Ядуу буурай улс орон Дэлхийн банкнаас авто зам, усны шугам тавих эсвэл авлигатай тэмцэхэд зориулж тусламж авах бүрт тун удалгүй нэгэн "гайхамшиг" болдог бичигдээгүй хууль бий. Учир нь яг энэ үед ядуу буурай улсууд гэв гэнэт валютаар хахаж цацаж эхэлдэг.
Валют нь оффшор бүс рүү урсдаг болохыг эдийн засагчид тогтоосон бөгөөд боломжит бүхий л хувилбарыг задлан шинжилсний дүнд хамгийн үнэмшилтэй хувилбар дээр санал нэгтэй тогтжээ. Энэ нь тусламжийн тодорхой хэсэг эрх баригчдын халаас уруу ордог байна. Ядуу улс оронд энэ нь 7.5 хувьтай байдаг бол нэн ядуу улс орны эрх баригчид хоёр дахин илүү буюу тусламжийн 15 хувийг хумсалдаг байна.
Энэхүү дүгнэлтэд хүргэсэн судалгааг гурван эдийн засагч өнгөрсөн онд хийснээс нэг нь Дэлхийн банкны эдийн засагч байв. Тэд судалгаагаа тус банканд хэлэлцүүлж, нийтлүүлэхээр хүргүүлж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард судалгаа олон нийтийн хүртээл болоход бэлэн болсон байж. Гэхдээ дэлхий дахин тэдний судалгааны ажлын талаар энэ оны хоёрдугаар сард дуулиантай нөхцөл байдалд мэдэж авав. Судалгааны ажлыг барууны ертөнцийн тэргүүний хоёр хэвлэл болох "Economist” болон "Financial Times” сонин олон нийтэд ил болгосон билээ. Эдийн засагчдын судалгааны ажлыг олны хүртээл болгоогүйн шалтгааныг "Economist” хэвлэл Дэлхийн банкны ерөнхий эдийн засагчийн албан тушаалыг нэг жил хагасын хугацаанд хашиж чадаагүй Пенни Голдбергийг чөлөөлсөнтэй холбон тайлбарлажээ.
"Хэрэг явдал эрчимтэй өрнөж байна. Бидний судалгааны ажлыг Дэлхийн банкны цахим хуудсанд байршуулжээ” гэж эдийн засагч Иорген Андерсон жиргэсэн байна. Банкны зүгээс дуулиан болсон судалгааны ажлыг нийтлэхийг хориглоогүй, дүгнэлт хэр их үндэслэлтэй болох талаар эргэлзээ байсан тул нийтлүүлэхийг хойшлуулсан хэмээн учирлажээ. Харин Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч Пенни Голдберг ажлаа өгөх болсон шалтгааныг ер тайлбарлаагүй. Блүмберг агентлагийн мэдээлж байсанчлан, Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс ажилтнууддаа хаягласан цахим захидалд Голдберг төрөлх Йелийн их сургуульдаа буцаж байна хэмээгээд "банкийг өндөр зэрэглэлийн эрдэм шинжилгээний ажил, судалгаагаар хангах талаар онц хичээл зүтгэл гаргасанд” талархал илэрхийлсэн байна.
Хулгайлсан уу эсвэл өөрөө урссан уу?
Андерсон мэргэжил нэгт нөхрийн хамт газрын тосны үнэ огцом өссөнийг дагаад газрын тосны улс орнуудаас оффшор бүс рүү мөнгө урсдаг үзэгдлийг одооноос хэдэн жилийн өмнө судалжээ. Скандинавын эрдэмтдийн энэхүү судалгааны ажил Дэлхийн банкны эдийн засагчдын нэгийнх нь сонирхлыг ихээхэн татсан аж. Төд удалгүй тэр гурав ижил төстэй төсөл хэрэгжүүлэхээр болсон нь олон улсын тусламж тухайн улс оронд орсноос хойш мөн ийм үзэгдэл ажиглагддаг эсэхийг олж илрүүлэх явдал байлаа.
Тэд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, тусламжаас ихээхэн хараат хорь орчим улс орноос шилжүүлж буй валютын гуйвуулгын талаарх мэдээллийг судалжээ. Эцэст нь тэд эдгээр улс орон ДНБ-ий нэг хувиас илүү хэмжээний тусламж авсан даруйд оффшор бүс рүү мөнгө урсдаг болохыг олж тогтоосон байна. Дунджаар нийт тусламжийн дүнгийн 7.5 хувьтай тэнцэх валют оффшор данс руу урсдаг байна. Гэхдээ үүнээс ч ихийг хумсалдаг байж болзошгүй гэж эдийн засагчид үзэж байна.
"Ийм даруухан хэмжээ бол хамгийн доод босго. Учир нь энд зөвхөн гадаад данс уруу гуйвуулсан мөнгийг л тусгасан бөгөөд үүнд үл хөдлөх хөрөнгө, тансаг эд зүйлс зэрэгт зарцуулсан мөнгө ороогүй” гэж судалгаанд дурджээ.
Судалгаанд Кыргызстан, Армен, Афганистан, Буркина-Фасо, Бурунди, Гана, Гайана, Гвиней-Бисау, Замби, Мавритани, Мадагаскар, Мозамбик, Малави, Мали, Нигер, Руанда, Сан-Томе и Принсипи, Сьерра-Леоне, Танзани, Уганда, Эритрей, Этиоп зэрэг 22 улс орон хамрагджээ. Эдгээр улсын Дэлхийн банкнаас авч буй тусламжийн хэмжээ эдийн засгийн хэмжээнээс харьцангуй их, орон нутгийн банкны тогтолцоо хөгжөөгүй эсвэл бүр байдаггүй тул гадагш чиглэсэн валютын урсгал илүү мэдэгдэхүйц байдаг тул эдгээр улсыг сонгосон аж. Арай чинээлэг улс орны хувьд Дэлхийн банкны зээл нь мөнгөний далайд дусал мэт тул оффшор бүс рүү энэ далайн хөвөөнөөс яг юу хальж урсаж буйг тодорхойлох бараг боломжгүй.
Судлаачид тэдний дүгнэлтийг өмнөх судалгаануудын дүгнэлт баталгаажуулж буйг онцолжээ. Гаднын хэтийдсэн тусламж авлигын үр хөврөлийг бий болгож, төрийн байгууллагуудыг ялзруулах чадалтай бөгөөд гаднын дэмжлэг туслалцаанаас хэт хараат улс орнууд дэлхийн нэн буурай, авлигад хамгийн их идэгдсэн орнуудын тоонд ордог гэдгийг эдийн засагчид энэ зууны эхээр нотолсон нь бий.
Сэтгэгдэл