Өмнөд Солонгост нэг өдөрт бүртгэгдсэн Covid-19 халдварын тохиолдол 300-г давлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 324 тохиолдол шинээр бүртгэгдсэнийг өнөөдөр зарлалаа. Ингэснээр тус улсын нийт халдварын тохиолдол 16,670 болж нэмэгдэж байна.

Энэ оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс хойш анх удаа нэг өдөрт 300-аас дээш тооны тохиолдол бүртгэгдсэн нь энэ юм.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагаас хойш өдөр бүр 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж, найман өдөрт нийт 1,900 орчим тохиолдол илрээд байна.

Коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа нийслэл Сөүл хот болон түүний ойр орчмын бүс нутгийг хамарчээ. Энэ хэсэгт Өмнөд Солонгосын 51 сая хүн амын хагас нь амьдардаг.

Халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид хорио цээрийн дэглэмийг чангатгаж болзошгүй болоод байна. Өнөөдөр зарласан 324 тохиолдлын 315 нь дотоодод дамжсан тохиолдлууд байгаа юм.

Хоёр дахь давалгааны гол төв болсон Сөүлийн хойд дүүргийн Саран Жэйл христийн шашны сүмээс гаралтай нийт 676 тохиолдол бүртгэгдээд байна.

Өчигдөр тус улсад коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нэмж нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 309 болжээ.

Энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгост нийт 1,754,123 оношилгоог хийж гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж: Yonhap News


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.