох гаалийн хяналтын цэг ч тэнгисийн ёроолоос хэд хэдээрээ олджээ.
Тонис-Херацлейоныг эртний Грекийн Херодот, Страбон, Диодор нарын түүхчид ном бүтээлдээ онцлон тэмдэглэсэн нь олонтаа. Гэвч тэднээс хойших үеийн эрдэмтэн, мэргэд уг хотын талаар ямар нэгэн бичгийн сурвалж үлдээсэн байлаа ч тэр нь өнөө бидний үе хүртэл өвлөгдсөнгүй. Тиймээс эртний Египетийн Атлантисыг 1933 он хүртэл тоотой хэдхэн хүн л мэддэг байжээ. Харин мөн онд Египетийн эрэг хөвөөн дээгүүр нисэж өнгөрсөн Их Британийн Агаарын хүчний нэгэн командлагч Абу Кирийн гүехэн усанд олон тооны барилга байшингийн нуранги балгас буйг анх олж харж түүхч, археологчдыг тийш татсан байна. Эрдэмтэд анхандаа тэнгист живсэн сууринг Тонис, Херацлейон хэмээх хоёр бие даасан хот байжээ гэсэн таамаг дэвшүүлсэн байдаг. Харин Европын Усан доорх судалгаа, археологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд 1990-ээд оны сүүлчээр Абу Кир булангийн топографи буюу байр зүйн зургийг гаргаснаар эртний хотын байр байдлыг илүү нарийн судлах боломжтой болж, хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологийг ашиглан шумбагчдыг тэнгисийн гүн рүү оруулж эхэлжээ. Шумбагчид аварга том сорогч ашиглан тэнгисийн ёроолын элс шороог зайлуулж, эртний хотын барилга байшингийн хэлтэрхий, хөшөө дурсгал, эд өлгийн зүйлсийг газар дээр гаргасны дотор Птолемейн угсааны хаад, хатдын тус бүр нь таван метр өндөр баримал, мөнөөх Хапи бурхны 5.4 метр өндөр хөшөө хамгийн том нь байж.
Хоёр нэртэй хот
Абу Кирийн булангаас олдсон бүхнийг нэг бүрчлэн бүртгэж, зургийг нь авч, сайтар судалсны эцэст зөвхөн Тонис-Херацлейон гэлтгүй, эртний Египетийн нутагт ноёрхож асан грек угсаатнуудын хаант улс чухам ямархуу дүр байдалтай байсныг шинээр төсөөлөх боломж бүрджээ. Тухайлбал, МЭӨ VI зууны эхэн үед хамаарах гоёмсог дүрс үсэг бүхий Сайсын тунхаг хэмээгдэх хоёр метр өндөр, хар өнгөтэй, сүрлэг том багана эртний египетчүүдийн дээд тэнгэр Амун-Гереб бурхны сүмээс олдсон нь грекчүүд Египетийн шашин шүтлэгт ихэд хүндэтгэлтэй хандаж байсныг илтгэнэ. Багана дээр I Нектанеб хааны нэгэн зарлигийг сийлсэн нь татварын хууль журамтай холбоотой аж. Эрхэм дээдэстэн далай тэнгисийн чанадаас ирэх алт, мөнгөн эдлэл, дүнзэн мод зэргийн аравны нэг хувь боомтод газардсан даруйдаа хатан эх Нейтийнх нь мэдэлд шилжих тухай зарлиг буулгасан байна. Гэхдээ уг дурсгал эртний Египетийн хууль цаазын талаар мэдээлэл агуулж буйгаараа бус, харин живсэн хотыг бие даасан хоёр өөр суурин биш, нэгдмэл нэг хот байсныг баталснаараа тун чухал сурвалж юм. Хаантан зөвхөн нэг л боомтын тухай дурдсан нь Тонис-Херацлейоныг ганц том хот байсан гэж үзэхэд хангалттай аж. Судлаачид өдгөө хотын египет нэр нь Тонис, харин грек нэр нь Херацлейон байсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Үүнийг батлах маш олон зүйл Абу Кирийн эргээс илэрчээ. Фараонт улсын хийгээд грек соёлын нөлөөг сайтар сүлсэн энэ хотын усан доорх тууриас одоогоор Афины