СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д өдөрт шинээр бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ноос хойш анх удаа 30-аас бага тоонд хүрч буурчээ. Мөн халдварын голомт байсан зүүн өмнөд нутгийн Дэгү хотод анх удаа шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
“Пүрэв гарагт 27 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийнхөөс 12-оор буурсан бөгөөд нийт 10450 хүн халдвар авсан” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
БНСУ-д хоёрдугаар сарын 29-нд хамгийн олон буюу 909 тохиолдол бүртгэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо буурч, сүүлийн таван хоног дараалан ойролцоогоор 50-д хүрсэн боловч сүмүүд, эмнэлгүүдэд шинэ голомт үүсэж болзошгүй байгаагийн зэрэгцээ зөөвөрлөгдөн ирэх тохиолдлуудын тоо нэмэгдэж байгаа тул холбогдох албаны төлөөлөгчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан хэвээр байгаа юм.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, халдварын улмаас нас барсан хүний тоо пүрэв гарагт дөрвөөр нэмэгдэж, 208 болжээ. Мөн нийт 6973 хүн эдгэрсэн байна. Халдвар хамгийн их тархсан Дэгү хотод 6807, Умард Гёнсан мужид 1327 хүн халдвар авчээ. Тухайн өдөрт шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын тав нь Сөүл хотод, ес нь Гёнги мужид бүртгэгджээ.
Мөн хилийн шалган нэвтрүүлэх цэгүүд дээр дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэнээр зөөвөрлөгдөн ирсэн нийт тохиолдлын тоо 869-д хүрчээ. Өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоог 50-аас цөөн байлгахыг эрмэлзэж буй БНСУ-д зайнаас харилцах хатуу дүрмийн хугацааг энэ сарын 19 хүртэл сунгажээ. Тус улсад өнөөдрийн байдлаар нийт 503051 хүнийг шинжилгээнд хамруулсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл