Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс


Cap шинэ ч ойртлоо. Сайхан хөөрөг зөрүүлэн, мэндлэх нь цагаан сарын нэгэн онцлог, эрхэм ёс заншил билээ. Монгол эрчүүд эртээс инагш чамин хийцтэй, үнэт чулуугаар урласан гаанс, хөөрөг эдэлж, хэрэглэхийг эрхэмлэсээр ирсэн. Хөөрөгний чулуу л гэхэд олон янз байдаг. Тухайлбал, хамгийн сайн номин Афганистанд, хаш нь Оросод, пийсүү Бирмд байдаг бол хамгийн шилдэг мана Монголд байдаг аж. Монгол орон усан болон утаат болор мана, маргад эрдэнэсээс өгсүүлээд гайхамшигтай гартаам, чүнчигноров, мана манайд бүгд бий.
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс
-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
-Таны бие лагшин тунгалаг уу?
-Даага далантай, бяруу булчинтай
Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу гээд хөөргөө харилцан солилцож тамхилж мэндээ мэдэлцдэг.
Монголын ард түмэн хөөрөг, гаанс гэдэг эд өлгийн дурсгалт үнэт зүйлийг хэрэглэн эрт дээр үеэс өнөө үе хүртэл сайн сайхан санааг асууж амар мэндээ мэдэлцэж хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн заншилтай.
Мэндлэх гэдэг бол хүндлэх болон ёс зүйт хүний сэтгэлээр элгэмсэг хандаж байгаагаа илэрхийлэх жинхэнэ монгол үндэсний нэг илэрхийлэл юм. Монголчууд хөөргөөр тамхилахдаа ярилцаж ойлголцдог ард түмэн билээ. Хөөрөг зөрүүлж сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаана гэсэн байдаг.
Гаанс солилцон мэндлэх ёс заншил уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог.
Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог ажээ. Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм.
Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм. Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг.
Мэндлэхдээ ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барьдаг. Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна.
Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг. Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болдог байна. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэдэг. 

 

Эх сурвалж: Olloo.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.