Архангай аймгийн нутгаас олдсон богтог малгайн алтан цоховч болон сүүжин ээмэг


Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж буй.

Уг цувралын өнөөдрийн дугаарт XIII-XIV зууны үед холбогдох “Богтог малгайн алтан цоховч, сүүжин хэлбэрийн алтан ээмэг” үзмэрийг толилуулж байна.

  • Холбогдох он цаг: XIII-XIV зуун
  • Материал: Алт, тана, оюу, номин
  • Хэмжээ: Урт 6.15см, зузаан 0.3см, жин 14.7гр

2006 онд Монголын Үндэсний түүхийн музей, Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон улсын Хүрээлэн болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёлын Өв, Археологийн хүрээлэнтэй хамтарсан судалгааны баг Архангай аймгийн Хотонт сумын нутагт Дөрвөлжингүүд хэмээх дурсгалыг малтан судалсан байна. Уг дурсгал нь Уйгарын үеийн /745-840 оны/ үеийн дурсгалууд боловч “Хулхийн ам” хэмээх газарт буй нэгэн дөрвөлжинг малтах явцад тэнд хожим байгуулсан Монгол булшуудыг зайлшгүй малтан судлах шаардлага гарсан.

“Хулхийн ам”-ны 1 дүгээр Дөрвөлжин, 8 дугаар Монгол булшийг малтан шинжлэх явцад Богтог малгайн алтан чимэг, сүүжин хэлбэртэй ээмэг, гархи хэлбэрийн алтан ээмэг, сувд, үйсэн эдлэл зэрэг зүйлс олдсон байна. Үүнээс Богтог малгайн алтан цоховч, сүүжин ээмэг зэрэг олдворыг та бүхэндээ танилцуулж байна.

Тана оюу, номин зэрэг чулууг шигтгэсэн зургаан талт, хавтгай алтан чимэглэл олдсон уг булш нь биеэр жижгэвтэр залуухан эмэгтэй хүнийх байсан бөгөөд гавлын ясны дагзны доор наалдсан байдалтайгаар олдсон байна. Нүүр талын хавтгайн гурван талд зууван дугуй хэлбэрийн тана суулгасан, эдгээр танан шигтгээний завсарт оюу, номин зэрэг жижиг чулууг тусгай хоногт суулгасан байсны нэг чулуу нь гээгдсэн. Гол дундаа үймэр цагаан чулуун шигтгээтэй, алтыг цувин ургамлын гаралтай угалзарсан хээгээр нүүр талыг бүхэлд нь сүлжиж чимэглэсэн. Уг эдлэлийн ирмэгийг хөвөөлдүүлэн жижиг алтан үрлийг нэгэн жигд ойрхон гагнаж эмжсэн. Ар тал нь хавтгай, номин чулууны дээд талд гурван жижиг цоорхойтой.

Сүүжин хэлбэртэй алтан ээмэг нь эмэгтэйн аман хүзүүний ясан дээрээс гарсан нь мэрэгч амьтад зөөж тэнд аваачсан бололтой. Их биеийг нь алтаар хийсэн. Хоёр ширхэг сувдыг нэг ширхэг оюу чулууны хамт нарийн цувьсан алтыг голоор нь сүвлээд, төгсгөл хэсгийг нь их биед нь ороосон алтан ээмэг олджээ.

Эх сурвалж: Монголын Үндэсний музей


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.