үнэртэн хүжсийн сав, грек хийцийн хөлөг онгоцны зангуу, Киприйн гоёл чимэглэл, египет дүрс тэмдэглэгээтэй хэдий ч грек загварын дуулга, зэгсэн завь, III Клеопатра хатныг эртний Египетийн охин тэнгэр Исисийн дүрээр урласан цээж баримал тэргүүтэн олдоод байна. Грек угсааны хаад Египетэд ноёрхож байх цаг үед хамаарах өөр нэг ч хот суурингаас энэ мэт соёлын нийлэгшлийн ул мөр илрээгүй аж. Гэвч Европын Усан доорх судалгаа, археологийн хүрээлэнгээс явуулсан дээрх экспедицийн ажилд оролцсон, Британийн музейн “Живсэн хотууд” үзэсгэлэнгийн эрхлэгч Аврелия Массон-Бергоффийн хэлснээр энэ бүхэн Тонис-Херацлейоны тун өчүүхэн бага хэсэг гэнэ. Тэрбээр хотын зөвхөн засаглагч анги, хувраг санваартнуудын талаарх мэдээллийг хадгалж буй дээрх бүх олдворын цаана боомтын байнгын ажилчид, энгийн ард, зарц шивэгчдийн амьдрал ахуйтай холбогдох олон чухал эд өлөг, хөшөө дурсгал тэнгисийн гүнд бий гэдэгт итгэлтэй байна. Эрдэмтэд хотын үлдэгдэл, нурангийн 95 орчим хувь Газар дундын тэнгисийн ёроолд булагдсан хэвээр байгаа гэж үзэж буй аж.
Тонис-Херацлейоныг живүүлсэн гамшгийн талаар ч мэргэжилтнүүд тун бага зүйл мэдэж байна. Юутай ч газар хөдлөлт болох үед буюу МЭӨ II зууны сүүл хагаст Александрия хот уг боомт хотын худалдааны зангилаа бүсийн байр суурийг нь булааж, геополитикийн онцгой чухал байршил, газар усны дунд орших давуу талыг нь аюултай мэт харагдуулах болжээ. Газар зүйн байрлалаас нь дүгнэхэд Тонис-Херацлейон зөвхөн ганц удаагийн газар хөдлөлтөөр бус, харин түүнээс үүдсэн цунами, хөрсний гулгалт, үер усны гамшиг зэрэг хэд хэдэн аюул осолд нэгэн зэрэг нэрвэгдэж, мөхсөн бололтой. Холбоо хэдэн арлаас нь зөвхөн хамгийн том нь л дахин хэдэн жил оршин тогтнож, МЭӨ III зууны эхээр усанд автсан байна. Гэхдээ нэгэн цагт хоёр ертөнцийн уулзвар байсан их хот тийм ч хурдан ул мөргүй болсонгүй. Балчиг намагт хувирсан тэнгисийн эрэг хөвөөнд тэр чигтээ сорогдчихолгүй хэдэн зууныг үдэж, хамгийн сүүлчийн хуурай газар нь МЭӨ VIII зуунд бүр мөсөн усан дор оржээ. Хотын уугуул оршин суугчид ч Египет нутагт Грекийн үе дуусаж, Ромын эрин эхлэх цагт, бүр хожим арабчуудын ноёрхол тогтох үед хүртэл живсэн хотынхоо ойр орчимд сууж байж.
Тонис-Херацлейонтой хамгийн төстэй, орчин цагийн ганц хотыг Венец гэж болох юм. Италийн энэхүү үзэсгэлэнтэй хот далай тэнгисээс тасарсан давст нуураар хүрээлэгдэн, дэлхий дахинаа гайхагддаг усны шугам сүлжээнийхээ ачаар живэлгүй өдий хүрсэн ч дулаарлаас болж түвшин нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тэнгисийн уснаас бүрэн хамгаалагдаж чадахгүй байгаа. Тонис-Херацлейон хот сүндэрлэж байсан Египетийн хойд захын эрэг хөвөө ч мөн одоо усны түвшин нэмэгдэхийн хэрээр Венецээс дутуугүй аюултай газар гэгдээд байна. Тэгэхээр хоёр мянганы дараа гүн нойрноосоо сэрсэн Хапи бурхан хүн төрөлхтний хотжилтын түүхийг орчин цагийн бидэнд хүүрнэхтэйгээ хамт ирээдүйн талаар бодож тунгаах хэрэгтэйг давхар сануулж байж ч мэдэх юм.
Сэтгэгдэл