Түүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил зургаан сар хорих ял оноосныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн юм. Нийслэлийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 19.6-1, 22.1-1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан шатны шүүхэд хэргийг өнгөрсөн тавдугаар сарын 5-72нд хэлэлцсэн.
Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-1,2 дахь хэсгийг нэгтгэн, шүүгдэгч М.Энхсайханд дөрвөн жил зургаан сар хорих ял оноосон юм. Мөн түүний нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, ингэхдээ хорих ял эдэлж дууссан өдрөөс эл хугацааг тооцохоор шийдвэрлэсэн. Харин Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, М.Энхсайханыг хорих ялын хугацааг зургаан сараар багасгах тогтоол гарган, бусад шийдвэрийг хэвээр үлдээв.
М.Энхсайханыг "Тавантолгой”-н нүүрсний ордыг ашиглалтад оруулах гэрээ байгуулах ҮАБЗ-ийн зөвлөмж гаргасан, УИХ-ын тогтоол зөрчин, хөрөнгө оруулагч "Шинхуа Энержи”, "Энержи Ресурс” болон "Сумитомо корпорац”-ын түншлэлд давуу тал олгосон гэж шүүх үзсэн байдаг. Мөн төрсөн дүү болон түүний хүүгийн нэр дээрх "ЕАС” ХХК-иас "Лексус-570” загварын автомашиныг "Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид тухайн үеийн зах зээлийн ханшаас 55 сая төгрөгөөр илүү үнээр худалдан авч эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан буруутайд тооцсон.
Уг хэрэг анх маш дуулиантай эхэлж байв. Ерөнхий сайдын албыг хашиж байсан хүн эх орноосоо урвасан хэмээн Эрүүгийн хуулийн хатуу зүйл ангиар буруутгаж байгааг хуулийнхан мэдэгдэж байсан. Гэвч хэргийн шийдвэрлэлтийн явцад энэ зүйл анги хэрэгсэхгүй болж, машин өндөр үнээр худалдаж авсан гэх хэрэгт буруутгагдсан юм.
М.Энхсайханыг шалгасан хэрэгт улс төр орсон гэдгийг дээр дооргүй ярьдаг. Тэр бүү хэл хэрэг шалгахад хуулийн ноцтой алдаа гарсан талаар хуульчид ярих боллоо.
Энэ тухай хуулийн үндэслэлийг гаргасан нэгэн хуульчийн тайлбарыг танилцуулж байна.
"Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хэд хэдэн ноцтой алдаа гарсан байна.
Нэгдүгээрт,
Засгийн газрын тогтоолын төсөл танилцуулсан гэх үйлдэл нь
- Хорлон сүйтгэх /19.6/,
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах /22.1/ гэсэн 2 зүйл ангиар буруутгагдаж, үүнээс Хорлон сүйтгэх гэх үйлдлийг нь тусгаарлаад нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.
Хорлон сүйтгэх гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэсэн ойлголт олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр гарсан нь худлаа болж таарлаа. Шинэ эрүүгийн процессын хувьд гэмт хэрэг үйлдсэнийг нь нотол, хэрэв нотолж чадахгүй бол хэрэгсэхгүй болгох хуультай ч нэмээд яллаад ир гэж буцаасан нь процессын ноцтой зөрчил юм. Энгийнээр бол Оросын Ходорковский шиг "хорьж байгаад нэмж ял өг” гэдэг зарчимаар шийдвэрлэсэн нь хүний эрхийн талаасаа ч зөвтгөгдөх боломжгүй юм. Нэг үйлдэлд 2 өөр зүйл ангиар өөр цаг хугацаанд давтан ял шийтгэх тухай шийдвэр шүүх гаргасан байна.
Хоёрдугаарт М.Энхсайханы шууд оролцоог нотлоогүй атлаа түүнийг хамаатуулж үзсэн Таван толгой төсөлд машин худалдсан гэх үйлдэлд буруутгасан байна. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан /5 жил 2 сар/ боловч шүүхээс гэмт үйлдлийг таслан зогсоосноор хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн урьд хожид огт сонсдоогүй дүгнэлт өгсөн байна. Хэзээ ч хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй юм байна. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоолох тухай Эрүүгийн хуулийн зохицуулалт бий /1.10.1/, УДШ-ийн тайлбар /2010 оны 20 дугаар тогтоол/ ч бий. Энэ хэсэг бол харин хүчээр яллах зорилготой харагдаж байна.
Цаашлаад, цагаатгах талын баримтыг шүүх ор тас мартсан, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хохирол нотлохгүй ял өгсөн /угаас гэрээний төсөл боловсруулсан үйлдэлд хохирол байхгүй-гэрээ байгуулагдаагүй гэдгийг санаарай/, Засгийн газрын гишүүд, ажлын хэсгийн хамтын шийдвэрээс ганц М.Энхсайханыг сугалж ялласан, Ерөнхий сайд УИХ-д Засгийн газрын тогтоолын төсөл танилцуулагдаад буцаагдсан үйл явдалд Ерөнхий сайдыг алгасаад салбар хариуцсан сайдыг гэмт хэрэгт буруутгасан зэргээс үзэхэд хуульч хүний хувьд гэм буруутай гэж ял өгөх үндэслэлгүй” гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn
Б.ЗАЯА
Сэтгэгдэл