Өмнөд Солонгост коронавирусийн халдвар тараасан сүмийн тэргүүнийг баривчилжээ


Өмнөд Солонгосын коронавирусийн тахлын хамгийн том голомт болж байсан сүмийн тэргүүнийг өчигдөр өглөө цагдаа нар баривчилжээ.

Есүсийн Шинчонжи сүмийн тэргүүн, 88 настай Ли Ман Хэг чухал мэдээлэл нууж, вирусийн тархалттай тэмцэх үйл ажиллагаанд саад учруулсан гэж буруутгасан байна.

Түүний тэргүүлдэг шашны бүлгийн гишүүн 5,000 гаруй хүн коронавирусийн халдвар авсан нь Өмнөд Солонгост бүртгэгдсэн нийт тохиолдлын 36 орчим хувь болсон юм.

Сүмийн захиргаа Ли Ман Хэг гишүүдийнхээ хувийн мэдээллийг задруулахаас санаа зовж байсан хэдий ч засгийн газраас юуг ч нуугаагүй хэмээн тайлбарлаж байна.

Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар 14,336 халдварын тохиолдол бүртгэгдэж, 300 хүн нас бараад байгаа.

Мөрдлөгийн явцад Ли Ман Хэгийн зарим баримт материалаа устгасныг батлах сэжүүр олдсон тул шүүхээс баривчлан сааатуулах шийдвэр гаргажээ.

Түүнийг бас хөл хорионы үеэр зөвшөөрөлгүй шашны цуглаан зохион байгуулсан, 5.6 тэрбум воны хөрөнгө хувьдаа завшсан хэрэгт буруутгасан байна.

Ли Ман Хэ нь Шинчонжи сүмийг 1984 онд байгуулж, өөрийгөө Есүсийн хойд дүр гэж зарлаж байжээ. Шинчонжи нь “шинэ диваажин ба газар дэлхий” гэсэн утгатай үг юм.

Тус сүм 230,000 орчим гишүүнтэй. Тэд Ли Ман Хэг ирээдүйд шилж сонгосон 144,000 дагагчийнхаа хамт диваажинд очино гэдэгт итгэдэг ажээ.

Энэхүү шашны байгууллага Өмнөд Солонгосоос гадна Хятад, Япон, Зүүн Өмнөд Азийн орнуудад нийтдээ 20,000 гаруй гишүүнтэй гэсэн мэдээлэл бий.

Эх сурвалж: BBC

Э.СЭМҮҮН, IKON.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.