Уулын карабахад гал зогссон ч Арменд "ТҮЙМЭР" дэгдлээ


Уулын карабахад гал зогссон ч Арменд "ТҮЙМЭР" дэгдлээ

 

Уулын Карабах дахь байлдааны ажиллагааг зогсоох тухай хэлэлцээрт Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Оросын удирдагч Владимир Путин нартай хамт гарын үсэг зурсан талаар Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мэдээлжээ. ArmInfo агентлагийн мэдэгдлээс харахад, тус бүс нутагт Оросын энхийг сахиулагчид орох бөгөөд Армен улс арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө "Азербайжаны Газах район дахь Арменийн талын хяналтад байгаа Агдамын район болон түүний газар нутгийг” Азербайжанд эргүүлэн өгөх үүрэг хүлээгээд байгаа аж.

Уулын Карабах руу Оросын энхийг сахиулагчдыг оруулах талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдээлэхдээ.

Тэрбээр: "Арваннэгдүгээр сарын 9-нд Азербайжаны Ерөнхийлөгч Алиев, Армен улсын Ерөнхий сайд Пашинян, ОХУ-ын Ерөнхийлөгч нар 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд Москвагийн цагаар 00 цаг 00 минутад Уулын Карабахын бүс нутагт бүхий л байлдааны ажиллагаа болон гал бүрэн зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурцгаалаа” хэмээн мэдэгджээ.

Мягмар гарагийн өглөөгүүр Оросын цэргийнхнийг тээвэрлэсэн зургаан онгоц Уулын Карабахыг зорьж тус улсын Батлан хамгаалах яамны зүгээс уг ажиллагааг илтгэх зургуудыг нийтэлсэн байна. Цэргийн техникийн цуваа Ульяновскийн нисэх буудал руу явж, тэндээсээ Карабах руу зөөгдөж байна.

Цэргийн төв тойргийн 15-р мотобуудлагын бригадын анги нэгтгэлүүд энхийг сахиулагчдын багийг бүрдүүлж байгаа бөгөөд.

"Мэдэгдлийн үг, өгүүлбэр бүр миний хувьд болон манай ард түмний хувьд маш хүндээр тусаж байна. Би шинжээчдийн үнэлгээ  болон дайны нөхцөл байдалд гүн гүнзгий анализ хийсний эцэст энэхүү шийдвэрийг гаргасан” хэмээн Пашинян өөрийн фэйсбүүк хуудсанд өгүүлсэн аж.

Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев мөн өөрийн ард түмэнд хандан мэдэгдэл хийжээ. Алиев хэлэлцээрийн нөхцлүүдийг тоочин дурдаад, энэхүү хэлэлцээр нь Азербайжаны болон Арменийн ард иргэдийн эрх ашигт нийцэж байгаа Карабах дахь дайнд ялалт байгуулсан гэдгээ зарласан аж.

"Байлдааны идэвхтэй үе дуусаж, улстөрийн үе шат эхэлж байна. Зөрчил мөргөлдөөнийг тулааны замаар шийдэж болдгийг бид баталлаа” хэмээн Азербайжаны Ерөнхийлөгч өгүүлээд, "Карабах дахь энхийг сахиулагчдын төвд Оросын болон Туркийн цэргийнхэн байрлах болно” гэж мэдэгдсэн байна. 

ArmInfo мэдээллийн агентлагийн сайтад тавигдсан хэлэлцээрийн баримт бичигээс харахад, "Уулын Карабах дахь мөргөлдөөний шугамын дагуу болон Лачинскийн хонгилын дагуу” байрлах Оросын энхийг сахиулагчдын бие бүрэлдэхүүнд галт зэвсэг бүхий 1960 цэргийн албан хаагч, 90 ширхэг хуягт тээврийн хэрэгслүүд, 380 ширхэг автомашин болон тусгай техник хэрэгслүүд багтаж байгаа аж.

 

Талууд юуны тухай тохиролцсон бэ.

