Энэтхэг-Хятадын хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр Энэтхэгийн талаас 20 цэрэг амь үрэгджээ


Даваа гарагаас Мягмар гарагт шилжих шөнө Кашмирийн Ладакт гарсан хилийн мөргөлдөөний үеэр Энэтхэгийн талаас 20 цэргийн алба хаагч амь үрэгдсэнийг тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ. Энэ нь Энэтхэг, Хятад хоёр улсын хооронд сүүлийн 60 орчим жилийн хугацаанд тохиолдоогүй их хохиролтой мөргөлдөөн юм. Энэтхэгийн тал эхлээд гурван цэрэг нь амь үрэгдсэн тухай мэдээлж байсан бол сүүлд нэмж 17 цэрэг амиа алдсаныг мэдээлжээ. Хэд хэдэн цэрэг сураггүй болсон тул хохирлын тоо нэмэгдэх магадлалтай байна. Хятадын талаас ч цэрэг амь үрэгдсэн гэж Энэтхэгийн тал үзэж байна. Харин Бээжингээс хохирлын талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа юм. Энэтхэгийн хилийн цэргүүд Хятадын цэргүүдтэй Хималайн уулсын нарийн замтай хэсэгт гэнэт тулгарсан нь мөргөлдөөн үүсэх шалтгаан болжээ. Эхлээд Энэтхэгийн цэргүүдийн ахлагчийг Хятадын цэрэг түлхэж хавцал руу унагаснаас мөргөлдөөн эхэлсэн байна. 

Үүний дараа талууд араасаа нэмэлт хүч дуудаж, нийт 600 орчим цэрэг оролцсон гар тулаан эхэлжээ. Мөргөлдөөнөөс сэргийлэх үүднээс хоёр улсын хилийн цэргүүд галт зэвсэггүй явдаг юм байна. Тиймээс нүцгэн гар, мод, чулуу, төмөр саваагаар тулалджээ.

Эцэст нь хоёр талаас хэд хэдэн цэрэг хавцал руу унаж, амь үрэгдсэн гэнэ. АНУ хил дээр гарсан хэрэг явдлыг анхааралтай ажиглаж, зөрчил энхийн замаар шийдэгдэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ. АНУ нь Хятадтай бүх салбарт дайсагналцаж байгаа бол Энэтхэг улстай холбоотны харилцаатай юм. Сүүлийн үед Энэтхэг, Хятадын цэргүүд маргаантай хилийн бүс нутагт хэд хэдэн удаа мөргөлдөөн үүсгээд байгаа. Хималайн уулсын зүүн хэсэгт орших 90,000 км.кв нутаг дэвсгэр, баруун талд орших 38,000 км.кв газрыг хоёр улс булаацалдан маргадаг. 1962 онд хоёр улс хилийн маргаанаа хүчээр шийдэхээр дайтаж байсан удаатай. Одоо хоёр улсын зэвсэгт хүчний удирдлагууд зөрчлийг намжаах зорилготой хэлэлцээ хийж байгаа ажээ. 

Р.Төмөр 

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.