26 секундын бичлэг 50 сая төгрөгт хүрлээ


erdenechimeg_15151

"Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, "Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай нар өчигдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд тамхи татаж, архидан согтуурч байгаа богино хэмжээний бичлэгийг цахим ертөнцөд тараасан нь онцлох үйл явдлын нэг байлаа. Мэдээллийг өгсөн сэтгүүлч Т.Алтаншагай "Энэхүү бичлэг надад зургаадугаар сарын 5-нд "Үнэнээ хэлэх мөч”-дөө оруулаарай, амжилт хүсье гэсэн дугтуйтай ирсэн . Дугтуйнд улаан өнгийн флэш байсан бөгөөд уншуулахад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ордонд халамцуугаар ёс бус үг хэлж байгаа бичлэг байсан. Шууд гаргах боломжгүй учир хуульч Х.Бат-Ялалттай зөвлөлдсөн” гэв.

rdene_2151Харин хуульч Х.Бат-Ялалт "Л.Эрдэнэчимэг гишүүн өөрөө архи, тамхины эсрэг хууль санаачлан баталчихаад Төрийн ордонд архидан согтуураад сууж байгааг харах үнэхээр шившигтэй санагдсан. Тиймээс энэхүү шударга бус, увайгүй үйлдлийг баримт, нотолгоотой олон нийтэд ил болгохыг зорилоо. Бичлэгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт үзүүлж, бичлэг ямар учиртай талаар асуухад тэр "дансаа өгчих” гэж хэлээд шууд 50 сая төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь зээл гэж бичсэн байсан. Харин энэ юун мөнгө вэ гэхэд "Насан туршийн зээл гээд бодчих” гэж хэлсэн” гэлээ.
Энэ үйл явдалтай зэрэгцээд нийгмийн сүлжээнд Л.Эрдэнэчимэг гишүүний "муухай”-г гайхах бас өмгөөлөх, нөгөө талаар Х.Бат-Ялалт болон Т.Алтаншагай нарын "хүн чанаргүй”-г гайхсан сэтгэгдлүүд дүүрч эхлэв. Х.Бат-Ялалт нь УИХ-ын 71 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа. Харин Т.Алтаншагай Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойрогт мөн л бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд Л.Эрдэнэчимэгийн өрсөлдөгч. Тиймээс олон нийт "эрчүүд нийлж байгаад эмэгтэй хүний нэр төрийг арчаагүй аргаар гутаалаа” гэж байгаа бол Л.Эрдэнэчимэгийг "Архи, тамхины эсрэг хууль санаачилсан хүн Төрийн ордонд өөрөө хэрэглээд, согтуурхаад сууж байгаа нь шившигтэй. Архи, тамхи ч яах вэ, хүний хэрэглээ. Гэхдээ энэ бичлэгийг битгий тараа гээд 50 сая төгрөг өгч байгаа нь тэнэг хэрэг. Одоо Л.Эрдэнэчимэгт хандаж хэлэхэд шууд буруугаа хүлээгээд нэрээ татаж, 50 сая төгрөгөө хэрэгтэй газар нь хандив болгоод өгчих. Тэгвээс улс төрөөс бүр мөсөн арчигдалгүй үлдэх боломжтой. Эс бол бүр мөсөн арчигдана. Одоо цусаар уйлаад ч нэмэргүй болчихлоо” гэцгээж байгаа юм.

hural_1515151"Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт мэдээлэл өгөхдөө энэ бичлэг УИХ-ын гишүүн Г.Уянгын гар утасны бичлэг гэдгийг нотлох үгийг хэлсэн. Учир нь, түүн рүү Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс утасдаад "Г.Уянга гишүүний алдагдсан утсан дээр байсан бичлэг танд очсон байна” гэж хэлсэн аж. Х.Бат-Ялалтыг "Ямар бичлэг вэ” гэж асуухад цагдаагийнхан "мэдэхгүй” гэж хариулсан байна. Ингээд Х.Бат-Ялалт Г.Уянга руу утасдаж асуухад тэр "Харин тийм ээ, Л.Эрдэнэчимэг гишүүн над руу аймаар ууртай яриад чиний бичсэн бичлэг Х.Бат-Ялалтын гарт очсон байна гэж уурласан” гэж хэлсэн юм. Сонирхол татаж буй өөр нэг мэдээлэл нь хэвлэлийн бага хурлын үеэр Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар Л.Эрдэнэчимэг гишүүний ХААН банкны дансаар Х.Бат-Ялалтад шилжүүлсэн 50 сая төгрөгийг бэлнээр авч ирсэн явдал. Мөн тэд Т.Бат-Ялалт, Л.Эрдэнэчимэг нарын хоорондоо ХААН банкны дансны дугаар тэмдэглэсэн мессеж
-Маргааш ажил эхлэхээр шилжүүлнэ
-Шилжсэн
-Зээл юм уу
-Насан туршийн зээл.. гэх мэт үг бүхий гар утасны товч захиаг томоор хэвлэн авч ирсэн байлаа. Уг баримтад үйл явдал энэ сарын 13-нд болж өнгөрснийг харуулж байв. Юутай ч 26-хан секундын бичлэг 50 сая төгрөг хүрсэн нь одоохондоо 2016 оны УИХ-ын сонгуулийн хамгийн топ сенсааци болов. Энэ мөнгө нь одоогийн ханшаар хоёр өрөө байр, дундаж цалинтай хүний найман жилийн хөдөлмөрлөсний цалинтай тэнцэх юм. Дуулиан дэгдсэний дараа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэрээ тэр "Х.Бат-Ялалт аа, чи надаас 50 сая төгрөг зээлж авсан биз дээ” гэв. Бас хэдэн эрчүүд нийлж байгаад эмэгтэй нэр дэвшигчид рүүгээ ингэж дайрч болохгүй шүү дээ гэсэн юм.

erdenchimeg_115151 Гэвч энэ үг нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгийн нэр хүндийг сэргээх үү, үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. Нөгөө талаар архи, тамхи хэрэглэж байгаа эмэгтэй хүний бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан эрчүүд, УИХ-ын гишүүн Л.Уянга нар ч сайн нэрийг сонсохгүй нь бололтой. Хүний мууд шившигтэйгээр дурлаж, эмэгтэй хүний нэр төрд бодох юмгүй халдаж, хүн чанаргүй үйлдэл гаргасан тэдний рейтинг Л.Эрдэнэчимэгтэй хамт уруудаж эхлээд байна. Харин УИХ-ын гишүүн Г.Уянгын "гар утсаа алдсан” гэдэг үгэнд олон нийт төдийлөн үнэмшиж өгөхгүй байна. Хүмүүс түүний Л.Эрдэнэчимэгийн согтуу бичлэгийг хийж чадсан зоригийг гайхахын хамт утсаа алдсан гэдэг үгэнд огт итгэхгүй байгаа билээ.

Эх сурвалж:


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.