 

Уг баримт бичигт дараах зүйлс тусгагджээ. Үүнд:

-Хэрэв талуудын аль нэг нь хугацаа сунгахаас өмнө хагас жилийн хугацаанд татгалзахыг хүсэхгүй байвал Оросын энхийг сахиулагчид автоматаар сунгагдах замаар мөргөлдөөний бүс нутагт таван жил байршина.

-Армен улс арваннэгдүгээр сарын 15-наас өмнө Кельбажар район, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө Лачинскийн районыг тус тус Азербайжанд эргүүлэн өгөх хариуцлага хүлээнэ. Харин Уулын Карабахыг Арментэй холбодог 5 км өргөнтэй Лачинск хонгилыг Армен улс өөртөө үлдээх бөгөөд ингэхдээ Шуша хотыг хөндөхгүй.

-Уулын Карабах болон зэргэлдээх районууд руу дүрвэгчид буцаж ирэх үйл явц НҮБ-ын хяналт дор явагдана.

-Азербайжаны баруун талын районууд болон Нахичеванскийн өөртөө засах улсын хооронд иргэд, тээврийн хөдөлгөөнийг саадгүй зохион байгуулахын тулд Армен улс тээврийн холболтоор хангана. Тээврийн мэдээллийн хяналтыг Оросын Холбооны Аюулгүй байдлын Зөвлөлийн хилийн албаны байгууллагууд гүйцэтгэнэ.

"Энэ бол ялалт биш, бас чи өөрийгөө ялагдсанд тооцохгүй байгаа бол ялагдал ч биш юм” хэмээн Пашинян фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ. "Бид хэзээ ч өөрсдийнхөө ялагдлыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ нь манай үндэстний эв нэгдэл, сэргэн мандалтын эриний эхлэл болох ёстой. Өнгөрсөн үеийнхээ алдааг давтахгүй, ирээдүйгээ төлөвлөхийн тулд бид тусгаар тогтнолын он жилүүдээ үнэлж дүгнэх ёстой” хэмээн тэрбээр онцлон дурдсан аж.

 

Жагсагчид Арменийн парламентын болон Засгийн газрын байр руу дайран орлоо

 

Уулын Карабах дахь энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал тодорхой болсны дараахан Ереваны төв хэсэгт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа эхэлж, Засгийн ордны өмнөх талбай дээр цугларсан хэдэн мянган хүн хамгаалалтыг эвдлэн байшин руу нэвтэрсэн байна. Тэд хаалга, цонхыг эвдлэн, Пашиняны албан өрөөний хаягийг хуулж хаясан аж.

Сэтгүүлчдийн мэдээлснээр, хэргийн газарт цугларсан хүмүүс төрийн захиргааны байр руу дайрахаар оролдож, тэнд байгсдын ихэнх нь болж буй үйл явдлыг ажиглах маягаар зогсож байсан гэжээ. Тэдгээр хүмүүс уг хэлэлцээрт Никол Пашиняны гарын үсэг зурсан явдлыг урвалт, тэр ч бүү хэл, Армен улс бууж өгсөнтэй адил хэмээн тооцож байгаа аж.

Эсэргүүцлийн хөдөлгөөнийхний эдгээр үйлдлүүдэд цагдаа нар хориг саад тавиагүй бөгөөд жагсагчдын нэг хэсэг нь Пашиняны амьдардаг эдлэн рүү хөдөлсөн байна. Тухайн газар нутгийг хамгаалдаг хууль сахиулагчдын өгүүлснээр, "Ерөнхий сайд гэртээ байхгүй, жагсагчид болон цагдаагийнхны хооронд зөрчил мөргөлдөөн үүсэхэд бэлэн байна" гэжээ.

Түүнээс гадна, зарим жагсагчид Арменийн парламентын байр руу дайрч орон, хуралдааны танхимыг эзлээд: "Бид Никол Пашиняныг гарч ирэхийг шаардаж байна. Тийм хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг хэн түүнд олгосон юм бэ” хэмээн чанга яригчаар хашгирсаар байсан аж. Мөн Арменийн парламентын дарга Арарат Мирзоян руу хэсэг жагсагчид дайран, балбаж зодсоны улмаас гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.