Америкийн хэвлэл мэдээллийн магнат Шэри Рэдстоуны хүүг хорио цээрийн дэглэм зөрчсөн шалтгаанаар нутаг дэвсгэрээсээ албадан гаргах шийдвэрийг Израйлийн эрх баригчид Ням гарагт гаргажээ. Шэри Рэдстоун нь АНУ-ын томоохон медиа компани болох ViacomCBS-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хамгийн том хувь эзэмшигч Самнер Рэдстоуны охин юм. Түүний хүү Брэндон Корф нь Израйлийн армид алба хааж буй дүүгээ эргэж очих зорилгоор хилээр нэвтрэх тусгай зөвшөөрлийг тус улсын цагаачлалын албанаас аваад байсан юм. Гэвч Баасан гарагт Израйльд ирсэн тэрээр 14 хоног тусгаарлагдах журмыг зөрчиж, нууцаар Израйлийн иргэн найз бүсгүйтэйгээ уулзсан нь илэрчээ.
30 гаруй настай Брэндон Корфийн найз бүсгүй нь 18 настай модель Яйл Шелбиа юм байна. Корфийн найз бүсгүй одоо Израйлийн армид хугацаат цэргийн албаа хааж байгаа бөгөөд өмнө нь Израйлийн бэлэн хувцасны Renuar компанийн сурталчилгаанд зураг авхуулж байжээ. Бас Ким Кардашяны KKW гоо сайхны брэндийн сурталчилгаанд оролцож байсан юм. Израйль улс коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор гуравдугаар сараас эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй болсон бөгөөд гадаадаас ирсэн өөрийн иргэдийг 14 хоног тусгаарлаж байгаа. Мөн Израйльтай ажил хэргийн болон гэр бүлийн хэлхээ холбоотой гадаадын иргэдийг тусгай зөвшөөрлөөр нэвтрүүлж байгаа юм.
Р.Төмөр
Эх сурвалж: Associated Press
Сэтгэгдэл