Аз жаргал нь гэр бүлийн хүмүүсийнхээ инээд хөөр цалгисан тэр л царайг харахаас эхлэлтэй. Өнөө цагт алаг бяцхан үрс хүчирхийлэлд биш эцэг, эхийн халуун дулаан уур амьсгал хайр энхрийлэлд тэр болгон өсч чадаж байгаа болов уу? хүчирхийлэгч нь зөвхөн хүчирхийлэгчийг төрүүлдэг. Та ямар аргаар үр тарина түүнийгээ л хурааж авна. Бидний ирээдүй болсон алаг бяцхан үүрсээ хүчирхийлэлгүй нийгэмд өсгөхийн тулд та бидний оролцоо маргааш биш өнөөдрөөс эхлэлтэй. Үүгээрээ ч тэр цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг соён гэгээрүүлэх ХАЙР ӨВТГӨДӨГГҮЙ нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэ талаар бид Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүнтэй ярилцлаа.
-Он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хэчнээн бүртгэгдэв?
-Нийслэл хотын хэмжээнд эхний хоёр сарын байдлаар 4405 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 760 гэмт хэргээр буюу 14,7 хувиар буурсан. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 79 бүртгэгдсэн энэ нь мөн 63 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Харин нийслэл хотын хэмжээнд эхний хоёр сард 1369 зөрчил шалгаж 937 хүнд зөрчлийн тухай хуулийн 5-4т заасны дагуу арга хэмжээ авч ажилсан бөгөөд зөрчлийн шийдвэрлэлт 2,3 дахин өссөн.
-Хайр өвтгөдөггүй аяны хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас ямар ажлуудыг хийн хэрэгжүүлэн ажиллаж байна вэ?
-Хайр өвтгөдөггүй аяныг ЦЕГ-ийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сантай хамтран гуравдугаар сарын зургааны өдрөөс энэ сарын 27-иий өдрийг хүртэл зохион байгуулах ажиллаж байгаа юм. Арга хэмжээний онцлогийн тухайд гэвэл коронавирусын халдвар дэлхий нийтэд хурдацтай тархаж буйтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн цахим сүлжээгээр иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээллийн дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зөвлөмжийг хүргэхээр зохион байгуулалттай ажиллаж байна. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харъяа хэлтсүүд өөрийн цахим сайт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр аяны зорилго зорилт үйл ажиллагааны талаар мэдээллүүдийг тавьж байгаа.
-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилт ямар байна?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлснээр төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтран ажиллах уялдаа холбоог тусгаж хохирогчийн аюулгүй байдлыг хангаж, тусламж үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллагын алба хаагчид, иргэдийг гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага мэдээллийг мэдээлэх үүргийг хуулиар зохицуулж өгсөн. Энэ хуулийн хүрээнд цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг хүлээн авч гэм буруутай этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар хариуцлага оногдуулдаг.
-Хөл хорио тогтоосноор ахуйн хүрээний архидалт ихэссэн. Ахуйн хүрээний архидалт эцэстээ гэр бүлийн хүчирхийлэл үүсэх шалтгаан болоод байна уу гэж харж байна ?
-Цагдаагийн байгууллагад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн гишүүд хоорондоо маргалдан, зодолдсон хэргээр дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Хүчирхийллийн үндсэн шалтгаан нь архидалт. Архидан согтуурсны улмаас л гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг гардаг.
-Нийслэл хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл хэчнээн бүртгэгдэж байна?
-Нийслэл хотын хэмжээнд хоногийн хугацаанд 1200-1500 хэрэг бүртгэгддэг. Үүний 100-150 орчим нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид хамгийн түрүүнд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэлд очдог. Яагаад гэвэл хулгай, дээрмийн гэмт хэргээс илүү гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана хайртай дотны хүмүүсийн дунд үйлдэгддэг учраас энэ төрлийн дуудлага мэдээлэлд хамгийн түрүүнд тавигддаг. Мөн цаашлаад хүний амь нас эрүүл мэнд яригддаг учир энэ төрлийн гэмт хэрэг дээр очин тухайн газарт нь аюулын зэргийн үнэлгээ хийж хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх, хохирогчийг тусгаарлах энэ чиглэлийн арга хэмжээнүүдийг авч ажилладаг.
-Зарим иргэд тайлбар мэдүүлэг өгөхдөө би ганцхан удаа хүрсэн, зүгээр л түлхсэн гэж ярьдаг. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй нэг хэлбэрт тооцогдох уу?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн зуравдугаар зүйлд гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг тусгаж өгсөн. Биеийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн үндсэн дөрвөн хэлбэртэй. Зөрчлийн тухай хуулийн 5-4 т энэ төрлийн зөрчлийг үйлдсэн тохиолдолд долоогоос 30 хоногийн хугацаанд баривчлах, шийтгэл оногдуулж, зан үйлд нөлөөлөх 10-50 цагийн албадан сургалтад хамруулдаг бол удаа дараа баривчлах шийтгэл эдэлж засраагүй, байнгын хүчирхийлэл үйлддэг этгээдэд 6 сараас 2 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилж өгсөн.
-Иргэдийн хувьд энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зөрчлийн тухай хуулийн 5-4 болон эрүүгийн хуулийн 11-7 мөн энэ төрлийн сургалт мэдээллүүдийг цагдаагийн байгууллагаас тогтмол явуулдаг. Иргэддээ хандаж хэлэхэд ЦЕГ-ийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс, нийслэлийн цагдаагийн фэйсбүүк хуудаснаас энэ төрлийн гэмт хэргийн ангилал, шалтгаан, хэрхэн хүчирхийлэл үйлдэгч нь хүчирхийллээс татгалзах, хүчирхийллийн хохирогч нь хэрхэн өөрийгөө хамгаалах гэсэн мэдээллүүдийг тухайн хуудсуудаас авч болно. Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг анхны удаа гэж орхилгүйгээр өмнө нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан үгүйг тогтоогоод дахиж үүсэж болох нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилладаг
-Ярилцсанд баярлалаа
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл