Сүүлийн 24 цагийн хугацаанд Токио хотод коронавирусийн халдварын 47 шинэ тохиолдол нэмэгдсэн тухай тус хотын захирагч Юрико Койке өчигдөр буюу Ням гарагт мэдээлжээ. Энэ нь тавдугаар сарын 5-ны өдрөөс хойш нэг өдөрт илэрсэн хамгийн их тохиолдол болж байна.
Дээрх тохиолдлуудын 18 нь Токио хотын шөнийн цэнгээний газруудаас гаралтай байжээ. Өмнөх өдөр нь тус хотод 24-өөр бага тооны тохиолдол бүртгэгдэж байв. Тиймээс шөнийн цэнгээний газруудаас тахлын хоёр дахь давалгаа эхлэх аюул нүүрлээд байгааг Койке өчигдөр анхааруулжээ.
Өчигдөр захирагч Японы засгийн газрын цар тахал хариуцсан сайд Нишимуратай уулзахдаа эхний ээлжинд шөнийн амьдралаараа алдартай Кабукичо дүүрэгт халдвараас сэргийлэх арга хэмжээ авахаар тохиролцсон байна. Коронавирусийн цар тахалтай холбогдуулан Япон даяар зарласан онц байдлын дэглэмийг тавдугаар сарын 25-наас эхлэн цуцалсан юм. Гэвч халдварын тохиолдлууд зарим бүс нутагт дахин өсөх хандлага ажиглагдсаар байна. Тухайлбал зургаадугаар сарын турш Токио хотод өдөрт илэрдэг тохиолдлын тоо хоёр оронтой тооноос буухгүй байгаа юм.
Сүүлийн байдлаар Японд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо нийтдээ 17,529 хүрээд байна. Үүнд Diamond Princess аяллын хөлгөөс илэрсэн 712 тохиолдол багтаагүй юм. Уг хөлөг дээр нас барсан хүмүүсийг оролцуулаад нийтдээ 940 хүн Covid-19 өвчнөөр нас баржээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Kyodo News
Сэтгэгдэл